Цалин нэмэгдүүлэхэд 90 тэрбумыг нэмж тусгав

6c9d37b382172440bigЧуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш эхэлсэн ч Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хэлэлцэхээр болсон учир түр завсарлага аваад байсан юм. Ингээд Төсвийн байнгын хороо хуралдаж дууссаны дараа чуулганы хуралдаан үргэлжиллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлага дээр тус бүр 5 тэрбум төгрөг нэмж тусгах, Үндэсний номын сангийн барилга 2015 онд санхүүжих дүн 2 тэрбум 450 сая төгрөг гэснээс 1 тэрбум 400 сая төгрөгийг хасах, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумыг төвийн эрчим хүчтэй холбох ажлын гүйцэтгэлд 1 тэрбум төгрөг, Замын цагдаад гэмт хэрэг илрүүлэх хэрэгсэл худалдан авахад 450 сая төгрөг тус тус тусгах зэрэг саналуудыг дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын гаргасан 2015 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг царцаах санал дэмжлэг аваагүй байна.

Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсны дараа байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд 2015 онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд зориулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 90.000.0 сая төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцын урсгал зардалд нэмж тусгах, Алдарт эхийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19,448.9 сая төгрөгөөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардлыг 9,140.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналууд дэмжигдлээ.Мөн урсгал зардал бууруулах саналын хүрээнд, улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад албан томилолт, дотоод албан томилолт, тойрогт ажиллах зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг тус бүр 5 хувиар бууруулж, нийт 467.2 сая төгрөгөөр урсгал зардлыг бууруулах санал дэмжлэг авлаа.

Түүнчлэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, С.Ганбаатар гишүүний гаргасан “бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” санал, С.Оюун гишүүний гаргасан “ 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн яамдын цалин хөлстэй холбоотой урсгал зардлыг 2015 оны төсвийн тухай хуулиар батлагдсан дүнгээс 3.2 тэрбум төгрөгөөр бууруулахгүй хэвээр үлдээж, “улсын чанартай авто замын засвар, арчлалт, шинэчлэлт”-ийн төсөл, арга хэмжээнд шаардагдах 25.0 тэрбумыг 3.2 тэрбум төгрөгөөр бууруулах” санал тус тус дэмжигдлээ.

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон Хүний хөгжил сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулав. Санал хураалтаар 2015 онд нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг нийт 94.692.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг 13,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогыг 38.687.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхэд бүрд олгохоор тооцож урсгал зардлыг 94,915.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил санд Эрдэнэт үйлдвэрээс төвлөрөх ноогдол ашгийн орлогыг 30,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг тус тус дэмжив.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төсвийн тодотголыг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд засвар хийлгэхээр шилжүүллээ.

Дараа нь “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих