АН-ын шахаа, МАН-ын хамгаалалт юунд хүргэх бол…
УИХ-ын чуулган завсарласнаар улстөрчид амарсан ч улс төр жинхэнээсээ буцалж эхэллээ. Эрх мэдэл хуваалцаж ашиг хүртэх болгоноо амжуулчихаад “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр сонгуулийн дүрмээ тохиролцож чадалгүй маргаж буй хоёр намын хооронд болон дотоодод хэл ам тасрахгүй байна.
Шатраар бол АН-ын “шатарчид” шаггүй нүүж МАН-ыг даргатай, цэрэгтэй нь давхар маданд суулгачихлаа. Эхний шахаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэхэд эрх мэдэл хуваалцсан АН-ын УИХ дахь бүлэг “Онц муу” гэсэн дүн тавьсан нь хамтрагчиддаа өгсөн эхний цохилт байв.
Гар, санаа нийлж хийсэн ажлаа “Бид хийсэн” хэмээн шоуддаг МАН-ын сурталчилгааны эсрэг Ч.Сайханбилэг нарын сонгууль угтаж зүүсэн хавх үүргээ биелүүлсэн нь энэ. Хоолны ширээнд стандарт бусаар урьчихаад захиалах эрхийг нь өгөхгүй байвал уригдсан зочинд таагүй санагдах нь дамжиггүй биз. Энэ жишгээр АН-ын дараагийн нүүдэл сонгуулийн холимог тогтолцоо, тэр дотроо пропорциональ түлхүү байх, ингэснээр намын нэрээр санал авах хэлбэрээр явуулах санал байв.
Яаж ч бодсон намынхаа нэрийг сольсон МАН-д энэ хувилбар ашиггүй. МАХН-ын нэрээ бүртгүүлсэн үйл явц Сонгуулийн хуулийг хэлэлцэхтэй зэрэгцсэнээр хуучин нэрээ авч үлдэх, намаа сонгуульд ялуулах боломжийг хуульд тусгахаас үүдэлтэй тэмцэлд МАН-ынхан мордоод байгаа. Нэрээс үүдэн маргаан үүсгэсэн нь МАН-ын нэр хүндэд харшилснаас нэмэр болсонгүй.
Улс төрийн нэг нам Улсын Дээд шүүхийг шүүх гэж оролдсон нь шударга үнэн гэгчээс хол зөрүүтэй үйл явдал болж байна xэмээн олон нийт дүгнэсэн бол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч МАН-аас гаргасан гомдлын хариуд “…Та бүгдийн гомдлоор Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” гэсэн товч болоод тодорхой хариуг өгсөн байна.
Намуудын хооронд энэ мэт зөрчил өрнөж байхад УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Намуудыг татан буулгах нь зүйтэй. Хуулийн ажлын хэсэг ийм ойлголттой байгаа” хэмээн байр, суурь илэрхийлсэн нь мөн л олны анхаарлыг татлаа. Үүгээр зогсохгүй нам гэдэг нэрийг хүртэл өөрчилж, гишүүнчлэлийг нам бусчуудаар бүрдүүлэх, намчирхах үзлийг нам дарах талаар санал дэвшүүлжээ.
УИХ дотор үе үе шуурга дэгдээж байдаг ч тэрээр аливаа асуудалд тийм ч хөнгөн хуумгай хандаад байдаггүй. Тиймээс энэ удаа гаргасан санал нь намуудыг шууруулах бус түймэр тавьж мэдэхээр байна.
МАН-ыг мадалсан өөр нэг асуудал бол улсын баатар Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь шуугиан тарьсан. Намынхаа Удирдах зөвлөлөөр УИХ-ыг удирдуулж байгаа намын дарга, Epөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн түүний санал шүүмжлэлийг намын нөхөд нь дэмжээд зогсохгүй МАН хашир буурьтай гишүүдээсээ эхлэн “Бодох л ёстой асуудал” хэмээн толгой дохиод эхэлжээ.
Э.Бат-Үүлийн зэхсэн албан бичигт одоогоор арав гаруй гишүүн гарын үсэг зураад байгаа сураг бий. Сүүлийн үед огцруулах болон бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэр дурдагдаж буй гишүүдийн нэрсийн жагсаалтыг МАН магнайлах болсон. Тухайлбал, 2008 оны сонгуулиар их хэмжээний газар, мөнгөтэй холбоотой авлигын хэрэгт холбогдсон гэгдэж буй Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг Улсын Ерөнхий прокуророос гурав дахь удаагаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ирүүлээд байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа.
Стандарт бус Засгийн газрын автор С.Баярын гарын хүн гэгддэг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыгоо зоригтой өмгөөлсөн МАН-ынхан энэ удаа “Нохойд барьдаг мод” Д.Дондогийгоо аварч хаацайлах бодолгүй, харин ч “Гааль”-ийн Х.Баатарын араас явуулах төлөвлөгөөтэй байгаа нь УИХ дахь бүлгийн дэд даргын албан тушаалаас огцруулснаас тодорхой.
Түүний араас бүрэн эрхийн асуудлаар нөхдийнхөө чихийг халууцуулж, намын дарга нарынхаа нүүрийг улалзуулах хүн МАН-д цөөнгүй гэсэн сураг дуулддаг. Энэ мэт нэг доор шийдэх олон асуудал тус намд овоорчихлоо. Сонгууль ойртож буй болохоор нэрээ бодмоор, гэвч бүгдийг хамгаалаад аль ч үгүй үлдэх үү, чухлыг нь онцлоод бусдыг гарзанд гаргах уу гэдэг асуулт гарна. Шийдвэр гаргахаасаа илүү сэлэм эргүүлээд сурчихсан МАН-ын “Тогмид”-ууд нэгдсэн шийдвэрт хүрэхээсээ наана “Би үхэхээр чи үх” гэгч болсон өнөөгийн нөхцөлд хасах оноо авах магадлал улам их байна.
Ч.Олдох
URL: