Өнөөдөр сонгууль болбол аль намыг дэмжих вэ?
Манай улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар, улстөрийн нөхцөл байдал, удирдагчдын рейтингийн тухай нэгэн сонирхолтой судалгааны дүн гарчээ. Энэхүү судалгаанаас улс төртэй холбоотой хэсгийг нь онцлон уншигчиддаа сонирхуулъя.
Судалгааг Монгол дахь Америкийн худалдааны танхим, Бизнесийг дэмжих санаачлага төсөл болон АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Сант марал” төвийнхөн хийжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр орон даяар насанд хүрсэн 1500 иргэнээс түүврийн аргаар авсан судалгааны нам, улстөрчидтэй холбоотой асуултуудад нэлээд сонирхолтой хариу гарч байна.
Удирдагчид ба намуудын үнэлгээ гэсэн судалгааны хэсэгт “Та өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд аль намыг дэмжсэн бэ” гэсэн эхний асуулт байна. Үүнд иргэдийн 44,5 хувь нь АН гэсэн бол 24,2 хувь нь МАН, 9,9 хувь нь МАХН, 15,2 хувь нь сонгуульд оролцоогүй гэжээ.
Харин “Та яагаад энэ намыг дэмжсэн бэ” гэхэд “Уг нам хамгийн сайн нам байсан гэж 18,9 хувь нь хариулсан бол хамгийн сайн нэр дэвшигчтэй байсан гэж 37,1, гэр бүл нь дэмждэг учир саналаа өгсөн гэж 18 хувь нь үзжээ. 18,3 хувь нь намын гишүүнчлэлээсээ шалтгаалж санал өгсөн гэдгээ дугуйлсан байна.
Хэрэв өнөөдөр УИХ-ын сонгууль болвол та аль намыг дэмжих вэ гэсэн сонирхолтой асуултад хамгийн олон буюу 42,7 хувь нь мэдэхгүй гэсэн байна. Үлдсэн 28,3 нь АН, 17,1 нь МАН, 7,9 хувь нь МАХН гэсэн бол 3,9 хувь нь бусад намуудыг сонгожээ.
Хамгийн сонирхолтой асуулт болох “Таны бодлоор Монголын хамгийн сайн удирдагч хэн бэ” гэдэгт 24 орчим хувь нь Ц.Элбэгдорж хэмээсэн бол 14 орчим нь Н.Энхбаярыг нэрлэж, 10 орчим хувь нь хэн ч биш гэжээ. Нийт иргэдийн 40 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгч, үлдсэн хэсэг нь өөр улстөрчдийн нэрийг дугуйлсан байна.
Бүр илүү сонирхолтой нь өнөөгийн Ерөнхий сайд болон бусад эрх барьж буй хүмүүс энэ судалгаанд нэр нь гараагүй, зарим нь хэдхэн хувийн дэмжлэг авсан байгааг харж болно. Нөгөөтэйгүүр “Үндэсний хэмжээний асуудлууд” гэсэн сонирхолтой хэсэг энэхүү судалгаанд байна.
“Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв тийшээгээ явж байна уу эсвэл буруу юу” гэдэгт 47,6 хувь нь буруу гэсэн бол 36,3 нь зөв гэжээ. Харин Монголд тулгарч буй хамгийн чухал асуудлыг эдийн засгийн хямрал, хүрээлэн буй орчны бохирдол, авлига гэсэн дарааллаар жагсаасан байна. Эдийн засгийн асуудал дотроо авлига нэгдүгээр асуудал гэж хариулсан ажээ. Энэхүү сонирхолтой судалгааны эдийн засгийн салбартай холбоотой үр дүнг бид маргаашийнхаа дугаарт танилцуулна.
Ө.Батхүү
Зууны мэдээ
URL: