Улстөрчдийн төсөвт тавхан хувийн хэмнэлт хийлээ

1-26-5_700x700Эдийн засаг хямарлаа. Хасахгүй бол болохгүй нь, хэмнэхгүй бол хэтэрлээ гэж улстөрчид сүүлийн үед байнга ярьдаг болов. Хэмнэж болно. Гэхдээ хаанаас, хэнээс, юунаас эхлэх нь чухал. Засгийн газар нийгэм рүү хандсан хэмнэлт хийхийг хүссэн ч нэлээд эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтэв. Харин хэрэглээ бодит байх ёстойг УИХ-ын цөөн хэдэн гишүүн хэлж байсан ч төдийлөн олон хүн дэмжихгүй байсан. Уг нь хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх нь ёс зүйтэй, ухамсартай улстөрчдийн хийх алхам байх ёстой болов уу. Саяхандаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа “Би энгийн утас л барьдаг. Төрийн албанд байгаа хүмүүс гэх мэтчилэнгээр хэрэглээгээ бодитой байлгах хэрэгтэй. Ордны гадаа байгаа том машинуудыг хар даа, та нар. Хашаанд багтахгүй шахам их. Өдөржингөө нормальдаад л гадаа зогсч байна. Тэрний цаана хэчнээн шатахууны зардал гарч байгааг бүү мэд. Энэ бүгдийг л хэмнэх хэрэгтэй шүү дээ” гэж хэлж байсан. Үнэхээр УИХ-ын гишүүдийн нэг жилийн төсөвт зардлыг ухаад үзвэл 190 гаруй сая төгрөг. Үүнийг 76-гаар үржүүлбэл хэдэн тэрбумаар хэмжигдэнэ.

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан төсвийн тодотголоор гишүүдийн тээвэр шатахуун, гадаад дотоод албан томилолт, тойрогт ажиллах, мэдээлэл сурталчилгаа зэрэг зарим зардлыг таван хувиар бууруулахаар болсон. Ер нь гишүүдийн төсвөөс таван хувь битгий хэл хасч, хэмнэх мөнгө нэлээд бий. Наад захын нэг жишээг аваад үзье. Гишүүний нэг жилийн хот доторх унааны зардал гэхэд зургаан сая 600 мянган төгрөг. Харин албан томилолт, унааны зардал буюу тойрогтоо ажиллахад 6.2 сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүний сарын цалин нэг сая 705 мянга 691 төгрөг болж өссөн байгаа. Цалин дээр нь сар бүр шатахууны зардал болох 550 мянгыг бодож өгдөг байна. Тэгэхээр энэ бүхнийг таван хувиар бууруулна гэдэг чамлахаар тоо биш гэж үү. Яг энэ асуудалтай холбоотой УИХ дахь МАН-ын 26 гишүүн шатахууныхаа зардлаас татгалзах горимын саналыг өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хороон дээр гаргасан. Уг нь үүнийг нь дэмжээд 76-уулаа энэ зардлаасаа татгалзвал хагас тэрбум төгрөг хэмнэх боломжтой баймаар. Түүнчлэн жилийн утасны хэрэглээний зардалд нэг сая 440 мянган төгрөг төсөвлөгддөг. Энэ ч бас эргэж хянах ёстой тоо байх.

 

Унааны шатахуун, утсаар ярих мөнгөнөөсөө бүрэн биш юм гэхэд 50 хувиар хэмнэвэл гишүүдийн мөнгөнөөс нэлээд хэмнэлт гарна. Шуудхан хэлэхэд хэмнэнэ гээд таван хувиар бууруулж байгаа нь нүд хуурсан хэрэг гэлтэй.

 

Унааны шатахуун, утсаар ярих мөнгөнөөсөө бүрэн биш юм гэхэд 50 хувиар хэмнэвэл гишүүдийн мөнгөнөөс нэлээд хэмнэлт гарна. Шуудхан хэлэхэд хэмнэнэ гээд таван хувиар бууруулж байгаа нь нүд хуурсан хэрэг гэлтэй. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Зарим гишүүн сарын цалингаасаа татгалзах санал гаргаж байсныг зарим нь дэмжихгүй гэсэн саналтай байсан. Учир нь УИХ-д бизнесмен, хувийн компанитай, гишүүний цалингүйгээр амьдрах боломжтой олонх нь байхад цалингаас өөр орлогын эх үүсвэргүй гишүүн ч байдаг. Тэгэхээр боломжтой нь цалингаасаа татгалзаж болох юм. Гэвч өнөөдрийн байдлаар өөрөөсөө бодит хэмнэлт гаргасан гишүүн нэг ч алга. Хэвлэлийн бага хурлын үеэр олны өмнө гоё амлаж, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр популизм хийдэг ч цалин, машиныхаа шатахууны мөнгөнөөсөө татгалзсан гишүүн одоогоор үгүй. Хямралыг далимдуулсан популизм энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр ид өрнөсөн гэж хэлж болно. Үүний эцэст энэ оны төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг таван хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон юм.

Нэг гишүүний жилийн төсвийн багц 190 сая төгрөг бол, үүний таван хувь нь ердөө 9.5 сая төгрөг юм.

Үүнээс гадна бас харгалзаж үзэх нэг зардал гишүүний төсвийн зардлын жагсаалтад байх юм. Тодруулбал, гишүүн бүрт хууль, шийдвэрийн төсөл боловсруулах хэрэгжилтийг хангахад арван сая. Хууль сурталчлах зардал арван сая. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдон гадаадад ажиллах томилолтын зардал таван сая төгрөгийг төсөвт нь суулгасан байдаг. Гэвч хууль санаачилдаггүй гишүүд ч бас бий. Тэдэнд дээрх зардлуудыг төсөвлөх ямар хэрэгтэй гэж.  Гишүүний нэг жилийн төсөвт өнгөрсөн жилээс эхлэн тойрогтоо ажиллах 90 сая төгрөгийг суулгах болсон. Гэтэл тойроггүй, намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүд бий. Энэ мэтээр төсөвлөгдсөн мөнгийг бодит хэрэглээнд нь тааруулж зарцуулалтыг нь хатуу хянах шаардлагатай баймаар. Хэмнэлтийг гишүүд өөрсдөөсөө эхлэе гэж уриалсан бол таван хувь төдийхөн биш харин түүнийгээ илүү бодит болгоё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих