Олон оньсого
Тайлагдаагүй нууцуудаа заримдаа бид “оньсого” хэмээнэ нэрлэнэ. Таахын тулд зөндөө таавар дэвшүүлэх бөгөөд хамгийн оновчтой үндэслэл сайтай мэт санагдсаныг нь онол хэмээнэ. Тэгээд онолоо баримт, судалгаа түшиглэн, системчилэхээ шинжлэх ухаан хэмээгээд тааж чадсан оньсогоо нээлт гэж зарладаг билээ. Одоо харин Монголын тайлагдаагүй байгаа гурван оньсогыг таах гэж оролдоё.
Эдгээр нь бидний хамгийн сайн мэддэг юм шиг мөртлөө хамгийн үл тайлагдах оньсого билээ.
1. Монголын байгаль орчин
Дэлхийд ертөнцөд манай орноос илүү байгалийн сайхан, сонирхолтой үзэгдлүүд зөндөө л байдаг. Хорвоо ертөнц уудам Монголын хангайгаас илүү сайхан уул ус, ой мод нь алагласан газар, Орхоны улаан хүрхрээгээс минь илүү том сүрлэг хүрхрээнүүд, тал нутгаас маань илүү өвс, ус билчээр нь тэгширсэн нутаг, Өмнийн говиос маань илүү хатуу ширүүн догшин цөл байдаг. Манайхны хөөрдөг шиг дэлхийд хосгүй илүү нутаг бидэнд заяагаагүй юм.
Гэвч зөвхөн Монгол нутагт л байдаг тэр л онгон зэлүүд нутаг шиг тийм л нэг сонин далд увидастай, бишрэм, сүрлэг, сүрдэж мөргөөд, домог яриа, бөөгийн овоо тахилга, онгод, тамалгаанд нь итгэхээс өөр аргагүй газар оронтой тааралдаж байсангүй. Магадгүй өнгө дүрсийн гайхам хослол нь уу? Эрс тэрс нөхцөл байдал нь уу? Онгон зэлүүд нь уу? Анхилам тансаг үнэр нь үү? Тал хөндийд хязгааргүй үргэлжлэн алаглах цэцэгс нь үү? … хэлж мэдэхийн аргагүй тийм л гайхамшигт далд увидасаараа Монгол орны байгаль аливаа хүнд далдын мэдрэмж төрүүлж, онгод хойморийг нь дуудан хүний сэтгэлийг нууц увидасаараа татдаг.
Тиймээс л Монголын газар орон олон зураач, яруу найрагчдын онгод, сэтгэлийг хөөргөн, овоо босгуулж, тахин шүтүүлдэг биз. Монголын яруу найрагчдаас өөр тийм олноороо бусад улс үндэсний яруу найрагчид байгаль дэлхий болон эх хүнийг магтан дуулдаг гэж үү? Мэдэхгүй юмаа урлаг утга зохиол судлаач биш болохоороо өөрийнхөө хэмжээнд анзаарснаар минь бусад улс, үндэстэнгүүд байгаль болон эх хүнийг манайхан шиг тийм ихээр магтан дуулдаггүй юм шиг санагддаг. Манай газар орны далд увидаст автсан Рерих мэтийн агуу зураачид Монгол оронд татагдан зураг бүтээлээ туурвиж, өдий төдий харийн жуулчид, тэнүүлчид үнэндээ нүүдэлч малчдын аж төрөх ёсноос өөр сонирхох юм цөөтэй Монголд дахин дахин татагдаж ирдэгийнх нь бас нэг гол шалтгаан нь болдог юм.
2. Монгол эмэгтэйчүүд сэтгэл татам нь бас нэг тайлагдашгүй нууц
Азтай эр хүн л Монгол бүсгүйчүүдтэй гэрлэдэг буюу Монгол бүсгүйчүүд хамгийн сайхан нь гэж заримдаа бодогддог болчихлоо.
Гадаадад олон биш ч цөөнгүй орноор аялаж, эсвэл урт богино хугацаагаар амьдарч байна. Байгалиас заяасан эр хүйстэн болохоороо янз бүрийн орнуудаар аялаж байхад миний хамгийн их сонирхол татдаг зүйл бол тухайн орны бүсгүйчүүд байдаг нь чинхүү үнэн билээ. Бага залуу байхдаа найз нараасаа очсон гадаад орных нь тухай голчлон асуудаг, эс бөгөөс өөрийнхөө хэрхэн аялсан тухайгаа сонирхуулдаг хамгийн сонирхолтой зүйл маань бол тухайн орны бүсгүйчүүд нь ямархуу вэ? гэдэг байсан. Залуу хүмүүс найз нөхдөөсөө байшин, барилга нь, байгаль нь сайхан уу гэхээсээ илүү охид хүүхнүүд нь хэр юм бэ? гэж чухалчлан асуудаг билээ.
Газар газрын бүсгүйчүүд сайхан л даа. Ялангуяа дундаж европ зүгийн бүсгүйчүүд хөх, өгзөг, нуруу туруу, хөл шилбэ, царай зүс, нүд хөмсөг гээд аль ч талаараа дундаж ази, африк, араб, энэтхэгийн бүсгүйчүүдээс илүү л байдаг. Тийм ч гэсэн хаанахын ч сайхан бүсгүйчүүд нэг л гял цал болохоос Монгол бүсгүйчүүд шиг цаанаасаа эрчүүдийг татах увидасаараа манайхныг гүйцдэггүй. Улаанбаатарын гудамжаар алхалж байгаа эмэгтэйчүүд шиг тийм сэтгэл татам, тэнгэрлэг, золбоолог, итгэл төгс, бардам, аятайхан бүсгүйчүүдийг тэр Токио, Нью-Йорк, Сидней, Шинэ Дели, Москва, Бангкок зэрэг хотуудад олноор харж чадахгүй. Тэд гоё сайхнаараа, харагдах өнгө, гял цялаараа Монголын хүүхнүүдээс илүү байж болох ч ямар ч эрэгтэй хүний сэтгэл санаа, харааг булаах чадвараараа дутуу л байдаг юм.
Гэхдээ би Монгол бүсгүйчүүд маань үнэхээр сайхан юм даа гэж боддог байсан ч дараахи шалтгаануудын улмаас өөртөө эргэлздэг байсан. Учир нь ид охид бүсгүйчүүд сонирхдог насаа Монгол орондоо үдсэн болохоор хамгийн халуун дурсамжууд үлдээсэн тэр үеийнхээ сэтгэлгээгээр Монгол бүсгүйчүүдээ хэт өргөмжлөөд бодитоор дүгнэхгүй, мөн аливаа хүн ертөнцийг өөрөөрөө төвлөрүүлэн хардаг тэр л байдлаараа ертөнцийг өөрийнхөө угсаатны төвийн (ethno centre) үзлээр харан Монгол бүсгүйчүүдээ илүү сайхан гэж байгаа байх гэж өөртөө эргэлзэнгүй байв.
Гэтэл манай улсад ирж үзсэн гадны олон хүмүүс Монголын бүсгүйчүүдийн сайхныг магтан ярихыг бишгүйдээ сонсохоор барахгүй, тэд очиж үзээгүй анд нөхөддөө ярьж байсныг дам ярианаас хүртэл сонсож явснаар эргэлзээ маань арилсан. Гадныхан англиар Монгол бүсгүйчүүдийг тодорхойлохдоо “very attractive” гэдэг болохоос “very beautiful or pretty” гэж нэг их тодорхойлоод байдаггүй нь нэгийг хэлнэ. Цонхны таримал ямарч сайхан цэцгээс илүү атар хээрийн зэрлэг цэцэгс сэтгэл татаж нүд баясган догдлуудаг нь үнэн.
Харамсалтай нь бүсгүйчүүд маань сэтгэл татам, дур булаамаа мэдрэн үнэ цэнэтэй бардам байхаа мэдэхгүй, өнөө үед даанч хэт хямдхан загнан өнгө мөнгөнөөс өөрсдийгөө ихэд дор үнэлдэг. Монголын сайхан бүсгүйчүүд маань үнэ цэнэгүй болсон олон шалтгааны нэг нь Монгол эрчүүд бид байдаг. Монгол улс сул дорой, Монголд хүн хүнээ үнэлэх үнэлэмж доройгоос бүсгүйчүүд маань үнэ цэнээ мэддэхгүй болсон талтай.
3. Монгол орны түүх гуравдах тайлагдашгүй нууц
Монгол шиг хүн ам цөөтэй, байгаль орчин нь хүн суурьшин суухад ядмаг газарт Хүннү, Сянбигаас авахуулаад Их Монгол улс зэрэг хүчирхэг гүрнүүд бий болсон нь бас л тайлагдаагүй нууц юм. Эрдэмтэд судлаачид Монголын байгаль орчин, нүүдэлчин аж ахуй, нийгмийн онцлогтой холбож Монголд хүчирхэг гүрнүүд байгуулагдсаныг холбон тайлбарладаг. Энгийн харахад хүлээн зөвшөөрөхүйц авч, манайхаас илүү өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуйд илүү тохиромжит байгальтай, биднээс дутахгүй нүүдэлчин удамтай өнөөгийн Казахстаны нутагт яагаад хэзээ ч Монгол нутагт мандан бадарч байсан шиг хүчирхэг нүүдэлчдийн улсуудтай дүйцэхүйц гүрэн байгуулагдаагүй вэ? гэсэн асуултанд л эрдэмтдийн тэдгээр дүгнэлтүүд навс унах юм шиг.
Ядаж тэр ядмаг байгальд яаж тийм их гүрэн байгуулах эдийн засгийн болон хүн хүчний суурь бий болгох вэ? Түүхэндээ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн ямагт байсан өмнөд хөршийнхөө урт хугацааны, алсын хараатай геополитикийг тэрхүү харьцангуйгаар хоцрогдонгуй соёлтой, иргэншил гэсэн ойлголтгүй нүүдэлчид, амиа аргалсан өчүүхэн гэмээр үйлдвэрлэл бүхий ард түмнүүд яаж даван туулав? гэх мэтийн асуултуудад бараг гайхамшиг гэсэн үгнээс өөр тохиромжтой хариулт олддоггүй юм.
Нүүдэлчин онцлог нь давуу тал байсан юм бол Монгол орноос мандан бадарсан улс, үндэстэнгүүд хөрш нүүдэлчдийн том газар нутаг болох өнөөгийн Казахстаны нутгийг торох юмгүй шувт дайран гарч эзлэн түрэмгийлэл, дайн тулаанаа алслуулж байсан бус уу? Яагаад эсрэгээрээ тэндээс нэг ч удаа хүчирхэг нүүдэлчдийн гүрэн байгуулагдаж Монгол руу түрэмгийлдэггүй юмаа гэхэд олигтойхон довтолгоон хийж байсангүй вэ? Тэнд сүүлд Монголын нэг хэсэгхэн хүн бүл муутай аймгууд Ойрадууд хэмээн дураараа хөндлөн гулд нүүдэллэж байхад л Зүчийн удмын хэдэн ноёд алтан ураг гэсэн нэрээ бодон муухан шиг эсэргүүцэж байснаас хэзээ ч Монголоос ирсэн түрэмгийлэгчдийг дорвитой эсэргүүцэж байгаагүй аж.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Монгол орны байгаль орчин давдагташгүй, одоогоор үл тайлагдаагүй байгаа далдын увьдастай юм уу энергитэй. Үүнийг Монгол хүн болгон өөрөө ч мэдэлгүй далдуураа мэдэрч хөдөө орон нутагт явахдаа сэтгэл нь догдолж хөөрдөгөөр барахгүй гадаадын хүмүүс ч мөн мэдэрч янз бүрээр илэрхийлсээр ирсэн. Энэ нөлөөнөөс болдог ч юм уу Монгол бүсгүйчүүд энэ дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүд биш юмаа гэхэд хамгийн ихээр эрчүүдийг татах чадвар бүхий бие галбиртай гэх үү, царай зүстэй гэх үү, зан авир сэтгэхүйтэй гэх үү хэлж тайлбарлахад хэцүү далдын татах чадвартай (very attractive) байдаг.
Ийм сэтгэл зүйд нөлөөлөхөөр байгаль орчин, эрх чөлөөт, ухаалаг, эрэлхэг дайчин мөртлөө, ажилсаг, сэтгэл татаж, дур булаасан бүсгүйчүүдтэйн улмаас Монгол орон хүчирхэг төр улсаа байгуулсаар ирсэн биз ээ. Энэхүү дүгнэлт сүүлийн үед газар аваад байгаа Монгол хүн онцгой гэсэн хий дэмий хийрхэл бус бодит амьдралын туршлага, гадаад дотоодын олон хүний бодит яриа, сэтгэгдлээс хийсэн дүгнэлт гэдгийг хүлээж авна уу?
Магадгүй ээ, би буруу бодож Монгол хүн учраас ингэж сэтгэж байж магадгүй. Яагаад гэвэл хүн гэдэг өөрийнхөө угсаатнаар төвөө болгож гадаад ертөнцийг хардаг. Би өөрөө ингэж итгэхийг хүссэн учраас Монголоо ингэж харж байж магадгүй болно. Тийм бол уншигч та намайг уучилна уу!
Ё.Гантулга, Австрали улс
URL: