Эдийн засгийн өршөөл буюу “ТОРГУУЛИЙН СУМАН”

ediin zasagЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас Их хуралд өргөн бариад нэлээд хоногийн нүүр үзэж байна.

Анчны бууны хараан дор яваа цагаан зээр шиг айн чичирч, татвар гаалийн байцаагчийн гарын аясаар бөмбөрч явдаг хувийн хэвшлийнхэн үүлэн чөлөөний нартай тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Гэвч халуун эх орончид, популистуудын “Баячууд, авилгачдыг” өршөөх нь гэсэн дуулианаас айсан, нээнтэг барьцаанд цаламдуулсан улстөрчид өнгөрсөн оны зургадугаар сард өршөөлийн хуулиа татаж авсан билээ.

Тухайн үед цаг алдалгүй татварын өршөөлийн хууль батлагдсан бол өнөөдөр хувийн хэвшил, компаниуд цэгцэндээ орчихсон байх байлаа. Монголын аж ахуйн нэгж, компаниудын ар талд жирийн айл өрх, ард иргэд л байдаг.

Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл:
Гуравдугаар бүлгийн өршөөлд үл хамааруулах
8.1.1  Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
8.1.2  Урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж, гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн
8.1.3 Урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэн, хорих ял эдэлж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болгох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн
8.1.4    Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан

……./Өнөөдөр сонины 2015 оны 1-р сарын 20-ны өдрийн дугаарт хэвлэгдсэнээс эш татав/

Энэ төслийн 8.1.1, 8.1.2 , 8.1.3 дахь заалтуудын талаар хуульчид болон холбогдох хүмүүс саналаа хэлэх биз. Харин 8.1.4-р заалтын талаар хэлэх үг надад байна. Эдийн засгийн өршөөлийн хуулд энэхүү заалт хэрэгжсэнээр монголын төр ард иргэдийнхээ нэг хэсгийг нь тэнгэрт тултал баярлуулж, нөгөө хэсгийг нь газар дор ортол гомдоох нь ээ янз нь.

2007 онд манай улсад энэхүү аргыг хэрэглэснээр 40-өөд мянган аж ахуйн нэгжээс 2000 гаруй нь татварын өршөөлд хамрагдан 4-5 их наяд төгрөг ил гарсан гэж зарим эдийн засагчид ярьж, хэвлэл сонингоор бичигдэж байна. Тухайн үед хэрэгжих гэж буй өршөөлийн хуулийн талаар зургаан сарын туршид хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн дунд болон хэвлэл мэдээллээр их л яригдаж байсан. Гэхдээ аж ахуйн нэгж, компаниудын олонхи нь тэр үед төр засагтаа итгээгүй юм шүү.

Яагаад гэвэл, 1960-аад онд МАХН болон тэр үеийн эрх баригчид “Эх орондоо социализм байгуулна, үнэн үг сонсоно, шүүмжлэлийг хүлээж авна” хэмээн нам төрийн бүх шатанд лоозогноод, эцэст нь сэхээтний төөрөгдөл нэрийн дор хэдэн мянган сэхээтнүүдээ бүхэл бүтэн үеэр нь хэлмэгдүүлсэн. Энэ түүхийн гашуун үнэнийг амссан хүмүүсийн зарим нь эдүгээ бидний дунд амьд сэрүүн байна.Үр хүүхдүүд нь ч түүхийн хэцүү бэрхийг мартаагүй.

Зарим бизнесийн холбоо, төрийн бус байгууллагууд гишүүн аж ахуйн нэгжүүддээ эдийн засгийн өршөөлийн хуульд болгоомжтой хандах, юуг хамруулах, юуг хамруулахгүй байх талаар зөвлөмж өгч байгаа тухай гадуур их л яриа болж байна. Нэгэнт л эдийн засгийн өршөөлийн хуулинд хамрагдсан тухайн компани үнэн зөв баланстай болон эрүүлжээд явдаг юм бол, Засгийн газар яагаад 2007 онд өршөөлд хамрагдсан 2000-аад аж ахуйн нэгжээ ийнхүү хуулийн гадна ялгаварлан, хөсөр хаяна вэ?

Хаяхдаа бүр эрүүгийн онц аюултай, засаршгүй гэмт хэрэгтнүүдтэй нэгэн адил зиндаанд үзэв? Тэдгээр 2000-д компаниуд мэдээлэлд ойр байж, төрдөө итгэсний учир ийнхүү гадуурхагдах болов.

Одоо батлагдах эдийн засгийн өршөөлийн хуулинд хамрагдах олон арван мянган компаниуд хууль санаачлагчдын үзэж буйгаар бол эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжсэний маргаашнаас эхлэн мөн л бахь байдаг хоёр балансаа гаргаад явах юм байна . Эдгээр 2000-аад компаниудад олон тэрбум төгрөгөө хамруулсан том аж ахуйн нэгжийн хажуугаар, хэдхэн сая төгрөгийн татвараа хамруулсан жижиг аж ахуйн нэгжүүд ч олноороо байж болохыг хууль санаачлан, батлах эрхэм түшээд эргэцүүлэн нэг бодох болов уу.

Ахмад настан, ихэс дээдэс маань Цагаан сараар бэлэг сэлт өгөхдөө ахыг нь “Чи өнгөрсөн жил хувиа авсан, одоо өгөхгүй”, хөрөв нялхыг нь “Чи анх удаа авч байгаа чамд бол өгнө” гэдэг ихийг ихэлдэггүй, багыг багачилдаггүй сайхан уламжлалтай.

Улсын төсвийн цоорхой, алдагдлыг “Торгуулийн суман” болон үлдэж буй эдгээр 2000-д аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлэх гэсэн төрийн башир бодлого бүү байгаасай гэж хүсэж байна .

Төр минь, Эх орон хэмээн цээж дэлдэх халуун эх оронч популистуудаас бүү ай. Харин эх орноо хөгжүүлэн, ихийг бүтээх чин хүсэлтэй, баялаг бүтээгчдийн итгэл сэтгэлийг сэвтүүлэхээс ай…

Ийнхүү 2007 оны эдийн засгийн өршөөлд багтсан аж ахуйн нэгжүүдийн гомдол, айдас , 2015 онд төрөөс санаачилсан өршөөлийн хуулинд хамрагдагсдад болгоомжлол хүлээлт үүсгэж байна. Энэхүү байдал нь шинэ хуулийн нэр хүндийг унагаж, хэрэгжилтэнд саад тотгор болон олон мянган компаниуд, түүний ард буй олон зуун мянган иргэдийн урам зоригийг хугалах вий дээ.

 

Монгол төрийн минь бодлого мэргэн байх болтугай.
ХУД-ийн XI хорооны иргэн До.БАТБАЯР


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 February 2015

Өршөөлийн хууль болгонд хамрагдаад байвал башийх юм биш үү?
Энд ганцхан ААН-үүдийг хэлээгүй байна.
Өмнө нь өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн гэмт хэрэгтэн ахиж хэрэг хийж орчихоод л ахиад өршөөгдөнө гэж юу байхав дээ.
Татварын өршөөл ч ялгаагүй. Хэдэн жил дараалаад татвараа төлөхгүй мөртлөө ямар нэгэн ял шийтгэл хүлээхгүй байсаар л байдаг ААН-үүд олон шүү дээ.
Хэсэг гүрийж байгаад л өршөөгддөг юм гэж юу байхав.
Нэг удаа харж үзсэн бол болоош дээ.
Өршөөсөн нь их юм шд.

Сэтгэгдэл бичих