Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхний хэрээс хэтэрсэн хэнэггүйтэл

hereglegch“Цахилгааны төлбөр өндөр гарчээ. Манайх ийм байх ёсгүй дээ” гэх үгсийг нэг биш удаа сонсоод л чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг зуршил бидэнд бий. Монголчууд ер нь өрхийн төсөв хөтөлдөггүй. Тиймээс хэрэглээний зардалдаа тэр болгон хяналт тавиад энэ сард цахилгааны төлбөр тэдээр илүү, төдөөр бага гарчээ гээд бүртгэж суудаггүй л дээ. Энэ сул талыг нь далимдуулан Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн даварч байна. Гомдол гаргаж, учрыг нь олох гэж ирсэн хэрэглэгчээ “Цахилгааны үнэ нэмэгдчихээд байхад хэл ам татлаад яасан сүртэй юм. Та нарын хэрэглэсэн заалтаар чинь л төлбөр гарна. Тиймээс төл. Өөр арга байхгүй” хэмээн хүүхдээ загнаж байгаа юм шиг л зэмлэх, уцаарлахыг хослуулж байгаад буцааж дөнгөдөг аж.

Ихэрхүү, хэнэггүй үйлчилгээ нь хэрээс хэтэрч бүр сүүлдээ сард дунджаар 30 гаруй мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг айлын төлбөрийг бараг зургаа дахин өсгөж бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл, нэг айлын хагас жилийн цахилгааны хэрэглээний төлбөрийг ямар ч үндэслэлгүйгээр ганцхан сард авахаар улайрч байна, тэд. Баянзүрх дүүргийн XXIII хорооны иргэн П.Сүрэнхоролжав “Манайх гэр хороололд амьдардаг болохоор өвөл гал түлдэг юм. Тиймээс халуун тогоо хэрэглэхээ больдог. Хар ухаанаар бодоход ийм нөхцөлд цахилгааны төлбөр багасахаар байгаа биз. Өмнө нь өвөл 20 гаруй мянган төгрөг тушааж байсан. Харин одоо 176 мянга гаруй төгрөг нэхэж, цус харвуулчих шахлаа. Цахилгааны төлбөр нэмэгдсэн байлаа ч ийм өндөр гарах үндэслэлгүй. Тэгээд бид тоолуураа шалгаад үзтэл 1300 гаруй кВт илүү бичсэн байна билээ. Тоолуурынхаа зөв заалтын зургийг утсан дээрээ аваад иртэл “Бид өөрсдөө очиж үзнэ. Та одоо 176 мянган төгрөгөө төл” гэж “дарамталсан”. “Би тэтгэврийн хүн яаж тушааж амжих вэ” гэтэл “Хагаслаад ч хамаагүй тушаа” гэж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Би энэ асуудлаа шийдүүлэхээр бүхэл бүтэн долоо хоног явлаа. Өргөдөл авсан, аваагүй гэх мэтээр хөгшин настай хүнийг нааш цааш нь олон удаа явуулах нь хүндрэлтэй байсан. Хэд хэдэн удаа очиход гэрлийн байцаагч нь гадуур ажилтай, дарга, инженер нь болохоор гадаад, дотоодод хурал, сургалттай гээд байхгүй юм” гэж ярьсаар угтав.

Бөхийн өргөөнөөс зүүн урагш байрлах тус Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч Батмөнх гэгч “Тоолуурын заалтыг газар дээр нь очиж хараад 9464 гэсэн заалтыг бичсэн. 1184 кВт гүйсэн, өндөр хэрэглээтэй айл” гэж гүрийжээ. Гэтэл хэрэглэгч нь түүнээс хойш гурав хоногийн дараа 8512 гэсэн тоолуурынхаа зөв заалтыг гар утсан дээрээ зургаар аваад иржээ. Ингээд хэдэн өдөр дараалан явж байж, 56840 төгрөг тушаасан юм. Гэтэл мөнгө тушаасан орой нь “Та цахилгааны үлдэгдэл 119160 төгрөгөө 25-ны дотор төлж дуусгана уу. Төлбөрөө хугацаандаа хийхгүй бол алданги тооцно” гэсэн утгатай мессеж илгээжээ.

Өдөр нь Б.Нарангэрэл гэгч эмэгтэй “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын таванд цахилгаан, эрчим хүчний үнэ 10 хувиар өссөн. Тоолуурын чинь заалтаар л төлбөр гарсан. Та хэзээ өргөдлөө өгсөн юм. Өгсөн өргөдөл чинь алга. Би дөнгөж сая өргөдөл авсан” гэх мэтээр ээж шигээ хүнийг улаан цагаан гөрдөн загнаж байлаа. Тэгснээ үнэнд гүйцэгдэж “Заалтыг чинь буруу биччихсэн байна гэж монголоор хэд хэлдэг юм” гэх мэтээр зандчин байж төлбөрөө авсан юм. Үйлчлүүлэгч нь “Хэд дахин явуулж байна” гэхэд “Тэгээд би явуулсан юм уу” гэх мэтээр уцаарлаж байлаа.

Тэр ч байтугай зарим нэгэн ажилчин нь ажилдаа хариуцлагагүй хандсан хүнээ илэрхий өмөөрч “Манайх Улиастай хавийн гуравдугаар цикл дээр 10 мянган хэрэглэгчийн 500 орчим цэгийн заалт авдаг” гэж бүхүүрхэв. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчээ хүндэтгэн үйлчлэх соёл энд огтоосоо ч байдаггүй юм уу даа гэж харагдсан шүү, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөөн!

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Самбуубалдан Огноо: 23 January 2015

Цахилгааны төлбөр нэмэгдсэн гээд 2 дахин нэмэгдсэн үнээр гараад байна. Шалгадаг газар байна уу.

Нэр: уншигч Огноо: 23 January 2015

Ялангуяа энэ Баянзүрхийнхний хүнд суртал бүр хэрээс хэтэрсэн. Хэдэн сар болчихоод танайх оргил цагийн тарифаа төлөөгүй байна гэж утасдаад өчнөөн мөнгө нэхсэн. Гэтэл бид өөрсдийнх нь бичсэн мөнгийг л төлдөг шүү дээ. Яагаад та нар тухайн үед бичээгүй юм гэхээр булзааруулаад бие бие рүүгээ түлхээд байсан. Байж байгаад л танай тоолуур ийм байна тийм байна баталгаажуул эсвэл соль гээд л дарамтдлана. Бямбадорж гэл үү нэг их зантай монтёр чи тэр манаач аа авчир гэж дээрэлхүү нь аргагүй дуугарч байна лээ. Гэтэл тэр хаа хамаагүй хүн дагуулж ир гэж захирах хүн мөн үү? Үйлчилгээгээ зарчмын дагуу хийгээд авдаг мөнгөө авах хэрэгтэй шүү дээ, гэтэл тэр үүргээ биднийг дээрэлхэх хэрэгсэл гээд ойлгочихсон өөрсөддөө долигонуулж байх гээд байхын. Би баримттай болж байгаад хэвлэл мэдээлэлд хандана

Нэр: Тоолуур хулгай Огноо: 23 January 2015

Тоолуурын заалтыг санаатайгаар нэмэж бичээд хүмүүсийн карманаас их хэмжээний мөнгө хулгай хийдэг цахилгааны байцаагч нарын үйлдэл хэрээс хэтэрч байна. Тэр үйлдлийг нь хэлэхээр урдаас хэрэлдэж хэлдэг газраа явж заргалд гээд айхгүй, тоохгүй байгаа нь ёс зүйгүй хууль бус үйлдэл хэрээс хэтрээд байгаагийн жишээ. Энэ хууль бус үйлдлийг шалгаж хариуцлага тооцдог газар байна уу? Би 2 байрны цахилгааны иөлбөр төлдөг. Энэ сард хоёуланд нь тоолуурын заалтыг нэмсэн тохиолдол гарлаа.

Сэтгэгдэл бичих