Б.Мөнхзаяа: Bank of China-д Монголын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь залгих мөнгө бий
СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Мөнхзаяатай ярилцлаа.
- Монгол улс орлогоо нэмэгдүүлэх ямар арга замууд байна вэ?
Орлогоо нэмэгдүүлэхэд импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх гэдэг нь мэдээж зөв санаа. Гэхдээ энэ ажлыг илүү эрчимтэй хиймээр байна. Гадны туршлагаас харахад тухайн орон байгалийн баялаг ихтэй ч баялаг дуусахад дараа нь хаанаас орлого олох вэ гэдгээ аль хэдийнэ тодорхойлчихсон байдаг. Баялгаас олсон орлогоо бусад салбартаа зориулдаг. Саудын Араб гэхэд 1960-аад оноос нефтээр их хэмжээний орлого олж эхэлсэн бөгөөд орлогоо аялал жуулчлал, дэд бүтцийн том төслүүдэд зориулж дараа нь түүгээрээ орлого олохоор тооцсон. Харин бид уул уурхайн орлогоо үр ашигтай зарцуулж чадахгүй байна.
Монгол улсын хувьд ганцхан уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулан гадагш гаргах тал дээр анхаарах хэрэгтэй. Эцсийн эцэст Монголыг хөдөө аж ахуй л аварна.
Хөдөө аж ахуйгаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд бий. Аялал жуулчлалд зориулсан дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Энэ бол орлого нэмэх бас нэгэн гарц.
Газар нутаг нь өргөн ч гэсэн хүн ам багатай учраас Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхэд тун хэцүү. Ажиллах хүч маш хомс. Тэгэхээр уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар бид амьдарч болно. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд зөвхөн дотоодын хэрэгцээг хангах түвшинд хөгжих болов уу гэж бодож байна.
- Нөгөө талаас зардлаа танаж бүсээ чангалахдаа аль зардлаа бууруулах нь зүйтэй вэ?
Өрийн хямралд орсон улс түүнээсээ 5-10 жилийн дараа гардаг ч үр дагавар нь арилдаггүй гэдэгтэй дэлхийн судлаачид санал нэгтэй байдаг. Улс орнуудын туршлагаас харахад эхлээд төсвийн байгууллагуудын нүсэр бүтцийг цомхон болгодог. Засгийн газар халамжийн мөнгөнөөс танавал маш том эсэргүүцэлтэй тулгарна. Зардлаа 10 орчим хувиар буурууллаа гэж ярьж байгаа ч энэ нь хангалттай биш.
Өрийн хямралд орсон зарим улс төрийн албан хаагчдаа 40 хувиар цомхотгож байж хэвийн хэмжээнд очсон байдаг. Тэгэхээр хэмнэнэ гэдэг бол 100 төгрөг өгч байснаа 90 төгрөг өгөх биш, харин төрд үр ашиггүй орон тоонуудыг арилгахын нэр гэсэн үг. Гэтэл энэ талаар одоо ярьж байгаа хүн бараг алга.
- Орлогыг бүрдүүлэхийн тулд шинэ татвар ногдуулах нь хэр үр дүнтэй вэ?
Шинэ татвар гарах нь байдаг л зүйл. Мэдээж хувийн хэвшилд улам дарамт болно. Гэхдээ татварын орчин хувь хүн бизнес эрхлээд ямар ч ашиг өгөхгүй болтол тийм түвшинд байж болохгүй. Хүмүүс татвараас болж бизнес хийх сонирхолгүй болоод мөнгөө банканд хадгалаад эхэлвэл эдийн засаг хумигдана. Дээр нь татварын бодлого тогтвортой байх хэрэгтэй. Энэ нь дотоодын ч тэр, гадаадын ч тэр хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх нэг нөхцөл.
“Чингис” бондын хүүгийн төлбөр. – USD/MNT=1440 гэж тооцов.
Нөгөө талаас татварын төрлийг нэмэх гэхээсээ төлөгдөхгүй байгаа татваруудаа авах хэрэгтэй. Албан бус статистикаас харахад татвараа бүрэн төлдөггүй том ААН цөөнгүй байдаг.
Түүнээс гадна манайх бүх хөрөнгийг бүртгэж чаддаггүй учраас далд эдийн засгийн асуудал бий. Орлого нь тодорхой бус иргэд гэсэн нэрийдлээр сардаа 10 000 төгрөг төлөөд явдаг. Гэтэл цаана нь хэдий хэмжээний бүртгэлгүй хөрөнгө эргэлдэж байгааг мэдэхгүй шүү дээ. Далд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого нь байгаа ч хэрэгжилт дээрээ уначихдаг.
- Гадаад худалдааны алдагдлыг бууруулахад эхний ээлжинд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
Гаднаас орж ирдэг орлогын гол эх үүсвэр нь экспорт, хөрөнгө оруулалт, өр зээл байдаг. Харин экспорт буураад, хөрөнгө оруулалт багасахаар өр тавихаас өөр аргагүй болж байна. Зарцуулалтын талаас харахад манай улс их хэмжээний импорт хийдэг, харьцангуй өндөр хэрэглээтэй орон. Дотооддоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг заавал гаднаас хямдхан оруулж ирэх шаардлагагүй. Импортын ижил бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье л гэж байгаа бол ийм алхам хийх нь зайлшгүй. Хятадууд ийм импортын бүтээгдэхүүнд өндөр татвар тавьдаг. Худалдан авагч дотоод, гадаадын ижилхэн үнэтэй хоёр жүүснээс гадаадынхыг нь л голдуу авдаг. Гэтэл дотооддоо цөөн тооны бүтээгдэхүүн гаргах гэж бөөн зардал гаргаж байна шүү дээ.
Түүнчлэн авто машины импорт өндөр татвартай байх хэрэгтэй. Хятад импортын машинаас маш өндөр татвар авдаг учраас дундаж орлоготой хүн машин унадаггүй. Зөвхөн их мөнгөтэй хүн л худалдаж авч чадна. Гэтэл Монголын иргэн болгон хуучин шинэ хамаагүй машинтай байна. Хуучин машинуудын ашиглалтыг хязгаарлахын зэрэгцээ нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй. Машин бол тансаг хэрэглээ. Архи, тамхины татварыг ч бас дахиж нэмэх хэрэгтэй.
Түүнчлэн мэдээж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх ёстой. Дотоодын бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ 100 хувь хангадаг болтол нэмэх хэрэгтэй. Харин дотоодын үйлдвэрлэлд ашиглах бүтээгдэхүүний татварыг нэмж болохгүй.
- Манай улсын санхүүгийн систем хэр найдвартай вэ?
Аль ч улс орны эдийн засгийн тогтвортой байдал нь санхүүгийн системээсээ шалтгаалдаг. Монголын санхүүгийн систем зөвхөн банкан дээрээ төвлөрсөн. Тэгэхээр банкныхаа тогтолцоог тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн үг.
Таджикстан л гэхэд газар нутгийнх нь 40 хувь Хятадуудын мэдэлд орчихлоо.
Хятадын Bank of China орж ирсэн талаар маргаан явж байна. Нэг хэсэг нь ганцхан банк орж ирэхэд сүйдтэй зүйл болохгүй гэж байгаа ч Bank of China-гийн актив нь манай ДНБ-ээс хавьгүй их. Тэгэхээр энэ банканд Монголын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь залгих хөрөнгө бий гэсэн үг. Энэтхэгийн банкны салбарын 70-80 хувийг Bank of China хянадаг. Дотоодын санхүүгийн зах зээл гэж бараг байхгүй. Казахстаны зах зээлд гарч ирэхдээ анх ЖДҮ-ийг санхүүжүүлнэ гэж байсан ч хэдхэн том компанийг тэтгэсэн. Одоогоор Bank of China-гийн зөвхөн төлөөлөгчийн газар Монголд байгаа. Шууд зээл өгөх эрхгүй, харин зээлд зуучилдаг.
Гадаадын өр зээл нь санхүүгийн системийн нэг хэсэг байдаг. Тиймээс гадаадын өр зээлд маш хянамгай хандах ёстой. Яагаад гэвэл дэлхийн санхүүгийн зах зээлд том гүрнүүдийн бодлого явж байдаг. Бусад улсыг дайн байлдаанаар эзэлдэг үе өнгөрсөн. Зөвхөн санхүүгийн системийг нь хяналтандаа оруулчихвал тэр улсыг эрхшээлдээ авлаа гэсэн үг. Таджикстан л гэхэд газар нутгийнх нь 40 хувь Хятадуудын мэдэлд орчихлоо. Энэ бол яг одоо өрнөж буй процесс. Монгол ч гэсэн эргээд зээлээ төлж чадахгүй бол ийм байдалд орох магадлал байгаа. Ойрын 20 орчим жилд хүмүүс энэ асуудлыг мэдрэхгүй. Харин магадгүй 30, 40 жилийн дараа газар нутгийнхаа тодорхой хэсгийг өрөндөө өгөх асуудал бодитоор гарч ирнэ. Тэгэхээр бидэнд цаашдаа дотоодын нөөц бололцоогоо ашиглахаас өөр зам байхгүй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн булчирхай гэж үг байдаг шүү дээ.
Манайд голдуу зээл өгдөг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг бол буяны байгууллага биш. Цаана нь хөрөнгө нийлүүлсэн эзэд бий. Эздийн хүслийг л дагадаг. Хэрэв эдгээр байгууллагууд манайд зээл өгөхөө больчихвол хүндхэн байдалд орно.
URL: