Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр 2 хуулийн, 1 тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

10499624_373683049475641_4624396092432559573_o

Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” , “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслүүдийг мөн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг тус тус өргөн барилаа.Дээрхи төслүүдийн талаар товч танилцуулъя.
Антарктидийн тухай гэрээ нь нийт 14 зүйлтэй ба тус гэрээнд Антарктидийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Монгол Улс анх удаа 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт өөрийн мэргэжилтнээ оролцуулж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд монголын туйл судлаачид тус тивд судалгаа шинжилгээний ажил хийхдээ бусад улсын /ЗХУ, Болгар, Испани, Чили, Аргентин зэрэг/ Антарктид судлалын судалгааны багийн бүрэлдэхүүнд орж ажиллах замаар судалгаа хийж ирсэн болно. Ингэхдээ тэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулсан байна. Одоогийн байдлаар нийт 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байгаа бөгөөд тэдгээр нь тус гэрээний Зөвлөлдөх уулзалтаар баталсан “Антарктидийн гэрээний зөвлөлдөх уулзалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн дагуу зөвлөлдөх уулзалтад саналын эрхтэйгээр болон урилгын дагуу тус зөвлөлдөх уулзалтад саналын эрхгүйгээр оролцдог юм байна
“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” болон дагалдах бусад хуулийн төслийн тухайд Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийг хууль зүйн яамнаас боловсруулаад байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБХХ-ийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх багуудыг ажиллуулсан бөгөөд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улс /ХБНГУ, БНСУ, БНВУ, ИБУИБНУ, Канад Улс, Япон Улс/-ын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох судалгаа хийсэн байна. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 53 зүйлтэй юм.
Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барьсан нь дараахь үндэслэлтэй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасны дагуу НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилсан.Эдүгээ дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 24 улс манай улстай дипломат харилцаа тогтоосон болно. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ


URL:

Сэтгэгдэл бичих