С.ЧИНЗОРИГ: ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛАГСАД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВДАГ, ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ЦАЛИН НЬ НЭМЭГДДЭГ БАЙХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО
-Хөдөлмөрийн сайд болоод сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд чамгүй олон ажлууд хийж, заримынх нь үр дүнг үзэж байх шиг байна. Ямар ажлууд эхлүүлээд байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Сар гаруй хугацаа өнгөрчихжээ. Ажлаа авсан даруйдаа өнгөрсөн гурван жилийн ажилтай танилцах, өнөөгийн хүрсэн төвшнийг нь судлах зэргээр бага зэрэг хугацаа зарцуулсан зүйл бий. Гэхдээ өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын албан тушаалыг хашч байсан учраас салбарынхаа нөхцөл байдал, хууль эрхзүйн орчинтой танилцах хугацаа маань бага байсан. Гэхдээ цаг хугацаа маш хурдан өөрчлөгдөж байна. Дэд сайдын албан тушаал хашч байснаас хойш зургаан жил өнгөрсөн учраас энэ хугацаанд асар их өөрчлөлт гарчээ. Ажлаа авснаас хойш хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарч ажиллалаа.
2010 оноос хойш хөдөлмөрийн чиглэлийн хууль тогтоомжид бага өөрчлөлт орсон учраас энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зөв гэж үзсэн. Манай яам өнгөрөгч лхагва гарагт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үйлдвэрчний эвлэл, холбогдох хэлтэс, агентлаг, УИХ, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн талуудыг оролцуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн маргааныг хэрхэн богино хугацаанд шийдэх, иргэдийн цалингийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хөндөж ярилаа. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдаж байсан. Түүнээс хойш нэмэлт өөрчлөлт ороогүй атал, хөдөлмөрийн зах зээлд бүтцийн томоохон өөрчлөлт орсон байна.
Энэ хууль анх батлагдаж байхад эдийн засагт төрийн оролцоо их байсан бол одоо зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшлийн эзлэх хувь хэмжээ ихэссэн учраас өөрчлөхөөс өөр аргагүй юм. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтоомж, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг ч ярилцаж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
-Төрийн албан хаагчдын тэтгэмжийг хэвээр олгох шийдвэр гарсан. Гэхдээ ямар байдлаар олгох вэ. Хөдөлмөрийн яамнаас ажилласан жилээр нь олгох ёстой гэдэг санал гаргасан. Энэ нь дэмжлэг авсан гэсэн үг үү?
-Тэгсэн. Ажлаа авснаас хойш хийсэн хоёр дахь том ажил болж байна. Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь нэг удаад олгодог буцалтгүй тусламжийг ажилласан жилээс нь хамаарч олгох уу, эсвэл хүн болгонд ижилхэн нэг жил ажилласан ч төрийн албан хаагч гэж үзээд өгөх үү гэдэг асуудал маргаан дагуулсан. Энэ талаар яам нэлээд онцгой анхаарч, төрд ажилласан жилээр нь хамаарч олгодог байх нь зөв гэсэн санал гарган журмыг нь шинэчилсэн.
-Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр яригдсан нэг шинэ зүйл нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн цалин, нийгмийн халамжийг анхаарах асуудал байсан. Мөн туслах малчинд цалин олгох асуудал ч яах аргагүй шинэлэг сонсогдож байлаа?
-Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг нэлээд өргөжүүлж байна. Өмнө нь хөлсөөр ажил хийхийг Иргэний хуулиар зохицуулдаг байсныг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн, хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийддэг байсныг зохицуулж гурван талтаар асуудлаа ярилцаад маргаанаа шийдэж чадахгүй бол эцэст нь шүүхэд очдог байхаар өргөжүүллээ. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хууль зөвхөн ажилтны бус ажил олгогчийн эрх ашгийг хамгаалж, эрх үүргийг нь тодорхойлох хууль юм.
Хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая иргэн ажиллаж байгаа. Эдгээр ажиллагсдын ихэнх нь буюу 500 гаруй мянга нь хувийн хэвшилд ажилладаг. Тийм учраас хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгаа болоод ажиллах эрхтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулж өгнө. Хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн цалингийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байна. Хувийн хэвшилд ажилладаг иргэд мэргэжлийн ур чадвараасаа шалтгаалан ялгамжтай цалин авдаг тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй.
Үнэнийг хэлэхэд, эдгээр ажиллагсдын цалин, тэтгэмжийг зохицуулдаг хууль манайд маш бүрхэг. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулагддаг. Гэтэл энэ маань мэргэжил боловсрол шаардахгүйгээр энгийн ажил гүйцэтгэж байгаа иргэдэд олгодог ажилчны цалингийн доод хэмжээ шүү дээ. Тиймээс мэргэжлээрээ тэдэн жил ажилласан бол мэргэжлийн зэрэг авдаг, тэр хэмжээгээр цалин нь нэмэгддэг байх тогтолцоог бий болгоно. Гадаадын компанид ажилладаг иргэдийн цалин хэт ялгамжтай байгаа асуудлыг ч энэ хуулиар зохицуулж өгнө.
Өөрөөр хэлбэл, адилхан хөдөлмөр эрхэлж байгаа бол монгол, гадаад ажилчин яг ижил цалингаар цалинждаг байх асуудлыг хуульд тусгана гэсэн үг. Таны хэлсэнчлэн, туслах малчинд цалин олгох урамшуулал зайлшгүй хуулиар зохицуулагдах нөхцөл байдал бий болоод байна. Албан бус секторт ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 50 гаруй хувийг малчид эзэлдэг. Албан бус сектор учраас хөдөлмөрийн харилцаанд ороогүй гэж үзээд эрх ашиг нь хуулиар зохицуулагддаггүй байсан. Тиймээс малчид маань ажил олгогч болсон буюу туслах малчин ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн хүрээнд цалин өгч, энэ хүрээнд гэрээ хийх, өөртөө ажлын байр бий болгосон бол Иргэний хуулиар зохицуулагдана.
-Цалингийн хэмжээг хэд гэж тусгах вэ?
-Яг тэдэн төгрөг байна гэж нарийвчлан тусгахгүй. Хэрвээ туслах малчин ажиллуулж байгаа малчин бэлэн мөнгөөр цалинг олгож чадахгүй бол 30-аас ихгүй хувийг нь мөнгөн бус хэлбэрээр өгч болно гэсэн заалт тусгагдсан. Ингэснээр туслах малчид мөнгөн урамшууллаас гадна биет хөрөнгөтэй болох нөхцөл бүрдэх юм.
-Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр явагдаж дууслаа. Гэвч долоо дахь удаагийн хэлэлцээр ямар асуудалд илүү анхаарал хандуулав гэдэг нь тодорхой бус байлаа. Цалин тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэдэг асуудалд анхаарал хандуулснаас биш зөвшилцлийн цаана ямар эрх ашгийг чухалчлав гэдэг нь тодорхой бус байна. Энэ талаар тодруулаач?
-Гурван талт улсын хэлэлцээр зөвхөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг хэлэлцдэг юм биш. Хөдөлмөр, нийгмийн харилцаатай холбоотой бүх асуудлыг шийдэх ёстой. Тэр утгаараа хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа 1.1 сая иргэдийн нийгмийн асуудлыг шийднэ. Би үйлдвэрчний эвлэлийнхэнд хэлдэг юм. Та нар зөвхөн төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг ярихаа болиоч ээ. Энэ зөвшилцөл зөвхөн цалин ярих гэж зөвшилцдөг юм биш шүү дээ гэж.
Нөгөө талаас Засгийн газар бол төрийн албан хаагчдад ажил олгодог ажил олгогч. Ажил олгогчийн хувьд ажилчдынхаа цалинг эдийн засгийн боломж бололцоотой үед шийдчих боломж бий. Тиймээс төрийн албан хаагч гэхээс илүү хувийн хэвшилд ажиллаж байгаа 900 гаруй мянган иргэдийнхээ цалинг хэрхэн нэмэгдүүлэх, ажлын байрыг яаж хадгалах вэ гэдгээ ярих ёстой гэж Үйлдвэрчний эвлэлийнхэнд хэлсэн. Энэ нь тэдний буруу биш л дээ. Бүтэц зохион байгуулалттай нь холбоотой. Үйлдвэрчний эвлэл гэдэг газар нутгийн зохион байгуулалттай, мөн хувийн хэвшил дээр бүтэц зохион байгуулалт байхгүйгээс шалтгаалж байгаа юм.
Тиймээс өөрийнхөө бүтцийн хүрээнд, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж буй иргэдийн дөнгөж 18 хувийн эрх ашгийг нь төлөөлж яриад байгаа юм. Гэтэл цаана нь 80 гаруй хувийнх нь дуу хоолой ерөөсөө гарч ирэхгүй, тэднийг төлөөлдөг хүн байхгүй байгаа юм. Өнөөгийн цаг үетэй нийцүүлж үүнийг өөрчлөх ёстой. Тиймээс хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн асуудлыг анхаарах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвараасаа шалтгаалж цалингийн нэмэгдэл авдаг байх гэх мэтээр зохицуулалт хийе гэдгийг зөвшилцлийн хүрээнд ярилаа. Үнийн өсөлт, инфляцийн төвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдаад цалинг нэмдэг тогтолцоог бий болгох талаар ярилцсан. Төрийн албан хаагчдын цалингийн санг нэмдэг байдлаар цаашид явахгүй ээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд ажиллагсдын асуудлыг ч давхар яриад явна.
-Засгийн газар оролцоод, Үйлдвэрчний эвлэл жагсаал зохион байгуулаад тэдний цалинг нэмчихэж чадахгүйгээс хойш ямар арга зам байна гэж?
-Яг тийм. Хувийн хэвшлийн цалингийн санг Засгийн газар шийдэхгүй. Нэмнэ гэж хэлээд мөнгө өгчихдөг юм биш. Тэгэхээр татвар, санхүүгийн уян хатан тогтолцоог нэвтрүүлснээр хувийн хэвшилд ажиллаж буй 900 гаруй мянган иргэний цалинг нэмэгдүүлэх боломж бий. Энэ жил ярилцаад Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлж, бодит орлогыг бий болгоё гэж шийдлээ. Хүн амын орлогын албан татварын хуулиар 7-84 мянган төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлнэ.
-Үйлдвэрчний эвлэл зөвхөн жагсаал зохион байгуулдаг юм шиг л ажилладаг. Эндээс юу ойлгогдож байна гэхээр цалингаа нэмүүлнэ гээд жагсчихвал цалин нэмчихдэг юм байна гэсэн ойлголт бий болж, төрийн албан хаагчид нэг ёсондоо шантааж хийж цалингаа нэмүүлдэг нөхцөл байдал бий болчихлоо?
-Тийм учир дутагдалтай тал байсан. Гэхдээ энэ жилийн гурван талт зөвшилцлийн үеэр энэ асуудлыг ярилцсан. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гурван тал бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, нийгэмд тогтвортой байдал бий болгохын тулд янз бүрийн жагсаал цуглаан хийхээс аль болох татгалзах санамж бичиг үзэглэлээ. Эдийн засгийн амаргүй ийм цаг үед ажиллагсадын орлогын төвшинг бууруулахгүй байх, ажлын байрыг аль болох хадгалж үлдэх ёстой гэсэн асуудал ч санамж бичигт багтсан байгаа.
Засгийн газар, салбар яам орлогын нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээж байгаа бол, Үйлдвэрчний эвлэл улс орныг хамарсан жагсаал цуглаан, ажил хаялт хийхгүй байх, ажил олгогчдын холбоо нь хямралтай байгаа ийм үед ажлын байрыг хадгалах, ажилчдаа цомхотгохгүй байх үүргийг тус тус хүлээлээ.
-Цалин, тэтгэврийг 100 тэрбумаар нэмэгдүүлнэ гэлээ. Гэхдээ эх үүсвэрээ яаж бүрдүүлэх вэ. Шоу болоод өнгөрөх юм биш биз?
-Би дээр ярьсан шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн бүтэц зохион байгуулалт нь өөрөө төрийн байгууллагыг түшиглэсэн байдаг. Тэр утгаараа л бүтцийн хүрээнд тэд ажлаа хийж, ажиллагсадын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулаад байгаа юм. Тиймээс энэ бүтцийн тогтолцоог өөрчилж, хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдэд анхаарал хандуулах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа юм. Ингэснээр төрийн албан хаагчдын цалинг л ярьдаг байдлаасаа Үйлдвэрчний эвлэл гарна.
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Засгийн газар ярьсан. Импортоор орж ирж байгаа нефть бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авахаар болж байгаа юм. Өмнө нь нефть бүтээгдэхүүний татварыг тэглэсэн байсан бол нэг хувь болгон нэмэгдүүлж, тэндээс орж ирэх мөнгийг цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд зарцуулна гэж ярилцсан. Цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 13 тэрбумыг тавьсан. Мөн Нийгмийн даатгалын байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоо 70 тэрбумаар нэмэгдүүлнэ.
Цалинг яг хэзээ нэмэх вэ гэдгийг зарлахгүй. Яагаад вэ гэхээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх хугацааг төсвийн тодотгол батлагдсаны дараа үе шаттай нэмнэ гэж ярьсан. Бүгдийг нь жигд нэмэхүү, эсвэл эхлээд багш, эмч нарын цалинг гэх байдлаар хувааж нэмэх үү гэдгээ удахгүй ярилцана.
-Төрийн албан хаагч гэхээр сургуулийн цэвэрлэгчээс эхлээд төрийн тусгай албан хаагчид хүртэл хамрагддаг. Үүнийг ялгах салгах цаг нь болсон баймаар. Төрийн албан хаагч гэдэг нь хэн юм, багш, эмч нар төртэй гэрээ байгуулж, түүнийхээ үндсэн дээр цалингаа нэмүүлдэг байдлаар ажиллаж болохгүй байна вэ?
-Таны хэлдэг зөв л дөө. Ер нь төрийн албан хаагч, төрдөө зүтгэж байгаа хүмүүстэй төр хайр энэрлээ үзүүлж явах ёстой. Тэгшитгэсэн биш, захиргааны аргаар биш шударгаар ижил тэгш үзүүлэх ёстой юм. Төрийн үйлчилгээг сумдад хүргэж байгаа багш, эмч нарын асуудлыг илүү анхаарах хэрэгтэй. Төрийн тусгай албанд эх орныхоо төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн жагсаал цуглаан зохион байгуулж, эрхээ хасуулсан албан хаагчдынхаа асуудлыг ярих цаг нь болсон байна.
Төрийн тусгай албан хаагчдад нийгмийн халамжийн ялгавартай бодлого явуулмаар байна. Одоо зарим хуулиудаар энэ асуудлыг шийдээд явж байгаа ч салбар салбарын хуулиар гэхээс илүүтэй нэг цонхоор харж, нэгдсэн хуулиар зохицуулдаг болох ёстой. Тиймээс энэ талаар судалгаа хийгээд явж байна.
-Та МАН-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогыг асуудлыг олон жил хариуцаж ажилласан. Гэтэл Хөдөлмөрийн яамны өмнөх сайд нь АН-аас байсан. Тэр утгаараа АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой монгол хүн” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байсан шүү дээ. Таны хувьд үлдсэн нэг жилийн хугацаанд ямар чиглэл барьж ажиллах гэж байна вэ?
-Төрийн ажлын залгамж чанар байх ёстой. Би насаараа төрийн албанд ажилласан учраас залгамж чанарыг хатуу баримталдаг. Гэхдээ засч залруулах зүйл байгаа. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар түлхүү анхаарч ажиллана. Өмнөх сайд бид хоёр нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан бодохгүй учраас ажил маань ялгаатай л явагдана.
Эдийн засгийн хямралтай энэ үед ажлын байрыг хадгалах, ажлын байр нь цомхотголд өртөж болзошгүй ажилчдын ажлын байрыг хамгаалах, шинээр ажлын байр нэмэгдүүлэх талд илүү анхаарч, цаг үетэйгээ нийцсэн шийдвэрүүд гаргаад явна. Үйл ажиллагаагаа зогсоочихгүй ажилчдаа халахгүй явж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана. Санхүүгийн дэмжлэгээс гадна ажилчдынх нь нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлээд явна.
-2015 оны улсын төсвийг тодотголоо. Хөдөлмөрийн яамны төсөв хэр хэмжээгээр танагдав. Ирэх онд яам ямар том ажлуудыг эхлүүлэх бол?
-Эдийн засгийн хямралтай байгаа учраас улсын хэмжээнд төсвийн орлого, зарлагаа нэг их наядаар бууруулж баталлаа. Төрийн яам, агентлагууд орон тоогоо 15 хувиар бууруулахаар болсон. Тиймээс энэ чиглэлээр манай яам дээр орон тооны цомхотгол хийгдэнэ. Түүнчлэн Засгийн газраас гаргасан чиг үүрэг нь давхцаж байгаа байгууллагуудыг нэгтгэж зохион байгуулалтыг нь өөрчлөх асуудал байгаа.
Энэ хүрээнд манай яам дээр Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институци гэсэн гурван байгууллага нэгтгэж нэг байгууллага болно. Хөрөнгө оруулалт хумигдсан учраас манай яам дээр хэрэгжих хөрөнгө оруулалтууд багассан. Бараг л байхгүй болсон. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сандаа 80 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд зарцуулна.
-Бүтцээ хэрхэн бүрдүүлж байна вэ. Сайдууд халаа сэлгээ хийхгүй гэж Ерөнхийлөгчийн өмнө амласан атлаа одоо өөрийнхөө хүмүүсийг бүх л хэлтэс, албад руу шахаж байна?
-Засгийн газраас яамны бүтцийг өөрчлөх бүтэц төлөвлөгөөг баталж өгсөн. Өөрөөр хэлбэл, яамны орон тооны дээд хязгаарыг баталсан гэсэн үг. 20 хүнээр бууруулж 100 хүнтэй байхаар баталлаа. Энэ хүрээнд бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Одоогоор бүтцэд хөдөлгөөн ороогүй байгаа. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй учраас яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй гэсэн үг.
Тиймээс салбар зөвлөл байгуулагдах хүртэл бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Төрийн нарийн бичгийн томилгоо хийгдсэний дараа бүтцээ өөрчилж, сонгон шалгаруулалт хийгдэнэ. Мөн яамны хэлтэс, газрын дарга нар түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтай байгаа учраас түр томилолттой байгаа албан тушаалтнуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага байгаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: