Компаниуд цахим гэмт хэргийн хохирогч болж 590 сая төгрөг алджээ
Цахим гэмт хэргийн талаар та хэр мэдэх вэ. Фэйсбүүк хуудас ашиглахдаа мэдээллээ нууцалж чаддаг уу. Таны хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болж буй юм биш биз. Сүүлийн гуравхан жилийн дотор манай улсад хүч түрэн орж ирж буй цахим хэрэглээ, тэр дундаа фэйсбүүк хуудас ямар хор хохирол дагуулдаг, цахим гэмт хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин ямар байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Фейсбүүк хуудаст хүмүүсийн нэр төрд халдсан, садар самууныг сурталчилсан бичлэг, мэдээлэл ихээр цацагддаг. Энэ нь цахим гэмт хэрэг мөн үү. Ямар гэмт хэргийг цахим гэж ойлгодог юм бэ?
-Фейсбүүк хуудас бол АНУ-д сервертэй цахим хуудас. Тэгэхээр фейсбүүк дээрх мэдээлэл АНУ-ын хуулиар зохицуулагддаг. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд хэрэглэгчид өөрсдөө бүртгүүлдэг. Эрх зүйн хүрээнд гадаадын цахим хуудаст бүртгүүлсэн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй. Гэхдээ хамгаалж болно. Цаг хугацааны хувьд асар удаан. Бичиг цаас, гадаад хамтын ажиллагаа нэлээд шаарддаг.
Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 226-229 дүгээр зүйл ангийг компьютер, мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг гэж тооцдог. Өнгөрсөн онд гэхэд интернет орчинд хортой код тарааж, бусдын мэдээллийг хулгайлж байсан хоёр хэргийг илрүүлэн шалгаж байна. Түүнээс гадна манай улсын хэрэглэгчид фейсбүүк-ийг бусдын нэр төрийг гутаан доромжлох нэг том хэрэгсэл болгож байна. Нэр төрийг гутаах, садар самууныг сурталчлах гэдгийг зохицуулсан зүйл заалт Эрүүгийн хуульд бий. Гэхдээ шинээр батлагдах хуулийн төслүүд, тухайлбал Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд зайлшгүй хуульчлах шаардлагатай саналуудыг өгч байгаа.
-Ямар зүйл, ангиуд нэмэх шаардлагатай байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар цахим гэмт хэргийг мөрдөхөд хангалттай биш гэж хэлэх хүмүүс байдаг. Хуулийг дүйцүүлж хэрэглэж байгаа ч хэрэгтнүүдэд ял завших боломж олгоод байна уу?
-Дэлхийн улс орнуудад насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж бичлэг хийх гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй байна. Үүнийг манай дээр хуульчлаагүй байдаг. Бага насны хүүхдийг уруу татах гэсэн зүйл анги л бий. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг хуульд дэлгэрэнгүй үг, өгүүлбэрээр нэмж оруулах шаардлагатай. Интернетийг ашигласан бол хүндрүүлэх нөхцөл байдал болох ёстой гэдэг үүднээс санкцийг нэмэгдүүлэх тал дээр санал өгсөн.
-Охид, эмэгтэйчүүдийн зургийг цуглуулж сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн онд илрүүлсэн. Зургаа бусдад алдах нь фейсбүүк хэрэглэгч өөрсдөөс нь болж байна уу?
-Сүхбаатар аймгийн харьяат залуу бий. Хуурамч хаяг нээчихээд насанд хүрээгүй охидтой танилцан зургийг нь цуглуулдаг. Тэгээд дараа нь зургийг нь цахим орчинд тараана гэж далайлган сүрдүүлэх замаар охидоос мөнгө авсан, бэлгийн харьцаанд орсон тохиолдол байдаг. Үүнийг зүйлчилье гэхээр хуулиараа далайлган сүрдүүлэх гэсэн заалтаар л шалгаж байна. Тиймээс илүү дэлгэрэнгүй болгож санкцийг нь хүндрүүлэхээс өөр аргагүй.
Иргэд өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй байна. Энэ нь интернет аюулгүй байдлын талаарх ойлголт асар сул байгаатай холбоотой. Ийм төрлийн гэмт хэрэг ганцхан манай улсад биш дэлхий дахинд үйлдэгддэг. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд, тухайлбал Филиппин, Малайзаас зургаар сүрдүүлэхээс гадна залилан мэхлэх гэмт хэргүүд маш олон гарч байна. Мэдээлэлтэй болж байж л урьдчилан сэргийлж чадна. Үүнийг зөвхөн цагдаагийн байгууллага биш бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран мэдээлэлтэй болсноор үр дүнд хүрнэ. Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын 70 хувь нь урьдчилан сэргийлэх ажил байдаг.
-Цахим шуудангийн гэмт хэрэгт манай улсын иргэд төдийгүй аж ахуйн нэгжүүд хохирох тохиолдол өмнөх жилүүдэд хэдэнтээ гарлаа. Голдуу аль улсаас манайд халддаг вэ?
-Энэ бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлддэг хэрэг. Ихэвчлэн Хонконг, БНХАУ, Англи, Малайз руу мөнгө нь шилждэг. Тухайлбал, компанийн мэдээллийг олж авдаг этгээд Сингапурт, мөнгө хүлээн авагч нь Малайзад, харилцаа холбоо тогтоогдог нь Англид байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь үндэстэн дамнасан гэмт хэрэг юм.
Үүнийг нэг цаг, нэг минутад шалгах шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэрэг удаашралтай байдаг нь ийм шалтгаантай. Манай улсын хувьд компаниуд өндөр хохиролтой байна. Одоогийн байдлаар 590 орчим сая төгрөг гадагшаа гаргачихсан. Иргэдийн хувьд дээд тал нь 60 сая төгрөг гадаадын улсад алдчихсан, нийт 200 орчим сая төгрөгийн хохиролтой байна.
-Иргэдэд голдуу азтан боллоо, мөнгө хожлоо гэсэн шуудан ирүүлж гэмт хэргийн хохирогч болдог гэсэн?
-Иргэд ч бай компани ч бай интернет аюулгүй байдлаа нэгдүгээрт хангах ёстой. Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ажилтнууддаа энэ төрлийн мэдээллийг сайн ойлгуулах хэрэгтэй. Компаниудын хувьд цахим шуудангаар ирж байгаа хуурамч хаягийг таних чадвартай байх ёстой. Харин иргэд үнэгүй сугалаа гэгчид итгэхгүй байх нь чухал. Гэмт этгээд итгэл төрүүлэхээр алтан карт хүртэл илгээдэг.
-Манай улсад 700 мянга орчим фейсбүүк хэрэглэгчид байна гэсэн үү?
-Албан бус мэдээллээр 900 мянга орчим гэж бий. Гэхдээ энэ бол баталгаатай тоо биш. АНУ-д насанд хүрээгүй хүн доод тал нь гурван хаягтай байна гэсэн. Манайд ч адилхан.
-Тэгэхээр хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр бололтой?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд учруулж байгаа болон учруулж болзошгүй аюул заналаараа терроризм нэгд байсан бол одоо кибер гэмт хэрэг орох болсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээсээ давсан технологийн мэдлэгтэй байх нь чухал. Хүүхдээ цахим ертөнцөд юу хийж байгааг мэдэхгүй бол хэцүү.
Нэгдүгээрт, эцэг эхийн хараа хяналт, хоёрдугаарт сургууль дээрх нийгмийн ажилтны хяналт хэрэгтэй байдаг. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт гэрч байдаггүй. Гэмт этгээд, хохирогч хоёр л байдаг. Эцсийн дүндээ хүүхэд амиа хорлох хэмжээнд очдог. Ийм байдлыг эцэг эхчүүд, сургуулийн багш нар сэтгэлзүйн байдлаас нь мэдрэх ёстой.
Б.Энхзаяа
Зууны мэдээ
URL: