“Ухаарал” сургамжит өгүүллэг
Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.
Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа
-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.
Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй… гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.
Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:
-Өчигдөр орой хариад юу сурав?
-Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо.
Өчигдөр ээждээ тусалж байхдаа “Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой”-г ухаарлаа.
-Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэллээ.
Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.
Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.
URL: