Монголын сайтуудын нэгдсэн 2 дугаар чуулганд МОСАХ-ны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайханы хэлсэн үг
Эрхэм Дэд ерөнхийлөгчид өө, Эрхэм Удирдах зөвлөлийн болоод Хяналтын зөвлөлийн гишүүд ээ, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа. Эрхэм вэбсайт эрхлэгчид, чуулганы төлөөлөгчид өө. Чуулганы үйл ажиллагааг албан ёсоор нээж байгааг мэдэгдье.
2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХХЗХ-оос батлахаар бэлэн болгосон Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг батлагдах өдрөөс нь өмнө хэлэлцэхээр Монголын вэбсайт эрхлэгчид хуран чуулж байсан. Хоёр жилийн өмнө чуулсан тэр хурлаас өнөөдрийн Монголын Сайтын Холбооны бүтэц бүрэлдэхүүн, удирдлагууд сонгогдож ажилласан юм.
Монголд интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг хүн бүр мэднэ. Харин бодит тоо та бидний төсөөлж байгаагаас ч илүү гарсныг би энд онцлохыг хүссэн юм. Энэ тоонууд өнөөдөр Монголын мэдээллийн зах зээлд, мэдээллийн технологийн зах зээлд бидний орон зай хэр хурдан тэлж байгааг, бидэнд хөгжих орон зай, боломж хязгааргүй нэмэгдэж болохыг харуулж байгаа учраас чуулганы индэр дээрээс баяртайгаар хэлж байна.
6 сарын өмнөх судалгаагаар Монгол улс дахь суурин интернет хэрэглэгчдийн тоо 1 сая 77 мянга 202 болсон нь 6 сарын өмнөх үзүүлэлтээсээ 200 мянгаар давжээ. Энэ хэрэглэгчдийн 87 хувь нь УБ т амьдарч байгаа бол аймгийн төвүүдэд 10 хувь, сумдад 3 хувийн хэрэглэгчид байна. Вэбсайтын хэрэглэгчид өдрөөс өдөрт үлэмж өсөхийн нэг чухал учир шалтгаан нь үүрэн холбоо юм. Дээрх судалгаагаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 4 сая 337 мянга 644 болсон нь 3 сая дахь иргэнээ хүлээж авч байгаа Монгол улсад гайхамшиг юм. Эдгээр хэрэглэгчдийн 26 хувь нь буюу 1 сая 127 мянга 620 хэрэглэгч нь 3G технологи ашигладаг. Мөн энэ хэрэглэгчдийн 1 сая 473 мянга 825 хүн нь ухаалаг утастай бөгөөд энэ тоо нийт хэрэглэгчдийн 34 хувийг эзэлж байна. 6-хан сарын дотор үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо 1 сая 135 мянга 464 хүнээр нэмэгдсэн гэдэг мэдээ ч сайхан сонсдож байна.
Мэдээллийн технологийн салбар сүүлийн жилд 433,1 тэрбум төгрөгийн орлого олсноос интернет, вэбсайтын үйлчилгээний орлого 8 хувийг эзэлж байна гэжээ. Энэ нь 35 орчим тэрбум төгрөг болж таарах нь. Энэ бүх тооноос юу харагдаж байна вэ гэхээр бид дор бүрдээ хичээсэн цагт ирээдүй бидний өөдөөс инээмсэглэн харж байгаа юм байна гэсэн итгэл төрж байгаа билээ.
Монголын Сайтын Холбооны хийж бүтээсэн ажлууд, хэрэгжүүлсэн арга хэмжээ сэтгүүл болж чуулганы төлөөлөгчдийн гарт хүрсэн. Иймд би энд өмнөх чуулганаас хойш хийж чадаагүй, цаашид бид хийж хэрэгжүүлэхсэн гэж хүсч байгаа зарим асуудлыг дурдмаар байна.
Нэг. Юуны өмнө харилцаа холбооны зохицуулалтын асуудлыг вэбсайт эрхлэгчдэд таатай нөхцөлөөр шийдвэрлэх хэрэгтэй байна. Бидний 2 жилийн өмнө бяцхан амжилт олсон “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” Вэб сайт эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагатай урвалд орж зүсээ хувиргаад байгаа. Энэ бидний анхаарч, өөрчлөлт оруулах ёстой нэн чухал зохицуулалтын баримт бичиг гэдгийг анхааралдаа авна уу? Сайтууд хөндлөнгийн нөлөөтэйгөөр хаагдаж, хакердуулж өөрсдөө ч эрх ашгаараа хохирч, хэрэглэгчдээ ч мэдэх эрхээр нь хаалгаж боолгомооргүй байна. Нэгэнт эрх ашгаа хамгаалуулах, нийтлэг эрх ашиг дээрээ дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор энэ ТББ оршин тогтнож байгаа болохоор дор бүрдээ асуудлуудад ухамсартай хандаж оролцоогоо идэвхжүүлмээр байна.
Хоёр. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл бэлэн болж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн баригдаад хэдэн сарын нүүрийг үзэж байна. Энэ хуулийн төсөл дотор вэбсайтыг мэдээллийн хэрэгсэл гэдгийг баталгаажуулсан заалт орсон, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах заалт дээр анхаарч ажилласан нь сайшаалтай боловч хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч ардчилсан улс орны хувьд зөвшөөрч боломгүй хэд хэдэн заалтууд бий. Бид үүнд анхаарлаа хандуулж салбарынхаа бусад эвсэл холбоод, байгууллагуудтай саналаа нэгтгэх, парламент дахь сэтгүүлч гишүүдийн лобби бүлэг үүсгэж ажиллах, дуу хоолойгоо нэгтгэх зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй болов уу.
Гурав. Хэвлэн нийтлэх, мэдээлэх, үйл ажиллагаа явуулах эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ хуулинд заасан хэм хэмжээг сахиж, оюуны өмчийг дээдлэн, мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримтлан Монгол улсын хуулийн дагуу, ёс суртахуунтайгаар хэрэглэгчдээ хүндэлж ажиллахыг вэбсайтад ажиллаж буй сэтгүүлч, админ гэлтгүй улстөр, бизнесийн байгууллагуудтай вэбсайтынхаа өмнөөс нүүр царай нь болж очиж харилцдаг, уулздаг хүн бүрээс хүсч байна. Дор бүрдээ хичээхэд болохгүй зүйл үгүй. Ингэж өөрсдөө үлгэр дуурайл үзүүлж гэмээнэ манай холбооны гишүүн сайтуудын нэр хүнд өсөхөөс гадна салбараараа масст сайхан харагдана.
Дөрөв. Холбооны дотоод асуудал, дүрэм журмуудыг сайжруулж, ТББ-ын чиг үүргээ хэрэгжүүлэх ажилд ахиц гаргах хэрэгтэй байна. ТББ-ын хийж гүйцэтгэж болох зарим төрийн ажлыг чиг үүргээ болгож авч хэрэгжүүлэн ажилламаар байна. Тухайлбал, домэйн нэрийн болоод хостын үйлчилгээ зэргийг бид хийж болно.
Тав. Гишүүнчлэлийн татвар, Холбооны санхүүжилтийг хариуцлагатай, тогтвортой болгож, өөрийн гэсэн өмч хөрөнгө, тоног төхөөрөмж бүхий, бие даасан, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдээс хараат бус, хүчирхэг ТББ болмоор байна. Энэ чуулганаас Холбооны дүрэм чанаржиж, удирдлага хүртэл чадвартай багаас бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний итгэлээр сонгогдож ажилласан хоёр жил миний хувьд бахархал дүүрэн хэрнээ хариуцлагыг цаг ямагт мэдэрсэн он жил байлаа.
Анхдугаар чуулганаар сонгогдсон УЗГ, ХЗГ болон гишүүн вэбсайтын удирдлагууд сайн гар нийлж, хийж хэрэгжүүлье гэж зорьсон зүйлүүдээ тухай бүрд нь амжилттай гүйцэтгэж ирсэн сайхан хамт олон, сайн баг байсан гэдгийг төгсгөлд нь онцлон хэлмээр байна.
Та бүхэн бол гайхамшигтай хамт олон. Хаа ч бахархаж, хаа ч өмгөөлж, хэдийд ч хамтдаа байх тийм орон зай, оршихуй минь болсон Та нартаа амжилт ололтын дээдийг хүсэн ерөөе.
2015 оны 1 дүгээр сарын 24
URL: