Ж.БАТСУУРЬ: ХЯМРАЛААС ТҮРГЭН ГАРАХЫН ТУЛД БОДЛОГЫН ТОДОРХОЙ ХЭДЭН АЛХАМ ХИЙМЭЭР БАЙНА

9478176ca4fe555f1efa12bd4891d596

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, 2015 оны төсвийн тодотгол батлагдлаа. Улс орноо хямралаас гаргах, улмаар хөгжлийн үндсийг тавих бодлогын чиглэл тодорхой боллоо гэж ойлгож болох уу?

Том агуулгаар нь тэгж ойлгож болно. Бий болсон нөхцөл байдлаа байгаагаар нь бодитой үнэлж дүгнэлээ. Тэгээд одоогийнхоо хүндрэлтэй, төвөгтэй нөхцөл байдлыг тал талаас нь тооцож, хямралаас хохирол багатай гарах, нийгмийн хамгааллын салбарт хүрсэн төвшнөөсөө аль болох ухрахгүй байх, цаашдаа эдийн засгаа тогтворжуулахад чиглэсэн бодлогоо тодорхойллоо гэж ойлгож байна.

Одоо УИХ-аас хууль болгоод баталчихсан энэ бодлогыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Эрх зүйн болоод бодлогын том саад бэрхшээл байхгүй гэж үзэж болно.

-Төсвийн тогтвортой байдлын хуулиар өрийн таазыг нэмчихлээ. Эдийн засаг улам хүндэрч 2-3 жилийн дотор улс дампуурах аюул ойрхон байна гэх яриа, нийтлэл дотоод гадаадгүй гарах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Өрийн тааз гээд байгаа юм чинь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д зааснаар бол “… улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” тухай заалтыг хэлээд байгаа юм.

Сая баталсан хуулиар бол өнөөдөр энэ хуулийг зөрчөөд амьдрал дээр бий болчихсон 58.3 хувийг л энэ үнэн бодитой зүйл болчихжээ гэдгийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөөд үүнийгээ залруулж он дараалан бууруулах замаар 2018 он гэхэд хуулийн заалтад нийцүүлье гэсэн шийдвэр. Цаашид өр тавьж, энэ хэмжээг өсгөхгүй гэдгийг баталгаажуулсан хэрэг.

Байдал цаашдаа амаргүй байна гэдгийг ойлгож байгаа. Мөн зохих тооцоог хийсэн. Тийм болохоор бодлого маань төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн хэрэг. Энд тэнд гутрангуй үзлээр муу ёрлож бичээд, яриад байгаа шиг юм болохгүй гэж бодож байна, Байдлыг дордуулахгүй, боломжоороо дээрдүүлэхийн төлөө ажиллах нь одоогийн төр, засгийн үүрэг, олон түмний өмнө хүлээсэн хэнтэй ч үл хуваалцах том хариуцлага шүү дээ.

-Та сая “том хариуцлага” гэж ярилаа. Тэр нь юу вэ. Өнөөдөр хууль зөрчөөд улсын өрийг 58.3 хувьд хүргэж улсын эдийн засгийг хямраасны “том хариуцлага”-ыг хэн хүлээх вэ?

Засгийн газрыг огцруулсан нь улс төрийн хувьд хамгийн том хариуцлага ногдуулсан хэрэг. 2012 оноос хойш ажилласан өмнөх Засгийн газар нөхцөл байдлыг үнэнээр нь ярьж, УИХ болон ард түмэндээ бодит мэдээлэл өгч, шаардлагатай үед нь шаардлагатай асуудлыг УИХ-д оруулж ярьж байсан бол гадаад зах зээлийн нөхцөл байдал нөлөөлсөн ч гэлээ арай ч ийм байдалд хүрэхгүй байж болох байсан болов уу.

Гэвч тэгээгүй. Байдал тийм хүндрээгүй, эдийн засгийн өсөлт удааширсан ч хямрахдаа хүрээгүй, өрийн хэмжээ хуулийн хязгаартаа байгаа гэж олон түмнийг ч, УИХ-ыг хуураад байсан. МАН-ын бүлэг. бие даагчид, мөн эрх баригч намын нэр бүхий гишүүд энэ байдлыг мэдээд, мэдрээд хариуцлагын тухай асуудлыг хэд хэдэн удаа хууль ёсоор тавьсныг бүгд л мэдэж байгаа.

Бүх тохиолдолд олонхоороо түрээд, хамгаалаад байсан биз дээ. Тэгээд нөхцөл байдал хүндэрсээр хэн бүхний нүдэн дээр ил болоод ирсэн үед арга буюу үнэнд гүйцэгдэж, олонхийг бүрдүүлж байсан улс төрийн хүчний тодорхой гишүүд цөөнхийн санаачилгыг дэмжсэнээр УИХ хариуцлага тооцож Засгийн газрыг огцруулсан. Хариуцлагын бусад олон хэлбэр бий. Тэр нь УИХ гэхээсээ илүү улс төрийн намын дотоод асуудал, хууль сахиулах байгууллагын эрх мэдлийн хүрээний зүйл байх.

-Төсөв хэмнэлтийн горимд шилжлээ гэж та хэллээ. Сая УИХ-аар баталсан төсвийн тодотголоор ийм горим үйлчилж эхэлсэн гэж үзэж болох уу. Тодотголын гол онцлог юу вэ?

Хууль зүйн тодорхой утгаар бол тэгж ойлгож болох байх. Харин бодит байдлын тухайд бол хамтарсан Засгийн газар байгуулагдаж ажлаа эхлэх тэр цаг үеэс хэмнэлтийн горимд шилжсэн гэж би ойлгож байгаа.

Энэ төсвийн гол онцлог нь нэгдүгээрт, хямралын хамгийн хүнд үеийн төсөв. Тийм учраас тэвчиж болох бүх зардлыг хэмнэх зарчим барих. Хоёрдугаарт, байдал хэчнээн хүнд байгаа ч нийгмийн салбарт хүрсэн төвшнөө аль бод,ох хадгалах, цалин тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд болон одонтой эхчүүдийн мөнгө гэх мэтийг бүх бололцоогоо дайчлаад олгох.

Гуравдугаарт, ард түмний амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх төвшинд төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт, улс орны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй томоохон мега төслүүдийг урагшлуулж, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх арга замыг хайх.

Тавдугаарт, дотооддоо төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэл, концессийн арга зэргийг үр нөлөөтэй хэрэглэж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж ажлын байр бий болгох, зах зээл дэх мөнгөний эргэлтийг идэвхжүүлэх зэрэг бодлогын зарчмыг өнөөгийн бодит байдалд нийцүүлж хуульчилсан төсөв гэж үзэж байна.

-Та инженер эдийн засагч хүний хувьд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдаж байгаагын хувьд хөгжлийн бодлогыг, ойрын үеийн гол чиглэлийг яаж харж байна вэ?

Монгол Улсын хөгжлийн бодлогыг эхлээд том масштабаар харж зөв тодорхойлж авах шаардлага аль эрт бий болсон. Энд хоёр гол зүйл байна гэж би харж байна. Нэг нь Хөгжлийн бодлогоо яв цав тодорхойлж авах, нөгөө нь глобаль зах зээлийн нөхцөлд олон улсын хэмжээнд санхүү, зээлийн менежмент яаж хийх вэ гэдэг асуудал. Манайхан энэ 2-ыг нэг бодлогын баримт бичиг батлаад түүнийгээ мөрдөөд болчихно гэж бодож, тооцож олон жил алдлаа.

Олон бодлого батлагдсан. Аль нь ч үр дүнтэй хэрэгжихгүй байна. Тэгэхээр нэн даруй хийх гол ажил бол хөгжлийн бодлогын тухай хуулиа маш чамбай боловсруулаад баталж авмаар байна. Энэ хуулийн төсөл бэлэн болсон гэж байгаа. Тэр хууль бол Ундсэн хуулийн хэмжээний чанар чансаатай, тийм нэр хүндтэй, мөн тийм хэмжээнд олон нийтэд болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдөж ойлгогдох учиртай.

Миний бодлоор тэнд манай орны хөгжлийн загвар, хөгжлийн стратегийн урт. дунд хугацааны тэргүүлэх чиглэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах тогтвортой, таатай нөхцлүүд 10-аас доошгүй жилээр тодорхойлогдсон байх нь чухал. Тийм болохоор хөгжлийн тухай хуулийг хэлэлцэн батлах, сурталчилан таниулах, хэрэгжүүлэх ажил бараг л Үндсэн хуулийн хэмжээнд хийгдмээр байгаа юм.

Энэ ажилд аль болох Монголынхоо шинжлэх ухааны потенциалыг түших ёстой. Зөв зохион байгуулж чадвал манай шинжлэх ухааны потенциал ийм ажил хийх хэмжээнд хүрсэн. Мөн гадаад орнууд, олон улсын байгууллагын дэмжлэгийг авах нь хуулийн нэр хүндэд их нөлөөтэйг ч бодолцох л учиртай.

Цаг алдалгүй шийдэх хоёр дахь асуудал бол Өрийн удирдлагын үндэсний чадавхийг бий болгох зах зээлийн эдийн засагтай улс оронд хөгжлийн санхүүгийн менежмент хийх, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн гол зохицуулалт бол Өрийн удирдлагын тухай хууль байдаг.

Гэтэл манайх ийм хуулийн оронд “Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай” гэдэг хуультай өнөөдрийг хүрчээ. Энэ бол цаанаа зээл тусламж л ав түүнийг үр ашигтай зарцуул гэсэн бэлэнчлэх ядуу сэтгэлгээг төрд ч, олон нийтэд ч төлөвшүүлээд байна.

Одоо үүнийг өөрчлөх цаг болсон. Ер нь зах зээлийн эдийн засагтай улс орон зээлгүйгээр хөгжинө гэдэг ойлголт байхгүй. Зээл болгон ор биш шүү дээ. Энд учир начир гэж байдаг. Одоо манай тулчихаад байгаа бонд бол хуулиар улсын өр болчихоод байгаа. Тийм л учраас бондын хөрөнгө зардлыг тосөвт оруулаад ирэхлээр “өрийн тааз”хуулийн хязгаар хэтрээд 58.3 хувь болсон хэрэг. Одоо амьдралын үнэнтэй эвлэрхээс өөр арга байхгүй.

Өрийн удирдлагын тухай хуулиа хурдан баталж, түүнийхээ бодлого чиглэлийн дагуу Төсвийн тогтвортой байдлын хуульд оруулсан өрийн таазыг 58.3-40.0 хувь болгох өөрчлөлтөө хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Та сая хөгжлийн том бодлогын чиглэлүүдийг хэллээ. Улс орны эдийн засаг хямарчихаад, ард түмний амьдрал хүндэрчихээд байна шүү дээ. Ойрын үеийн тулгамдсаи асуудлаа шийдэх бодлогын алхмууд юу байж болох вэ. Хүмүүс үүнийг л харж байна шүү дээ?

Байдал хүнд байхад нэн даруй.шийдэх асуудалдаа Засгийн газар гол анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. УИХ-ын тухайд бол хямралын нөхцөлд ажиллах бодлогын чиглэл, төсөв мөнгийг нь батлаад өгчихлөө. Шаардлагатай хуулиудад нь нэмэлт өөрчлөлт орууллаа. Одоо шуурхай хэрэгжүүлэх ажил л чухал.

Засгийн газар ойрын үед энэ бодлогоо их тодорхой болгож ард түмэндээ хүргэх хэрэгтэй, У ИХ-ын хэмжээнд шийдэх асуудал байвал цаг алдалгүй оруулж ирэх ёстой. Миний хувьд Засгийн газар хэд хэдэн чиглэлээр маш тодорхой алхмууд хийгээсэй гэж хүсэж байна.

-Тухайлбал засгийн газар юу хийх ёстой гэж ?

Эхний алхам бол  хатуу нөхцөл, өндөр хүүтэй зээлийг сайн нөхцөл.чанартай зээлээр орлуулан хуввцаа гаргах арга хэмжээ. Чингис бонд, Самуурай бонд, Засгийн газрын дотоодын богино хугацаатай, өндөр хүүтэй бусад зээлийн эргэн төлөлт , хүүгийн өсөлт бол биднийг тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд гол бэрхшээл болно.

Тэгэхлээр энэ мэт хэт хатуу нөхцлөөр хоолой дээр тулаад байгаа өрөөс аль болох түргэн салж, урт хугацаатай, бага хүүтэй, нөхцөл сайтай, чанартай зээл рүү шилжих нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, сая баталсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн зорилтыг дэс дараалан хангах хамгийн боломжтой бөгөөд бодитой гарц мөн. Дараагийн нэг алхам бол Төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагаар өрийн хэмжээнд хамаарахгүй зээл, урьдчилгаа төлбөр, концессийн гэрээ зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг үр нөлөөтэй ашиглах явдал.

Концесс бол хувийн хэвшлийн хөрөнгө оруултыг улс орны хөгжлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд ашигладаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн үр ашигтай хэлбэр шүү дээ. Гэтэл манайд хууль нь гарчихсан хэрнээ олигтой явахгүй байна.

Гурав дахь алхам бол концессийн гэрээгээр дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй идэвхитэй түншилж хөрөнгө оруултыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох. бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар мөнгөний хэвийн урсгалыг хангаж, эдийн засгаа тогтворжуулах боломж юм. Энэ боломжийг ашиглахын тулд одоо саад болоод байгаа гол бэрхшээлийг арилгах учиртай.

Дөрөв дэх алхам нь иргэд, хувийн хэвшлийн оролцоотой сайн төслүүд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн ямар нэг эх үүсвэрийг бий болгох явцдаа түүнийг ашиглаж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын үр ашигтай төсөл хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө, тооцоо, үнэлгээнүүд бэлэн байх нь чухал.

Бид ийм төслүүдийг иж бүрнээр бэлэн болгоогүй байхдаа бонд босгож менгө оруулж ирээд хаа хамаагүй цацаж эхэлснээс өр асуудал болчихоод байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ ийм сайн төслүүд бэлэн байдаг бол санхүүгийн эх үүсвэр бий болмогц л шууд хэрэгжүүлж, авсан зээлээ өр биш ашиг болгож хувиргах боломжтой гэсэн үг л дээ.

-Танд тухайлбал, тодорхой төслүүдийн талаар ямар санаа байна вэ. Сайншандын аж үйлдвэрнйн төсөл тодорхой сайн төсөлд орохуу?

Төслийг чинь тодорхой бодлого, гэрээ хэлэлцээр, санхүүгийн боломжид тулгуурлаж мэргэжлийн, чадварлаг баг хийдэг зүйл биз дээ. Тэгэхээр надад бол төслийн санаа байж болно. Би ганцаараа төсөл хийхгүй л дээ. Сайншандын төслийн хувьд санаа нь яах аргагүй зөв, сайн зүйл. Сонгодог утгаар иж бүрэн сайн төсөл болж боловсроогүй учраас л явахгүй болчихоод байгаа хэрэг. Сайн төсөл болгож урагш ахиулах ёстой.

Надад байгаа төслийн санаа гэвэл ойрын үед Засгийн газар санаачлаад хэд хэдэн сайн төсөл боловсруулж болмоор л бодогдоод байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг нэг мөр шийдэх том төсөл байж болно. Иргэд нь Солонгос, Японоос хуучин машин зөөдгөөрөө зөөгөөд, Нийлэлийнхэн маань замаа жил бүр бага багаар тордоод, гаднаас шугамын автобус аваад, дугаарын хязгаарлалт хийгээд энэ асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой боллоо.

Одоо тэгвэл яах вэ? Жишээ нь, Улаанбаатарын 4 гол цэг – 22-ын товчоо- Баянзүрхийн товчоо- Нисэх- 7 буудлыг босоо ба хэвтэй байдлаар чагталж холбоод, мөн хамгийн зөв цэгийг олж тойруулаад нэг холбосон Метро барих төсөл яагаад байж болохгүй гэж. Ийм зүйлийг, ийм бүтээн байгуулалтыг зоригтой барьж авмаар байна.

Гал унтраах маягаар жил бүр хийдэг жижиг сажиг ажлыг тодорхой хугацаанд хойш тавьж болно. Тэндээс багагүй мөнгө гарна даа. Бага нуурын нүүрсний уурхайн нүүрсийг уурхайгаас нь “Хоолойн тээврийн сүлжээ”-гээр Цахилгаан станцуудтай холбох төсөл яагаад байж болохгүй гэж. Тооцоод хийгээд үзэх л хэрэгтэй. Тооцоо судалгаа хийхэд, төсөл боловсруулахад ч нэг их мөнгө орохгүй шүү дээ.

Тусгай зориулалтын, тухайлбал, нүүр.с тээвэрлэх төмөр замыг нь Хятад улсын хөрөнгөөр, тэр нарийн царигаар нь бариулчих төсөл яагаад байж болохгүй гэж. Тэр нэг насны байх албагүй шүү дээ. Хэрэгцээ нь дуусахаар зогсоож болно. Өөр зориулалтаар ашиглаж болно. Бүр буулгаад хаяж ч болно шүү дээ. Тэр замаар хятадын цэрэг, танк орж ирэх тухай домгийн сэтгэлгээнээс ангижрах хэрэгтэй. Хүссэн ч, эс хүссэн ч л бид нүүрсээ Хятад руу л гаргах нь хэнд ч ойлгомжтой.

Тийм байхад прагматик хандах нь илүү өгөөжтэй биздээ. Нүүрсээ зөөж түлсээр, янз бүрийн зуух тараагаад Улаанбаатарын утаанаас сална гэдэг бараг бүтэхгүй нь тодорхой боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр шийднэ гэвэл их цаг алдана.

Үүнийхээ зэрэгцээгээр хямд эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх нь оновчтой байж болох юм. Энэ мэтчилэн монгол хүн бүр бүсээ чангалах гэхээсээ илүү толгойгоо ажиллуулаад дор дороо ухаан гаргавал хямрал гэдэг давж болдоггүй даваа биш.


URL:

Сэтгэгдэл бичих