Бохирдолд умбасан Улаанбаатар минь
Өнөөдөр дэлхийн олон орон таван төрлийн бохирдолттой тэмцэн тодорхой үр дүнд хүрээд байгаа. Бохирдол гэхээр агаарын бохирдол таны толгойд хамгийн түрүүнд бууна. Өөр юусан билээ хэмээн эргэцүүлэхэд ус, хөрсний бохирдол санаанд орно.
Харин нөгөө хоёр нь төдийлөн санаанд амар орж ирэхгүй ч та биднийг хордуулахдаа дээрх бохирдлуудаас огт дутахгүй. Тэдгээр нь юуны бохирдол вэ гэхээр хүнсний, шуугианы бохирдол.
Монгол орон хүн ам цөөтэй. Тэгсэн атлаа бохирдлын хэмжээ асар их. Манайхаас бусад улс орон эдгээр бохирдлыг багасгах талаар дорвитой ажил хийж, түүнийхээ үр ашгийг үзээд, ард түмнээ эрүүл орчинд тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангахад дээд зэргээр анхаарч байна. Харин “Утаанбаатар”-ын иргэд өвөл хоолой хорсгосон утаанд, хавар намартаа тоос шороонд, зун цагт нь ил задгай хог хаягдлын үнэр танарт хордон амьдарсаар.
Агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрээд удав. Улаанбаатар хотод үүсч байгаа утааг багасгах гол арга бол ард иргэдээ орон сууцжуулах. Гэтэл зуух, түлш зэргийн хэмжээ, хэлбэр, орц найрлагаар оролдож суусаар хэчнээн жилийг үдэв. Энэ хооронд орон нутаг эзгүйрэн, олон мянгаараа нүүдэллэгсэд хотын ачааллыг нэмсээр.
Агаарын бохирдол дийлдэхээ больсон нь тодорхой болохтой зэрэгцэн хөрс, усны бохирдол анхаарал татсан асуудал болсон. Туул голын загас, жараахай олноороо үхсэн явдал удаа дараа гарсан нь бохирдолттой холбоотой. Голын ус нэг км орчим урсаад бохироо цэвэрлэдэг бол Туул голын ус хэдэн ч км урсаад цэвэрлэгдэж байгаа юм бүү мэд.
Улаанбаатарчуудын ундны усны 80-аад хувь бохирдсон гэж байгаа. Усны асуудлаа юу юунаас түрүүнд тавихгүй бол загас жараахайнд тохиолдсон эмгэнэл хүн амд давтагдахгүй гэх баталгаа үгүй л байгаа. Агаар усны бохирдол иймэрхүү аюулыг дагуулж байгаа бол гишгиж буй газар шороо минь бас л бохирдолттой.
Нийслэлийн хөрсний 95 хувь нянгийн бохирдолттой гэсэн сэтгэл эмзэглэм тоо гараад удсан. Энэ нь байх ёстой хэмжээ-нээсээ 10-16 дахин их байгаа юм. Хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж буй нь тодорхой. Улаанбаатар хот орчим хөрс гэж байхгүй, улаан шopoo эргэлдсэн нутаг болсон доо. Та бидний хамгийн их ярьдаг, нүдэнд ил байдаг бохирдлууд бол дээр дурдагдсан гурав. Гэтэл аюул дагуулсан бохирдлууд өөр байгаа. Химийн бодисыг хэр хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэж байж ургуулсан жимс ногоо, элдэв өнгийн будгаар будсан эрээн алаг чихэр, жигнэмэгээс өгсүүлээд өөр юу юу ч байгаа юм. Эд бүгд хүнсний бохирдол гэсэн нэр томъёонд хамрагдана.
Хүнсний бохирдолд нэрвэгдэхгүй байх боломж уг нь бидэнд бий. Шуугианы бохирдол бол зөвхөн манайд биш дэлхий нийтийг хамарсан бохирдол л доо. Шуугианы бохирдлоос ангижрана гэж худлаа хэлээд ч яах вэ, харин салж хагацаж болох нөгөө хэдэн бохирдол өчүүхэн ч атугай багасаасай билээ .
П.Болор
URL: