Оюут толгой байвал ажиллуулж, Оюутолгойгоо л хөдөлгөе

888Манай улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд хагас тэрбум ам.долларын ашигтай гарсан нь сүүлийн найман жилд тохиож байгаагүй амжилт юм. Үүнд ойрын таван жилийн доод төвшиндөө хүрээд байсан дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханш бага боловч дээшилж, “Оюутолгой” компанийн олборлолт, борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Одоогоор Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ тогтворжсоноос гадна ойрын хэд хоногт бага багаар өсч, 5715 ам.долларт хүрээд байна. Үүнээс гадна зэсийн баяжмалын эрэлт нийлүүлэлт тэнцвэржих хандлагатай болж, Хятадын Цагаан сарын баярын дараа зэсийн үнэ ханш өсдөг олон жилийн зүй тогтолтой холбогдуулан 6000 ам.долларт хүрэх магадлалтай гэж “Macqure” групп эерэг төсөөлөл гаргаад байгаа нь манай хувьд сайн мэдээ юм.

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” ч өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэлийн төлөвөө 30 мянган тонноор нэмэгдүүлсэн нь энэ байдлыг урьдчилан тооцсоны үр дүн байсан биз. Үүнд Оюутолгойн үйл ажиллагаа сэргэж, зэсийн хамгийн том ил уурхай болох Кеннекотын олборлолт нэмэгдсэн нь илт нөлөөлсөн гэж “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдэгдсэн байна. Энэ нь манай улсад ч хаялгаа өгч зэсийн баяжмалаас олох орлого 2.5 дахин өссөн дүнтэй байгаа юм. Үүний 60 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн онд зэсийн баяжмалын борлуулалт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь манай экспортын бүтээгдэхүүний 45 хувийг эзэлж байна. Оюутолгойн ордын ил уурхайн зах зухаас ашиглаад эхлэхэд л манай улсын эдийн засаг дээрх хэмжээний үр дүнг өгч байна.
Гэтэл тус ордын нөөцийн 70-80 хувь нь далд уурхайд хадгалагдаж байгааг мэргэжлийн хүмүүс, судлаачид хэлдэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”-гээр шийдэж чадвал ард иргэдийн хүлээлт, улстөрчдийн популист амлалтад нэг томоохон алхам болох нь тодорхой.
“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш, энэ оны эхний улиралд багтааж далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдэж, бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлбэл 2019 онд ашиглалтад бүрэн оруулж болох тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээр байгааг оны өмнөхөн батлан хэлсэн байдаг. Тэр цагт Оюутолгой манай улсын “саалийн ганц үнээ” болох нь тодорхой. Учир нь, улс орны эдийн засгийг олон жил нуруундаа үүрч ирсэн, манай “үндсэн сүрэг”-ийн “саалийн үнээ” Эрдэнэт улс төрчдийн халаа сэлгээ, нам харгалзсан томилгоо, олон жилийн ашиглалт зэргээс шалтгаалан “сүү нь татарч” эхэлж байна. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар улсын төсөвт зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон байхад одоогийн байдлаар зэсийн үнэ 5500 болчихоод байна. Тиймээс хямралын эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, “бүсээ чангалж” байж эдийн засгийн хямралыг эрсдэл багатай давна гэж ярьсан байна билээ.
Тэгэхээр манай улсын эдийн засгийн ганц том хөдөлгүүр ийнхүү гацаж эхэлж байгаа болохоор Оюутолгойн бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлэхээс өөр гарц бидэнд үгүй болж байх шиг байна. Мөн Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандоржийн санал болгож байгаачлан Оюутолгойн баяжмалын борлуулалт, арилжааны багт Монголын талын оролцоог бий болгох, менежментийг сайжруулах, алдагдлыг багасгах, ил тод байдлыг нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах цаг болжээ. Бондын хөрөнгөөр мөнгө босгох, зах зээлд валютын интервэнц хийх зэргээс өөрөөр эдийн засагт эргэлт хийх арга мэддэггүй, аманд нь багтахаас биш цаасан дээр ч буулгаж чадахгүй их мөнгө ярьсан улстөрчдөөс бид юу ч хүлээгээд нэмэргүй нь. Тиймээс бодит байдалд хамгийн ойр байгаагаар нь Оюутолгойгоо л тойглосон нь дээр юм биш үү.
Оюутолгой энэ онд 200 мянга орчим тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа тайландаа дурдсан байсан. Гэтэл Сангийн яам болохоор 800 мянга орчим тонн зэсийн баяжмал экспортолж, 300 тэрбум гаруй төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлнэ гэж тооцоолсон байгаа юм билээ. Иймэрхүү маягаар ширээний араас хийсэн тооцоо, үйлдвэрлэл хоёрын хооронд ямар их зөрүү байдгийг “цээжний тоочид” хэзээ ойлгох юм бол.

 

Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Сэтгэгдэл бичих