“Эрдэнэс Оюутолгой” төсвийн 17 тэрбумаар гадны компаниас зөвлөгөө авна гэв үү?

Эдийн засаг элгээрээ мөлхөж буй энэ цагт УИХ-ын гишүүд улсын төсөвт байгаа цөөхөн хэдэн төгрөгөө хэрхэн, зөв хувиарлах асуудлаар ухаанаа уралдуулж сууна. Төсөвөө тодотгох гэж бараг хагас сар хэрэлдлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг иргэдээсээ хайсан. Тодруулбал, тэрбээр хэмнэлтийг ард түмнээсээ эхлүүлж 1500 хүнийг цомхотгохоос гадна төрсөн ээжүүд болон хүүхдийн мөнгийг танах Төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирсэн. Мөн одонтой ээжүүдийн мөнгийг өгөхөө больж оюутны 70 мянган төгрөгийг заагтай олгохоос эхлээд цалин, тэтгэврийг ч нэмэхгүй гэсэн билээ. Гэхдээ түүний оруулж ирсэн асуудлууд УИХ дахь нам, эвсэл болон ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас батлагдаагүй юм.

Энэ мэт эхчүүд, хүүхдүүдийнхээ мөнгө рүү гар дүрэн байж хэмнэлт явуулна гээд байсан эрх баригчид маань бодит амьдрал дээр санаанд оромгүй үйлдлүүдийг хийж суудаг бололтой. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2015 оны төсвийн тодотголд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 789 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулахаар өнгөрсөн даваа гаригт Төсвийн байнгын хороо руу хүсэлт явуулжээ.

10455571_921179491249823_8939683235502785_n

Хачирхалтай нь энэ дунд нь “Эрдэнэс Оюутолгой” компани улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр Америкийн хуулийн компаниас зөвлөгөө авах гэсэн төсөл багтсан байх юм.

“Эрдэнэс Оюутолгой” компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирж байна хэмээн С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж эхэллээ.

Snapshot_2015-01-21_185406

Тус компани нь Америкийн “Painter law firm” PLLС компаниас хуулийн зөвлөгөө авахаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж. Painter law firm” PLLС нь харилцагчдадаа бизнесийн болон хуулийн бүх талын үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд бүх нийтийн мэдээллийн сан болох википедияд нэр нь байхгүйг анзаарвал тийм ч нэр хүндтэй байгууллага биш бололтой.

10455571_921179491249823_8939683235502785_n

Нөгөөтэйгүүр Монголд хуулийн зөвлөгөө өгдөг олон газар бий. Мөн гайхагдсан сайн хуульчидтай. Тийм байхад заавал хаа холын Америкийн компанийг сонгож ажиллаж буй нь ямар учиртай вэ. Америк руу 17 тэрбумыг гаргаж байхаар ядаж дотоодын компаниудаа дэмжсэн бол мөнгө Монголд үлдэж баялаг болох байлаа. Үүнээс гадна далд уурхайн санхүүжилтээс эхлээд түгжигдсэн ажлуудаа эхлүүлэхгүй байж татвар төлөгчдийн мөнгөөр гадны компаниас хуулийн зөвлөгөө авах гэж буйг иргэд эсэргүүцэж байна. Монголын ард түмэнд хэрэгтэй нэг ч ашигтай шийдвэрийг тус компаниас гаргаж байсан удаагүй. Тийм байж иргэдийн мөнгийг энэ мэт хайр, найргүй цацаж буй нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой.

Т.Энхэлээ
24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих