“ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЧАДАЛТАЙ ХУРЛЫН ШИЙДВЭР” 75-ЫН ТҮҮХ
Шинэчлэлийн гэх засгийн газрыг унагасаны дараахан Шийдлийн гэх бас нэг сүржин нэртэй засийн газар хэвлийнээсээ гарч мэндэлсэн. Дөнгөж төрсөн “ШИЙДЭЛ” нэртэй хүүхэд маань “нэгт эдийн засаг,хоёрт эдийн засаг, гуравт эдийн засаг” хэмээн цуурайтуулсаар мэндэлсэн нь иргэдэд эхэндээ итгэл төрүүлж байсан ч төд удалгүй эдийн засаг гэх цуурай нь эх хүүхдийн халаасруу өнгийх халхавч болохыг мэдсэн.
ШИЙДЛИЙНХЭН гэх энэ хүүхдүүд төрсөн өдрөөсөө эхлэн хууль дүрмийг зөрчин ажиллаж байсныг өнөөдөр болох Их хурлын чуулганы хуралдааны товоос тодорхой харж болохоор байна. Учир нь “яаарвал даарна” гэдэг ардын үгийг умартан сандал суудлын дулаанд даарахыг мэдрэхгүй хэмээн итгэсэн тэд мэндэлсэн өдрөө Улсын их хурлаас “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” 75 дугаар тогтоол гэгчийг батлуулсан билээ.
Төсвийн мөнгийг хэмнэх нэрийдлээр төрийн зарим байгууллагыг татан буулгаж байгаа гэх агуулга бүхий энэ тогтоол нь ёстой л нэг мордохын хазгайн үлгэр болсон аж. Тахарын алба, цөмийн энергийн газар зэрэг агентлагыг татан буулгахаар төлөвлөгдсөн энэ тогтоолыг эсэргүүцсэн иргэд, эрдэмтэд, судлаачид, төрийн тэргүүд гээд бүгд л цэц булаацалдаж эхэлсэн. Зөв буруу гэх хоёр байр суурийг шинжлэх ухаан, улс төр гээд л олон талаас нь тайлбарлах хүмүүс жингийн цуваа мэт хөвөрсөөр.
Тэр өдрийг хүртэл Монгол улс хуультай түүнийгээ даган биелүүлдэг улс байсан гэхэд хэлсдэхгүй. Харин эл 2014 оны 12 сарын 04-ны өдөр 75 тоот хэмээх тогтоолыг Улсын Их хурал батласанаараа хуулиас дээгүүр хүчин чадалтай их хурлын тогтоолтой болох нь тэр. Учир юу вэ гэхээр төрийн байгууллагын бүтэц тогтолцоог батлахдаа юуны түрүүнд холбогдох хууль тогтоомжийг өөрчилж /нэмэлт, өөрчлөлт оруулж/ батлаад дараагаар нь тухайн хуульдаа нийцүүлж Улсын их хурал тогтоол гаргадаг.
Гэтэл 75 тоот тогтоолыг холбогдох хуулийг нь өөрчилж батлахгүйгээр хуулиас давуу тогтоол гаргах нь тэр. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыгхэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ хэрэгжүүлнэ.” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл 11.1-т заасан бүх чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн захиргааны нэг байгууллага /цөмийн энергийн газар/ байх агуулгаар хуульчилсан байдаг юм. Энэ хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Гэтэл нөгөө 75 тоот тогтоол нь энэ хуульд заасан төрийн захиргааны төв байгууллага болох “цөмийн энергийн газар”-ыг татан буулгасан байгаа. Өнөөдөр Цөмийн энергийн тухай хуулийн 11.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага Монгол улсад байхгүй хэвээр л байна.
“Цөмийн энергийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их хурлаар хэлэлцэхээр тов гаргасан байгаа нь алдаагаа ухаарсаны шинж юм болов уу? эсхүл алдаагаа илчлэгдэхээс өмнө чимээгүйхэн шийдэх оролдлого юм болов уу? Ямартай ч тэд өнөөдөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг нь хэлэлцэх гэж байгаа нь “ШИЙДЛИЙН” хүүхдүүдийн шийдвэр хууль бус байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. “ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЧАДАЛТАЙ ХУРЛЫН ШИЙДВЭР” 75-ын түүх улам олон хуудастай болсоор л…
А.Тамир
URL: