Шийдлийн Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй

527-141748283012fdgd

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нарыг халз мэтгэлцээнд дууджээ

“Бид Шийдлийн гэх  Засгийн газартай хамтарч ажиллахгүй” хэмээн Монголын тариалан эрхлэгчдийн холбооныхон мэдэгдлээ.  Өчигдөр Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Хэнтий аймгийн газар тариаланчид цуглаж өөрсдийн тулгамдсан асуудлаа ярилцлаа. Өнөөдрийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн яам, тариалан эрхлэгчдийн холбоо, тариаланчдын дунд ширүүхэн маргаан үүсээд байгаа юм.  Учир нь Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай, гурил худалдан авах шийдвэр гаргасан нь асуудлыг улам хурцдуулсан явдал болов.  Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус холбооны удирдлага болон гурил үйлдвэрчлэгчдийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, импортын улаан буудай авахыг түр хойшлуулж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээгүй байгаа дотоодын улаан буудайн цавуулгын байдлыг дахин шинжлэхээр болсон юм.

ОХУ-аас улаан буудай, гурил авах асуудлыг өнгөрсөн намраас  ярьж эхэлсэн.  Тухайн үед Хүнс,хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулга ажиллаж байсан юм. Энэ үед тариаланчид салбарын яамтайгаа ойлголцож ОХУ-аас тодорхой хугацаанд улаан буудай оруулахгүй байх тохиролцоонд хүрсэн байна.  Тэр ч бүү хэл Ш.Түвдэндоржийг тус яамыг удирдаж байхад мэргэжлийн холбоод дөрвөн талт хэлэлцээрийг хийж, албан ёсоор үзэглэжээ.  Гэтэл саяхан тус яамны удирдлага солигдож шинэхэн сайд Р.Бурмаа дөрвөн талд хэлэлцээрийн гэрээг зөрчиж ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг олгоод байгаа юм.  Ерөнхийдөө дээрх асуудлыг хүрээнд маргаан өрнөж байна.

ОХУ-аас улаан буудай оруулах асуудалд томоохон хэмжээний лобби орсон уу

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас ихээхэн хэмжээний улаан буудай оруулж ирэх болсон нь тариаланчдын хардлагыг төрүүлж байгаа аж.   Тодруулбал, Шийдлийн Засгийн газар ямар шалтгаанаар ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортлох болов. Мөн монголын хөрсөнд ургасан улаан буудайн чанар муу гэж яагаад хоёр гуравхан компани гомдоллох болов. Тэд чухам ямар учраас ОХУ-аас улаан буудай оруулах санал тавив,  Монголд 73 гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.  Гэтэл Монгол Улсын Засгийн газар хоёр, гуравхан компанийн шахалт, шаардлагаар ОХУ-аас улаан буудай импортлох болсон шалтгаан юу байв гэхчилэн хардах, сэрдэх маш олон сэжим байгаа аж.  Тиймээс тариаланчид ОХУ-аас улаан буудай оруулж ирэх асуудал томоохон хэмжээний лобби, авлигалтай холбоотой гэдэгт итгэлтэй байгаа  гэнэ.

Засгийн газар үйлдвэрлэгчдээ шахаж байна

Тариаланчид өнгөрсөн намар дотоодын хэрэгцээгээ хангахуйц ургацыг хураан авсан.  Гэтэл Засгийн газар ОХУ-аас ийм хэмжээний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон нь дотоодын үйлдвэрлэгчдээ шахаж байгаагийн хэлбэр гэж тэд үзэж байна. Хэрвээ ОХУ-аас 20 мянган улаан буудай импортлох бол дотоодын улаан буудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй, 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргэж байгаа нь асуудлын гол болоод байна.  Шулуухан хэлэхэд Шийдлийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бус харин хаан, боогдуулж байгаагийн хамгийн тод жишээ энэ байна.

Монголын тариаланчид мөн л баялаг бүтээгчид шүү дээ

Тариаланчдын уулзалт нэлээн ширүүхэн уур амьсгал дор өрнөсөн.  Тэдний ярьж буй бас нэг гол асуудал бол өөрсдийнх нь амьдрал болсон газар тариалангийн салбараа  уналтад орохоос хамгаалах. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн хэлэхдээ “Манайх 2009 оноос хойш Дархан-Уул аймгийн Хонгор суманд газар тариалан эрхэлж байгаа.  Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрт үнэхээр гутарч байна.  Газар тариалангийн салбар бол хамгийн чухал шүү дээ.  Үүнийг Засгийн газар, салбарын яам нь ойлгохгүй байна гэдэг нь туйлын харамсалтай” хэмээн саналаа хэллээ.  Түүнчлэн уг асуудал Их хурал дээр яригдахад УИХ-ын гишүүн Ж.Батзандан тариаланчдийг доромжилсонд эгдүүцэж байгаагаа хэвлэлээр дамжуулах хүмүүс олон байв.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголын тариаланчид мөөгөнцөртэй тариа өгдөг.  Үүнээс болж Монголд хавдар газар авлаа” хэмээн зэмлэжээ.  Мөн Төв аймгийн Угтаал сумын иргэн “Манайх 2000 оноос хойш энэ салбарт хөл тавьсан.  Газар тариалангаа дагаж бидний амьдрал дээшилсэн сайхан он жилүүд бий.  Энэ жилийн хувьд тариаланчид бид арвин ургац хураан авсан.  Монголын хөрсөнд ургасан улаан буудайн чанар муу байна гэж байхгүй.  Бүгд шинжилгээрээ нотлогдсон.  Гэтэл зарим нэг гурилын үйлдвэрүүд цавуулаг муу гэж худалдаж авахгүй байгаад сэтгэл дундуур байна” гэлээ.  Түүнчлэн импортын зөвшөөрөл авсан компаниуд тариаланчдаас авсан улаан буудайн мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй байгаа аж.  Гэтэл тэд ОХУ-аас улаан буудай авч доллар гаргах гэж байгаа учир дутагдалтай гэж шүүмжилж байв.  Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадагш доллар гаргаж байгаа нь маш буруу бодлого гэдгийг тариаланчид онцолж байлаа.

Монголын хөрсөнд ургасан улаан буудайн чанар асуудалгүй

Монголд үйл ажиллагаа явуулж буй 73 гурил үйлдвэрлэгч компаниудаас зөвхөн “Улаанбаатар гурил” “Од” зэрэг үйлдвэрүүд улаан буудайн цавуулаг чанар муу хэмээн гомдоллсоор иржээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улаан буудайн чанарыг шалгаж цавуулаг чанар нь 25 аас дээш гэх дүгнэлт гарчээ.  Зарим аж ахуйн хураасан улаан буудайнд  30 хүртэл хувьтай тогтоогджээ. Тариаланчид зөвхөн дотоодын лабораториуддаа шинжилгээ хийлгээд зогсоогүй.  Солонгос улсад хийлгэсэн шилжилгээгээр ч цавуулаг нь 25-28  хувьтай, уурагт чанар нь хамгийн их буюу 13 хувиас дээш гарчээ. Гэтэл “Улаанбаатар гурил” команийнхан цавуулаг чанар муу мэтээр олон нийтэд мэдээлэл түгээсэн нь байж боломжгүй үйлдэл гэж шүүмжилж байв.  Үүнээс гадна ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг МХЕГ шинжилгээнд оруулахад төмрийн агууламж өндөртэй гэж гарч байсан удаатай гэнэ.  Тиймээс Засгийн газрыг ОХУ-ын улаан буудайн чанарыг ч мөн адил шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаа аж.  Тэр ч бүү хэл Монголын хөрсөнд ургасан улаан буудайг гуравдагч орны лабораторид шалгуулах хэрэгтэй гэж үздэг байна.  Хятадууд монгол ирээд монголын гурилыг л авдаг. Тэд чанартай гэдгийг мэддэг хэмээн уулзалтын үеэр ярьж байлаа.

Эцэст нь тариаланчид энэ сарын 29- нд төв талбайд трактор, техниктэйгээ томоохон хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.  Мөн “Улаанбаатар гурил” компанид ОХУ-аас ирсэн улаан буудайг шинжилгээнд хамруулахыг шаардаж, ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” компанийн захирал Баатарсайхан нарыг халз мэтгэлцээнд урьж оролцуулахаар шийджээ.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих