Ноён уулыг нурааж, байгаль орчныг нь хордуулах уу?

527-1422249735uul856_gsӨнөөдрийн төр засгийнхны анхаарлыг ихээр татаад байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гачууртын амны 60 тонн алтны нөөцтэй ордыг ашиглах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн билээ. Цэнгэг усны арвин нөөцтэй, уулын салаа болгон нь горхи булагтай, ойн сан бүхий энэ газар руу Сентерра Гоулд компани Бороо Гоулдаас шууд зам тавиулан, ой модыг нь сүйтгэж эхлэхэд нутгийн иргэд яаж бухимдаж байлаа даа. Тухайн үед орон нутгийн иргэд манай зарим ТББ-ууд, ОХУ, АНУ-ын эрдэмтэн судлаачид хэвлэл мэдээлийн байгууллагууд оролцсон уулзалтууд болж, “Урт нэртэй хууль” гараад удаагүй байсан энэ үед Монголын олон нийтэд нилээд таагүй уур амьсгал төрүүлж байсныг уншигчид мартаагүй байх учиртай.
Миний бие ч хошуу нэмэрлэж, Өдрийн сонинд “Хаан хор” хэмээх нийтлэл бичин, эндхийн хүнцлийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байлаа. Анх Монголын “Гачуурт”  компани алтыг нь ухаж авчихаад явсны дараа  тэр хавийн айлууд Гачууртын голоос уухын аргагүй болтол хүнцлээр хордсон байжээ. Тэр үед “Сентера гоулдынхан” автомашин гарган тэднийг зөөврийн усаар ундалж байгаа гэж захирал ноён Казаков нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэд өөрсдөө Гачууртын амны уул хадыг оройгоос нь эхлэн тэсэлж дэлбэлэн  ухаад эхэлбэл эндхийн газар шороон дор булаатай байгаа хүнцлийн их хор хөрс ургамал,  гол ус, хүн мал, араатан жигүүртнийг юу болгодог болоо? Манай хэдэн дарга нарын хувьд мөнгө л олж байвал хэнд ч юугаа ямар үнээр худалдах нь падлийгүй болсон бололтой. Сураг сонсвол 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай энэ уурхайгаас манай улсад ногдох ашиг улсын төсвийн дөнгөж 5 хувийг л бүрдүүлэх юм билээ. Тэгээд ч энэ хэмжээний алт ямар бидний мөнхийн хоол биш эд нар яг Бороо Гоулд шиг 4-5 жилд ухаж авчихаад хаяад явж одно. Ард нь бид нар яг сарны гадаргуу шиг болчихсон газар нутгаа сахиад үлддэггүй бил үү.
  Нэгэн зүйл

Алтны үндсэн ордонд мөнгө агуулагддаг, мөнгийг хүнцэл байнга дагалддаг гэдгийг геологийн салбарынхан бүгд мэднэ. Асуудлын гол учир нь хэр хэмжээтэй агуулагдаж байна вэ гэдэгт байдагт. Баян-Өлгийн Асгатын мөнгөний ордыг социализмын үед ашиглахгүй хойшлуулаад байсны гол шалтгаан нь тэндхийн хүдэрт нь хүнцлийн агууламж маш өндөр байсанд оршино. Оросууд мөнгөний уурхайг ашиглабал байгаль орчинд маш их сөрөг үр дагавар авчрана гэж үзээд төслийг зогсоож байлаа. Тэгвэл одоо ашиглах гээд байгаа Гачууртын ордоос нь холгүй хэдэн жилийн өмнө Бороо Гоулдынхны алтыг нь хөндийлж ухаж авчихаад хаягдлыг нь устай хольж асгаад тамын тогоо адил болгочихсон том нууранд  нөгөө хор чинь  мянга мянган тонноороо байгаа шүү.
АНУ-ын Хөдөлмөр хамгаалал, Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн судалгаагаар 1 м3 агаарт 0.002-мг хүнцэл агуулагдахад хавдар үүсгэдэг ба амь насанд аюултай тун нь 5мг/м3 гэж гарчээ. Уг нь хүнцэл металл болохынхоо хувьд газрын гүнд чулуун дотроо хэвтэж байвал хэнд ч гэм зэмгүй эд. Гагцхүү газрын гадарга дээр ил гаргаад ирэх юм бол агаар, салхи, нар, бороо цасны усанд исэлдэн хоруу чанар нь хэдэн зуу дахин ихэсдэг байна. “Алт дагавал аминд цөвтэй” гэж бидний өвөг дээдэс сургадгийн цаад учир энэ л юм болов уу. Хүнцэлд хамгийн өртөмтгий эд эрхтэн бол бидний болоод мал амьтны элэг, бөөр, арьс уушиг байдаг аж. Манай өмнөд хөрш Өвөр Монголд хүнцэлтэй газар нутаг ихтэй, тэндхийн өвчилсөн хүмүүсийнх нь дүр төрхийг өнгөт альбомоос харахад хүн аймаар юм билээ. Гаднаас нь харахад гар хөл, нүүр ам нь түлэгдчихсэн аятай чернилэн ягаан толбоор дүүрсэн байсан. Тэдний дотор эрхтний өвчлөлтэй бол юу ярихав.
Ганц хоёрхон жишээ татахад циант мөнгөн усанд сумаараа хордсон Хонгорын төвийн хэд хэдэн худгаас авсан дээжинд хүнцэл их хэмжээгээр илэрсэн тухай 2009 онд Германы эрдэмтэдийн судалгааны тайланд туссан байсан. Мөн Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Ханбогд зэрэг нилээд олон суманд нинжа нарын мөнгөн усаар алт угааж байсан худгуудын хажуу хөрснөөс авсан дээжинд хүнцэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн зуу дахин их хэмжээтэй байсныг манай судлаачид бас тогтоосон байдаг.  Нинжа нарын дээрх газрууд руу зөөж тээрэмдэн угааж байсан эрдэс чулуулгууд бүгд хүнцэл агуулж байсны баталгаа энэ.  Монгол орны эрдэс чулуулаг ер нь байгалаасаа хүнцлийн агууламж өндөртэй болохыг ДЭМБ тогтоосон ба ялангуяа говийн бүс нутагт бүр өндөр. Улаанбаатарын бид хэд ч гэсэн хүрэн нүүрсэнд ихээр агуулагддаг хүнцэлтэй, хар тугалгатай утаандаа өвөл бүр хордсоор яваа. Сентерра Гоулдын уурхайн үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй Хараа, Бороо голын энэ сав газар  мөнгөн усны бохирдлын түвшингээрээ Монголдоо толгой цохидог. Одоо дээр нь хүнцэл нэмэгдвэл голын энэ ай савд алсдаа хүн, мал, амьд амьтан амьдрах ямар ч аргагүй болно. Мөн дээрх жижиг голууд нийлж урссаар Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур хүрдэг учир ОХУ цаашилбал олон улсын анхаарлын төвд байдаг онцгой бүс нутаг гэдгийг мартах ёсгүй.
Нэгэн зүйл

Морьтой хүн явж давахад бэрх байсан Ноён уулын битүү ойтой, үзэсгэлэнт сайхан нуруу өнөөдөр ой модыг нь хядан машин зам тавьснаас хөрс шороо нь энд тэндгүй сэндчилэгдэж,   ургамал ногоо нь талхлагдаж, нүд хальтирмаар болсон байна. Бид өөрсдөө хажууд нь амьдарч байгаад төрийн ямар нэг зарлиг шийдвэргүйгээр нутаг орноо ингэж сүйтгүүлж байгаа юм чинь харийн хүмүүс нутгийг чинь хайрлана, хамгаална гэж юу байхав. Алтыг нь бушуухан ухаж авчихаад түргэн  зайлахаа л бодно. Канад улсад бүртгэлтэй Сентера Гоулд гэгч аж ахуйн энэ нөхдүүдийн эзэмшилдээ авчихаад 2008 оноос хойш хэнийг оруулахгүй харуул хамгаалалттай тавьчихсан талбайн хэмжээ 2000 гаруй га болдог. Энэ том талбайд Оросын эрдэмтэн Козловын 1924-25 оны үед Түвдүүдтэй хамтарсан судалгаагаар олж илрүүлсэн 200 гаруй булш бунхан олсноос өөр дорвитой судалгаа хийгдээгүй учир одоогоор хагас дутуу илэрчихээд байгаа булш бунхных нь тоо заримд нь харьцангуй цөөхөн мэт санагддаг байх. Гэхдээ л Египет улсад  мөнөөх алдарт Хаадын Хөндийгөөс олж илрүүлсэн булш бунхны тоо 70 байсан гээд бодохоор Ноён уулын орчим нутаг бол олон мянган жилийн түүхтэй Монголчууд бидний өв соёлыг агуулсан ариун дагшин газар.

Одоохондоо олж илрүүлээгүй, газрын хүнд нуугдмал байгаа хэдэн мянган жилийн өмнөх Хүннүгийн үеийн 7-15метрийн гүн цэвдэгт газар байршуулсан эртний их хаадын бунхан дурсгалт газруудыг одоо л хамгаалалтанд авахгүй бол алтныхны хөлд юу ч үгүй болтлоо сүйрэх нь тодорхой. Хэрэв ийм явдал гарах юм бол юун Мандал сум, Монгол нутгаар зогсохгүй Канадуудад хэдэн тонн алт өгөх гэснээсээ болж, хүн төрөлхтөний балар эртний түүх дурсгалыг сүйтгэсэн хэрэгт  өөрсдөө орооцолдож дэлхий нийтэд шившгээ дэлгэх болно.   Бид Гачууртын ордыг гадныхнаар ашиглуулбал тав аравхан жилийн дараа Ноён уул гэж нутгийнхны балар эртнээс шүтэж ирсэн тахилгатай энэ мундаг хайрхан нүх сүвээр дүүрсэн нүцгэн толгой болж, Бороогийн хөндийд багтахааргүй хортой нууртай л үлдэнэ. Уурхай гэдэг чинь уулыг тал болгож, талыг там болгодог лайтай бизнес.   Гачууртын ордыг ашиглаж эхлэхээс өмнө заавал хийгдсэн байх ёстой байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, болон техник эдийн засаглалын үндэслэл зэрэг баримт бичгүүдийг би л тэдний сайтан дээрээс болоод бусад газраас хайгаад олоогүйдэг. Энэ бичиг баримтууд олон нийтэд ил тод байдаггүй учир ядаж эхний ээлжинд эрдэмтэн судлаачид хамтраад Гачууртын ордны эрдэс чулуулгийн химийн найрлагийг хэд хэдэн лабораториудад дорвитой судалгаа хийлгэн дүгнэлт гаргуулж нийтэд мэдээлэх ёстой.
Хоёр жилийн өмнө нөгөө урт нэртэй хуулиа хүчингүй болгоно, өөрчилнө хэмээн их хурлын хэсэг түшээд дайраад байсан, ийм л юм хийх гээд байсан нь одоо тодорхой болж байна. 1800 гаруй метр өндөр Ноён хайрханы оройгоос нь эхлэн тэсэлж дэлбэлж, одоогийн Бороо Гоулдынх шиг 300-500метр гүнзгий том том нүх ухан хүдрийг нь хүнд даацын тэргээр өдөр шөнөгүй зөөж эхлэх юм бол энэ нутгийн эко системийн тэнцвэрт байдал алдагдаж, дахин сэргэшгүй болтлоо сүйрэх нь хэнд ч тодорхой. Алтны орд руу шүлэнгэтэн дайрагсад гол усыг тэр хавийн хүн мал уухын аргагүй болтол бохирдуулан ширгээж хорлодог. Заамар, Уянга, Баянхонгор, Өмнөговь… гээд Монголын хамгийн эмзэг бүс нутгуудыг хамарсан алт дагасан шуналтнуудын улангаслаас үүдсэн гамшиг цөөхөн Монголчууд бидэнд аль хэдийнэ нүүрлэчихсэн байгаа шүү дээ. Хол ойр  гэлтгүй мах сүү, ногоогий нь зөөгөөд идэж байгаа манийгаа хүртэл хаан хороор мажийлгаж мэдэх нь.
2200 жилийн түүхтэй Монгол төрийн их хаад хатдын булш, бунхныг залсан эртний тахилга сүлдэт Ноён уул маань одоохондоо УИХ-аас 2009 онд баталсан Урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар бүрэн хамгаалагдсан байгаа. Бидний хэн ч атугай бүгдээрээ хуулиндаа захирагдаж амьдрах үүрэгтэй. Төр засгийн одоогийн эрх баригчид  дээрх хуулийг зөрчин стратегийн ордод хамруулаад төр засаг оролцон хамтран ашиглана ч гэх шиг хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг зүйл ярьдаг. Сентерра Гоулд компанид алтны ашиглалтын лицензийг олгох хувийн өчүүхэн сонирхолтой гишүүд энэ асуудлыг хэлэлцэх хуралдааны үеэр зөвшөөрсөн кноп дарах аваас таныг болоод үр хүүхдүүдийг чинь их хаадыг онголсон ариун дагшин нутаг, Монгол нутгийн бурхан тэнгэр үеийн үед өршөөхгүй шүү…

                                                                                   Ш.Пүрэвсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих