Хар хүчний нөлөөнд орох дөхсөн залуугийн яриа

suns1990 оны эхээр шашин хүчтэй сэргэж, үүнийг даган далдын шид, ад зэтгэрийн ертөнц ч гэсэн мөрөн дээрээ хар хэрээ суулгасаар өндийн босох үед олон хүмүүст муу ёр совин болон далд ертөнц нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд хүрч болох өөр нэгэн боломж шиг санагдаж эхэлсэн гэдэг. Мөн ад зэтгэр номхотгодог, чөтгөр дардаг лам, засалч, бөө зайран нар манайд олноороо гарч ирсэн бөгөөд харамсалтай нь тэдгээр хүмүүсийн дийлэнхи нь урт наслалгүй, нөгөө муу юмандаа хорлогдсон мэт хорвоогоос хальж, зарим нэг нь шүлс нь мэдрэлгүй гоожсон улаан галзуу өвчтэй амьтад болон хоцорсон юм. 1990 оны эхээр /нэрийг нь өөрчлөв/ Төв Гандантэгчилэн хийдийн урдхан О хэмээх нэгэн улааны шашны шидтэн гарч ирээд чөтгөр дарж, айлын гэрт хоргодсон хий сүг, сүнс дүрсийг арилгаж тонилгоно хэмээн өөрийгөө рекламдаж эхэлсэн юм даг. Ад зэтгэр гээч юу болохыг ч сайн мэдэхгүй хүмүүс О руу хошууран гүйлдэж, заримдаа өмнө нь уртаас урт оочер дараалал үүсчихсэн, үзүүлэх гэсэн хүмүүс нь уйгагүй хүлээгээд л зогсож байдаг байлаа. Сүүлдээ мань эр нэлээд мөнгөтэй болсон бололтой, тэрүүхэн хавьдаа нэг ТҮЦ шиг жижигхээн зүйл бариад авчихсан, орох тоолонд л “Ад зэтгэр, хар муу зүйл, хараал ширээлийг дарж өгнө” хэмээн архиа уучихсан согтуу сууж байдагсан.

Яагаад ингээд байнга архи уугаад байна гэж асуухаар “Аа, над дээр их хар муу хүчний хорлол, есөн жорын амьтад салахгүй ирдэг юм. Би ингэж архи ууж, архины хортой хүчээр тэднийг номхотгон айлгаж байхгүй бол өөрөө хорлогдох гээд байна” гэсэн үл ойлгогдох зүйл ярьдаг байлаа. 2000 оны эхээр Гандангаар санамсаргүй явж байтал, нөгөө О маань ТҮЦ-ээ зарчихсан, Гандангийн үүдэнд явган сандал тавиад суучихсан өрөөсөн хөл нь өрөөл татуу, шүлсээ завьжаараа гоожуулан сууж байдаг байгаа. Юу болсныг нь асуувал “Нэг Хөвсгөлийн нөхрийн хийсэн хараалыг хариулсан чинь буцаад над дээр буучихлаа” гэж билээ. Дараа нь 2004 оны сонгуулийн үеэр О бүр улайн цайм галзуурчихсан, Гандангийн тэр хавиар явж буй хүмүүсийг “Баахан сүнс чөтгөр явж байна” хэмээн зааж , эмс охидын толгой дээр шээж, бузрыг чинь арилгаж өгнө хэмээн элдэн хөөж яваад Галзуугийн эмнэлэг рүү ачигдснаас хойш ямар ч сураггүй болжээ. Энэ бол тэр үед ад чөтгөр, хар муу зүйлийг даран тонилгоно гэж олз ашиг хөөн гарч ирээнд өөрөө золиос болон хохирч үлдсэн нэг л хүний жишээ. О-гоос гадна олон бөө зайран, лам хувраг гэж дүрэмдсэн хүмүүс ад зэтгэр тонилгож яваад, хорвоог эрт орхисон түүхтэй. Тэгвэл яг тэр үеэр буюу 1995 оны хавар Цэндээ хэмээх оюутан залуу гэнэт далдын хүч болон хар шид, чөтгөр шулмын ер бусын ертөнцийг сонирхох болжээ.

Тэрбээр хөдөө байхдаа ч тэр талаар ихэд бодож, “Хэрвээ хар хүчтэй холбоо тогтоож чадвал, энэ ертөнцөд хүссэн бүхнээ биелүүлэх юм биш үү. Оронд нь сүнсээ өгсөн ч яахав. Нэгэнт л хүн чинь хүслээ биелүүлэх гэж л ертөнц дээр ирдэг биз дээ” гэх мэтээр мөрөөдөн боддог байж. Түүнийг хотод орж ирэх үед нийслэл хотод шашин эрчээ аван сэргэснээр чөтгөр шулмын тухай яриа гардаггүй нэг ч өрх айл, тэр талаар ярьдаггүй хүн огт байхгүй болсон байлаа. Ингээд Цэндээ нэгэн үйл явдлаас болоод хар хүчний ертөнц рүү асар хурдтай шунган ороход хүрчээ. Тэрбээр хөдөөнөөс оюутан болж ирмэгцээ их сургуулийнхаа нэг ангид хамт сурдаг баян айлын эрх танхил, ганган цагаан охинд сэтгэл алдран дурлажээ. Гэвч хайр хүсэл нь бүтэлтэй болсонгүй. Цэндээ ангийнхаа охиныг өөртөө татахын тулд ад зэтгэрийн хар хүчтэй холбоо тогтоож, өөрийн шидэндээ оруулан улмаар түүнийг өөрийн болгож авахаар шийджээ.

“Хайр дурлалынхаа төлөө би хар муу ёрын шуламтай хэлхээ тогтоохоос ч буцахгүй” хэмээн тэрбээр тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэн гээд бодчих. Ингээд гэр хорооллын дунд хэн ч амьдардаггүй ад чөтгөртэй, сүнстэй хэмээн хүмүүс дөлж тойрдог нэгэн эзгүй хоосон байшинг сонгосон байна. Цэндээ шөнө дундаас хойхно мөнөөх нурах дөхсөн хуучин байшингийн хэмхэрхий хаалгыг нээн ороод, шалан дээр нь гурван лаа тойроглон асааж тавиад эртний еврейчүүдийн ад зэтгэр дуудахдаа хэрэглэдэг гэж номон дээрээс уншсан тоонолжин тэмдгииг модон шалан дээр шохойгоор зурж, амьтны цус цагаан цаасан дээр дусаан “Хөөе, сүнс хий үзэгдлээ энэ байшингийн эзэн болсон ад шулам аа, чи гараад ир. Би чамтай танилцах гэж ирлээ” хэмээн шившин дуудаж гарсан байна. Гэвч түүнд эзэнгүй хоосон байшин ямар ч дохио өгсөнгүй. Цэндээ хоосон байшинд шөнөжин хөлдөж үхтлээ суухдаа, чөтгөр шулмыг шившин дуудахын сацуу “Миний хайртай охин Болормааг надад сайн болгож өгөөч. Түүний хүсэл сэтгэлийг над руу хандуулж өгөөч” гэж үглэсээр байсан аж. Ийнхүү нар дээр хөөртөл ямар ч үр дүнгүй суучихаад, дэмий шөнийг барсандаа унтууцан хэмхэрхий хаалгыг тар нярхийлгэн гарахдаа, тэр хавийн айлын нэгэн настай авгайг дуу алдтал нь цочоож орхижээ.

Сүнстэй гэгдэх байшингаас гэнэт өлбийсөн цагаан царайтай хүн гараад ирэхээр нь айж цочсон байлгүй. Хэрэг зориг нь огт бүтээгүй учраас Цэндээ “Энэ байшин сүнстэй гэдэг шал худлаа юм байна. Маргааш Далан давхрын шарилын газар очиж хий үзэгдэл дуудъя даа” гэж дотроо бодсон байна. Ингээд маргааш орой нь мөн л бэлтгэлээ базааж аваад, нийслэл хотын бөөний ганц оршуулга болох Далан давхарын шарилыг чиглэн алхаж гарчээ. Тэрбээр тас харанхуйд үй олон шарилнууд дундуур айж ичсэн янзгүй алхаж явсаар бэлээхэн ухчихсан нүх байхаар нь дотор нь явж ороод лаагаа асааж тавьсан байна. Ингээд урд шөнийн адил бүхий л домоо шившиж дуусаад “Чи надтай ирж танилцаач” хэмээн дуудаад сууж байтал, гэнэт хажууханд нь ямар нэг чимээ шархийн гарах шиг болжээ. Сэтгэл нь хөдөлж, зүрх нь хүчтэй булигласан Цэндээ гэнэтхэн дуугаа хураалаа. Үнэхээр хажуухан талд нь хүний хөлийн чимээ гарах шиг болоход нь Цэндээ ухсан нүхэн дотроос сэмхэн толгойгоо цухуйлган харвал мөрөн дээрээ хүрз жоотуу тохож, гартаа шуудай барьсан хоёр нөхөр Цэндээгийн лааны гэрэлд хувирсан хачин царайг хармагцаа “Аа яанаа”гэж муухай хашгираад барьж явсан зүйлсээ газар шидчихээд гүйгээд явчихжээ.

Цэндээтэй ижилхэн сүнс чөтгөрөөс үл эмээдэг, харин ч бүрлээчдийн шарилыг ухаж тонон доторхи эд зүйлсийг нь зарж борлуулж амь зуудаг нөхдүүд тэнэж яваад, Цэндээтэй таарч ийнхүү зугтаасан нь энэ байлаа. Цэндээд энэ бүхэн ихэд урамгүй санагдсан учраас тэндээсээ гараад өөр нэгэн хагас дутуу онгойсон шарилын дэргэд очоод “Хөөе, сүнс чөтгөр байвал гараад ир л дээ” хэмээн шившин дуудаад сууж байтал гэнэтхэн хажуухан талаас нь үнэхээр нэг сүүтийсэн шар амьтан босоод ирэх шиг болжээ. Шөнийн харанхуйд өмссөн хувцас нь салхинд үелзэн намирах тэр хүнийг хараад Цэндээ “Чи чинь сүнс чөтгөр мөн үү” гэвэл нөгөө хүн нь ихэд айсан хоолойгоор “Битгий айгаарай, би сүнс бишээ. Би зод лүйжин тавьдаг лам хүн байна” гэсэн аж. Ингэж тэрбээр ирээдүйн хамтран зүтгэгчтэйгээ танилцсан гэдэг. Мөнөөх ламыг Лодой гэдэг бөгөөд хар муу зүйлийг саадгүй дардаг сайн лам болохын тулд хүүрийн газар ирж ном тарниа уншин бясалгал үйлдэж дуусаад харихаар явсан нь тэр юмсанж. Цэндээ мөнөөх ламаас “Чөтгөр сүнс хэмээх зүйл үнэхээр байдаг уу” гэж асуухад Лодой лам “Байлгүй яахав ээ. Гэхдээ усан нүд, цусан зүрхтэй төрсөн бидэнд харагдаж үзэгдэхгүй шүү дээ” гэсэн байна.

Цэндээ тэр даруй гүнээр санаа алдан “Би тэр чөтгөр шулам гээч зүйлийг таньж мэдмээр байна” гэхэд залуухан лам Лодой ч гэсэн “Надад ч бас тэднийг даран тонилгох хүсэл бий” гэж яаран дуугарчээ. Ийнхүү нэг нь ад зэтгэрийг тонилгон дарах гэсэн, нөгөө нь тэдэнтэй холбоо тогтоож хүслээ биелүүлэх гэсэн хоёр гэнэн залуу хүн найз нөхөд болох нь тэр. Удалгүй мань хоёр хамтдаа байнга хөдөө гадаа явж, хаана л хий үзэгдэлтэй чөтгөр шуламтай гэсэн байшин сав байна тэнд очиж, нэг нь хатуу тарнийн номоо уншиж, нөгөө нь шившлэг дуудлагаа хийн залбирч суудаг болсон аж. Гэвч тэр хоёрт барин тавин үзэгдэж харагдах, дуулдаж сонсогдохоор хий үзэгдэл гэхээр зүйл огт таарсангүй. Удалгүй Лодой ламыг хөдөө орон нутаг руу 49 хоног жарз хийж, нямба бясалгахаар явсаны дараа харин Цэндээгийн амьдралд гэнэтхэн сонин содон өөрчлөлтүүд гараад эхэлжээ. Нөгөө өөрийг нь огт тоодоггүй байсан ангийнх нь оюутан баян айлын охин нь өөрөө л Цэндээгийн араас гүйгээд эхэлж гэнэ. Мөн амьдралд нь олон хачин өөрчлөлт ороод эхэлсэн байна. Хамгийн эхлээд нэг өглөө босоод иртэл түүний үсний өнгө тэр аяараа хувираад, улаан шараар будчихсан юм шиг болсон байна. Янз бүрийн саван шампуниар яаж ч угаагаад арилсангүй.

Мөн ганцаараа өрөөндөө сууж байхад нь гэнэт салхивч нь тасхийн онгойх, шөнө унтаж байтал гэрэл нь өөрөө асах зэргээр учир нь ойлгогдохгүй хачин хий явдлууд Цэндээг салахгүй дагах болжээ. Бүр нэг өглөө гараад хичээлдээ явж байтал гэнэт зүүн гар нь бугалгаараа учиргүй янгинан өвдөөд эхэлсэн бөгөөд эмнэлэгт очиж үзүүлбэл гар нь хугарчихсан байжээ. Юу ч болоогүй, зүв зүгээр явж байтал ийнхүү гар нь гэнэт хугарсан явдал Цэндээд тун эвгүй бодол төрүүлжээ. Энэ үед хөдөөнөөс жарз бясалгалд явсан Лодой лам хүрч ирсэн бөгөөд тэрбээр Цэндээтэй уулзаж,яриаг нь сонсоод “Чамд хар хүчний энергийн хий төвлөрөл хуралдчихаж. Би одоо үүнийг чинь алга болгож өгөхгүй бол, чамд маш хэцүү хэцүү зүйл ар араас чинь тохиолдоно. Сая би хөдөө жарз хийж байхдаа хар муу энергийн төвлөрлийг арилган дарж чаддаг болсон” гэж хэлээд харанхуй өрөөнд Цэндээг хоёр өдөр огт гаргахгүй суулган лүйжин тавьж баахан ном уншжээ.

Харин энэ явдлын дараа Цэндээд элдвийн хачин жигтэй үзэгдлүүд огтхон ч тохиолдохоо больсноос гадна сэтгэл санаа нь ч долгилон хөдөлж, хар шидтэй хэлхээ холбоо тогтооё гэж бодохоо больсон гэдэг. Нэг сонирхолтой нь түүнд гэнэт жигтэйхэн хачин сайн болж, өөрөө гүйж ирээд байсан ангийнх нь царайлаг охин тэрхүү ном уншуулснаас нь хойш Цэндээг ахин тоохоо больж, нэг нүдээрээ ч харахгүй болжээ. Ийнхүү өөрөө даллан дуудаж хүсэн тэмүүлсэн хар хүчнийхээ эрхшээлд орох дөхсөн Цэндээ эдүгээ тогтсон амьдралтай сайн сайхан амьдарч яваа бөгөөд “Лам найз маань байгаагүй бол ч би өнгөрөх байсан байх шүү” хэмээн шүүрс алдан өгүүлдэг билээ.

 

 

НОЦТОЙ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих