Л.Цандэлэг: Хоёрхон хүнд зориулж шийдвэр гаргадаг дарга нар ичээсэй
Чанаргүй улаанбуудай тариалсан хэмээн газар тариаланчдыг буруутгаж буй. Харин үүнийг тэд эсэргүүцсээр байгаа юм. “Шим” группийн захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг “Бизнес, хөгжил” буланд урьж ярилцлаа.
-Өнгөрсөн хавар маш сайн үрээр тариалсан гэж байсан. Гэтэл улаанбуудайн чанар яагаад муу байна гэж яриад байна вэ?
-Биднийг хавар тариа тарьж байхад “Таванбогд”-ын Баатарсайхан хойноос буудай оруулж ирсэн шүү дээ. Учир нь манай улс жилд дунджаар 250-иад мянган тонн гурил иддэг байлаа. Гэтэл 2.5 сая тонн улаанбуудай тээрэмдэх том, жижиг нийлсэн 77 компани бий. Түүнээс гадна энэ намар Дархан-Уул аймагт хоногт 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр ч үйлдвэр байгуулагдсан.
Үнэн хэрэгтээ бидний намар хурааж авсан будааг бүх компаниуд худалдаж авбал гурилын том үйлдвэрүүд өөрийн хүчин чадлаараа хоёр сар ажиллах боломжтой. Тиймээс үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд башир арга хэрэглэн импортоор улаанбуудай оруулж ирж байгаа юм. Гэтэл одоо гурилын үйлдвэрүүдэд 60-аад мянган тонн гурил зарагдаагүй байна. 70-80 мянган тонн улаанбуудай хадгалаастай байна. Мөн гэрээ хийчихээд авч чадаагүй 40 мянган тонн, ТЭДС-д 32 мянган тонн улаанбуудай байгаа юм. Энэ нь ирэх аравдугаар сард шинэ тариа гартал дутагдаж, гачигдахгүй хэмжээний нөөц. Манай улс хүнсний стандартын хуультай. Гэтэл намар тариаланчдаас улаанбуудай авсан. Хэрэв чанаргүй будаа авсан гэж үзэж байгаа бол тэд өөрсдөө хариуцлагагүй байсны илрэл. Тэгэхээр мэргэжлийн байгууллагууд нь чанаргүй гурил үйлдвэрлэж байгаа “Улаанбаатар гурил”, “Од” группийн гурилыг хааж, лацдах хэрэгтэй. Учир нь тэд өөрсдөө муу гурил үйлдвэрлэж байгаагаа зарлаад байгаа шүү дээ. Өөрсдийг нь шалга гээд байгаагийн учир нь намар тэдний оруулж ирсэн будаа маш муу гэдгийг гаалийн баримт нотолдог юм. Өөрөөр хэлбэл, гуравдугаар зэргийн малын тэжээлийн зориулалттай будаа авсан. Гэтэл тариаланчдыг гүтгэж байгаа нь харамсалтай. Бид анх удаа тариа тарьж байгаа юм шүү дээ. Будааны цавуулагийг шалгах лаборатори бүх гурилын үйлдвэрт бий. Мэдээжийн зүйл дээр булхайцаж байна. Одоо хүртэл гурилын үйлдвэрүүдээс тариаланчид мөнгөө авч чадахгүй байна. Учир нь агуулахаар нь дүүрэн зарагдаагүй гурил байхад яаж төлбөрөө барагдуулах вэ. Яагаад гэвэл, хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан нь нөлөөлж байна. Ер нь монгол хөрсөнд ургасан буудайг чанаргүй гэчихээд Оросоос малын тэжээлийн буудай авч байгааг ойлгохгүй байна.
-Бид ч гадаад гэхээр л төгс төгөлдөр хэмээн хошуурцгаадаг шүү дээ?
-Түүнээс гадна оросоос оруулж ирж байгаа буудайнд цацраг өндөр байдаг. Учир нь тэд химийн бодис их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн хойд хөрш маань хорин жилийн нөөцтэй байдаг юм. Тэгэхээр Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нарын оруулж ирж байгаа буудай шинэ ургацынх байж чадах уу гэдэг ч бас эргэлзээтэй. Хадгалалтын хувьд ч асуудалтай. Улсаас агуулах гаргаж өгдөг гэвэл ташаа ойлголт. Хувь хүмүүс, компаниуд нь өөрийн агуулахдаа хадгална. Тэр нь модон байшингууд шүү дээ. Өмнө нь Казахстанаас оруулж ирсэн буудайнаас өт хорхой илрэн бөөн дуулиан болж байсан гашуун туршлага бий. Гэтэл одоо долоон вагон буудай ороод ирчихсэн л байна шүү дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудайны импортыг зогсоосон хэмээн шуугиж байсан. Гэтэл тэр нь худлаа болж таарч байна. Ерөнхий сайддаа захирагддаггүй, том толгойтой хүмүүс хэн бэ гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй.
-Энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан гэж сонссон. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Тэгсэн. Гэхдээ маш тааруу хариулт өгсөнд нь сэтгэл гонсгор байна. Учир нь Ч.Сайханбилэг “Тиймээ, уг нь 80 мянган тонн гэж орж ирснийг 40 мянган тонн улаанбуудай болгож цохолт хийсэн” гэж надад хэлсэн. Ерөнхий сайд болохоосоо өмнө тариаланчдын төлөө олон сайхан зүйлийг хийнэ хэмээн амалж байсан хаачив. Ганц хоёрхон хүний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Үүний цаана 300 мянган тариаланч байгаа гэдгийг огт тоосонгүй. Гэтэл түүний мэдэлд байдаг хүнсний аюулгүй байдлын агентлагийг татан буулгах хэрэгтэй. Тэд хээл, хахуулиар ажил явуулж байна. Яагаад гэвэл баян, хөрөнгөтэй компаниудын хүсэлтийг биелүүллээ. Энэ нь ганц удаагийнх биш хоёр дахь нь болж байгаа учраас шалгах хэрэгтэй байгаа юм. Уг нь импортын буудай оруулж ирэхэд тендер зарлах ёстой. Гэвч үүнийг зөрчсөн гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Ийнхүү 40 мянган тонн буудай оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болгож тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалыг ажлаас нь халсан гэж байгаа юм. Мөн тус яамны Хүнсний газрын даргыг цалингийн 30 хувиар торгосон гэдэг. Тэгсэн хэрнээ Р.Бурмаа сайд өөрөө 20 мянган тонныг импортлох зөвшөөрөл олгосон байх юм. Хоёр адуу хулгайлсан хулгайчийг барьчихаад нэгийг нь өөрт өгөөд явуулчихаж байгаатай яг адил. Ер нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд олигтой хүн заяахгүй байгаа нь харамсалтай. Сонгуулиас хойш шинэ Засгийн газрууд тариаланчдын эсрэг ажиллагаа явуулсаар ирсэн. Эхний сайд Х.Баттулга гурилын үнийг буулгасан, Ш.Түвдэндорж нь Ц.Баатарсайханы захиалгаар буудай оруулсан. Ингээд Р.Бурмаа сайдыг эмэгтэй хүн байна тариаланчдад арай өөр хандах байх гэсэн хүлээлт байсан юм. Гэвч шударга царайтай энэ нөхөр нүүр лүү минь харж байгаад ус цацчихлаа. Бас л Ц.Баатарсайханд худалдагдчихлаа гэж харж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооё гэж яриад байгаа юм шүү дээ.
-Одоо та бүхэнд тулгарч байгаа ямар хүндрэл байна?
-Өнөөдөр бид будаагаа зарж чадаагүй, мөнгөө аваагүй байна. Монголын тариаланчдын будаа зарагдахгүй, агуулахад хадгалаастай байхад импортын будаа оруулж ирж байгаа нь арай дэндсэн асуудал. Харамсалтай нь манай улсын Ерөнхий сайд биднийг үл тоомсорлоод зогсохгүй “Та нар жагсч нэгд. Би та нараас мөн ч их айна даа” гэж байгаад нь хэлэх үг олдохгүй сууна. Ер нь буруу зүйл хийсэн хүн ч андашгүй харагддаг юм.
-Агуулахад хадгалагдаж байгаа будааны чанарыг шалгах комисс гаргасан байна лээ. Та үүнийг юу гэж бодож байна?
-Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар хоёр будаа чанаргүй гэсэн учраас үлдэгдэл будааг нь шалгах комисс томилж байх юм. Үнэн хэрэгтээ тэдний худалдаж авсан будаа чанаргүй байгаа болохоос тариаланчдын хөлсөө дуслуулан байж тариалсан будаа муу биш. Зүй нь дээрх хоёр этгээдийн агуулахад байгаа будааг шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл, тэд гомдол тавьсан шүү дээ. Бусад 70 гаруй гурил үйлдвэрлэгч гомдол гаргаж байна уу. Бодох л асуудал. Ерөнхий сайд нь хүртэл Ц.Баатарсайханы төлөө ажиллаж байна. Нутаг нугаараа талцаж ажиллана гэдэг байж болох асуудал уу. Нөхөр Ц.Баатарсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан бололтой. Учир нь намайг Ерөнхийлөгчтэй уулзахад “Та нарт будаа байхгүй юм биш үү” гэж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын будаа байхгүй, чанаргүй гэдэг ярианы гүйцэтгэгч нь Ц.Баатарсайхан болж байна. Одоо тариаланчид юу гэж байна вэ гэхээр. Ц.Баатарсайхан, Ч.Сайханбилэг, Р.Бурмаа нарыг халз мэтгэлцээнд дуудна. Манай тариаланчдын холбооноос комисс томилон ажиллаж байна. Эндээс хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ард түмэн ойлгох байх. Түүнээс гадна хүний юмыг авч эдэлж хэрэглэчихээд гоочилж байгаа нь мөнгөн дээрээ луу унжих оролдлого. Энэ бол Ц.Баатарсайханы гаргаж байгаа санаа. Ийнхүү хоёр жил биднийг луйвардаж байгаа учраас ирэх жилээс будаа огт өгөхгүй байхаар болсон.
-Энэ үйлдвэрт будаа өгөхгүй байснаар будааны борлуулалтад хэр нөлөөлөх вэ?
-Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар хоёр гурил үйлдвэрлэхгүй байлаа гэхэд манай улс гурилаар тасрана гэж байхгүй. Энэ хоёр ажиллахгүй байх тусмаа сайн. Бусад нь ажиллах хэрэгтэй биз дээ. Ойролцоогоор 12 мянга 500 тонн гурил оруулж ирнэ гэж байгаа юм. Тэгвэл 15 сая ам.долларын импорт ярьж байна. Эндээс 3-4 сая ам.долларын ашиг унах тооцоог бид хийж үзсэн. Ийм ашигтай наймаа хийхийн тулд Монголын тариаланчдыг уландаа гишгэж болохгүй. Мөн Ерөнхийлөгч маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Өмсдөг хувцас, эдэлж хэрэглэж байгаагаа дотоодоос худалдаж авъя. Монгол хүн, монгол хүнээ дэмжье гэчихээд буруу харангуутаа өөр зүйл ярьж болохгүй.
-Өр төлбөр яриад суух цаг биш байлтай. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээл авсан биз дээ?
-Миний чанга дуугарч, хатуу хэлээд байгаагийн учир нь Монгол Улсын Засгийн газраас монголчуудын тарианы мөнгийг өгөх гэсэн юм хэмээн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас 70 тэрбум төгрөгийг жилийн дөрвөн хувийн хүүтэй зээлсэн боловч бидэнд өгөөгүй байна. Үүнийгээ ам.доллар болгон хүүлж амьдарч байна. Хамгийн харамсалтай нь тариаланчдад өгөх гэхээр мөнгөгүй болчихдог. Оросоос будаа авахаар ургаад гараад ирдэг байж болохгүй. Түүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглах ёстой. Мэдээж гэрээ хийсэн байж таараа. Бас нэг асуудал бий. Нийт малчид, тариаланчдад хивэг олдохгүй байгаа шүү. Гэтэл мөнгө авахдаа хивэгээ дотооддоо борлуулна гэсэн байдаг. Тэгэхээр 50 гаруй тонн хивэгийг урд хөрш рүү гаргасан байна лээ. Хууль мэддэг хүмүүсээс дэмжлэг аван шүүхэд өгөх хэрэгтэй шүү дээ. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд байгаа үнэ тогтворжуулах гэрээг авч үзээрэй гэж хэлмээр байна. Ингэж төрийн хуулийг уландаа гишгэж хуйвалдаан хийж байгаа нь үнэхээр харамсалтай.
-Та энэхүү толхилцооноос гарах үр дүнг хэрхэн харж байна?
-Хамгийн гол нь хэдэн зуун тариаланчдын төлөө биш гурван сая иргэнийхээ төлөө дуугарч байна. Тариаланчид хохироод хоцорч болно. Харин ард түмэн хохирч болохгүй. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ гэдгийг л асуугаад байна. Бид хойд хөршөөсөө шатахууны хамааралтай. Гэтэл одоо гурилын хамааралтай болох гэж байна. Ч.Сайханбилэг, Ц.Баатарсайхан хоёр хариуцлагаа хүлээж чадах уу. Монголчууд улстөрчидтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй шүү дээ. Ард түмнээ төлөөлж газар тариалангийн бүсээс гарсан гишүүд бидний эрх ашгийн төлөө ер дуугарахгүй байна. Ялангуяа Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүн болсон С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар ам нь үдээтэй мэт байх юм. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын ард С.Баярцогт байгаа шүү. Түүнээс гадна тариалангийн бүсээс гарсан гишүүд дараагийн сонгуулиар өвдөг шороодоно доо. Учир нь сонгуулиар нүүрээ ширлээд явахаар нь ард түмэнд тэдний үнэн төрхийг хэлэх болно. Мөн Төв аймгаас гарсан УИХ-ын гишүүдэд ч бас хамаатай.
-Манай улсын эдийн засаг хүнд байгаа. Үүнээс гарахад газар, тариалангийн салбар чухал нөлөөтэй гэж ярьдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Энэ хүнд үед 17 хувийн өсөлттэй гарсан нь газар тариалангийн салбар. Монголд баялаг бүтээж хүмүүс нь малчин, тариаланч. Гэтэл яагаад бидний эсрэг ажилладаг ченжүүдээ төр нь дэмжээд байгаа юм бэ. Таванбогд компанийн борлуулж байгаа бүтээгдэхүүн бүгд импортынх. Манай улсын валютыг гадагш урсгахад гүн хувь нэмэр оруулж байгаа. Мөн хуучнаар хөдөө аж ахуйн банкыг дампууруулаад ХААН банк болгосон хүн нь Ц.Баатарсайхан. Түүнээс гадна “Говь” компанийг худалдаж аваад бас л гадныханд зарсан хүн. Харин одоо Монголын газар тариаланг оросуудад худалдах гэж байна. Ийм увайгүй, ашгийн төлөө хөөцөлдсөн хүмүүсээс хүмүүс сэрэмжлэх хэрэгтэй. Дэлхийд эбола гэж айхтар вирус гарсан. Манай улсын хувьд эдийн засгийн эбола вирус нь Ц.Баатарсайхан юм. Хачирхалтай нь сайд дарга нарыг солигдох болгонд аль хэдийнэ түүний үгэнд орчихсон байх юм. 70 гаруй компани дугараагүй байхад Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нарын хүсэлтийг биелүүлдэг сайд дарга нар ичээсэй.
-Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нарын эрх ашгийн төлөө ажиллаа гээд байгаагаа тайлбарлаач?
-Хэрэв ард түмнээ боддог бол нэг хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ёсгүй. Ганцхан хүн давуу эрхээр нугалсан наймаа хийж болохгүй гэдгийг хэлээд байна. Зөвхөн ах дүү хоёрт эрх эдлүүлээд байгаа нь буруу гэж яриад байгаа юм. Түүнээс 77 компани улаанбуудайны чанар муу байна гэж байгаа бол Ерөнхий сайдын шийдвэр зөв. Гэтэл ах дүү хоёрт зориулж увайгүй загнасанд нь харамсч байна.
-Та нар урамшууллаа авсан уу. Уг нь цагаан сарын өмнө өгнө гэж байсан?
-Одоо хүртэл аваагүй байна. Тариаланчид өгөхгүй байсан ч хамаагүй гэж байгаа.
-Хаврын тариалалт эхлэх дөхлөө. Байдал хүнд байдаг. Яах вэ?
-Одоо удахгүй хулганы хор цацах ажил эхэлнэ. Гэтэл мөнгөгүй тариаланчид хүссэн ч, эс хүссэн ч тариа тарьж чадахгүй болж байна. Монголын газар тариаланг төр засагтай нийлж дампуурууллаа. Энэ бол эдийн засгийн хувьд аюултай асуудал. Хүмүүс мэдэх ёстой, УИХ-ын гишүүд нь ч мэдэх ёстой атал, тоохгүй байна. Мөнгөтэй л бол болно гэдэг ташаа зүйл. Хүнсний аюулгүй байдал чухал.
-Тариаланчид буудайгаа экспортод гаргаж болохгүй юу?
-Тариаланчдаас авсан буудайны үнэ, хорогдол зардлыг тооцохоор 350-360 мянган төгрөгт өгсөн. Гэтэл хивэг нэг тонн буудайны үнэтэй ижил байна. Эндээс харвал гурилын үйлдвэр ашигтай ажилладаг. Тиймээс үе үеийн сайд дарга нар гурилын үйлдвэртэй болж байгаа хэрэг. Туркид ийм асуудал үүсч байсан. Үүнээс гарахдаа тариаланчид гурилын үйлдвэртэй болсон нь зөв алхам байжээ. Туркээс манай улсад 50 гурилын үйлдвэр оруулах санал гаргасан. Тэгэхээр энэ үйлдвэрүүдийг газар тариалангийн бүсүүдэд байршуулан тариаланчиддаа өгчих. Тэгвэл ямар ч асуудал үүсэхгүй. Энэ бол давуу эрхтэй дээрэмчдээс салах цорын ганц арга.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: