Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

15012101_700x700

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын 11-11 төвд хандаж иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн талаар ирсэн асуултуудад хариулаа.

Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж тус яаманд байсан жижиг, дунд үйлдвэрийн бодлого, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Бусад бодлогын хувьд өмнөх Засгийн газрын Хөдөлмөрийн сайдын хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж сайд С.Чинзориг хэллээ.

Хөдөлмөрийн сайдад хандаж  2015-2016 онд мөрдөж ажиллах  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд  хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ямар ахиц   гарах талаар сонирхсон  асуулт олон ирлээ. Гурван талт улсын хэлэлцээр өмнөх жилүүдийнхээс амжилттай болсон гэж Хөдөлмөрийн сайд дүгнэж байна. Засгийн газар энэ хэлэлцээрт хариуцлагатай оролцож 23 зүйлийг хэлэлцээрт тусгасан байна.  Гурван тал нийтдээ 53 асуудал дээр санал нэгджээ.  Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрт улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд хэлэлцээр байгуулахад төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс илүү ажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах зэрэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон байна.

Гурван талын хэлэлцээр бол зөвхөн төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал биш нийт ажиллагсдын нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцдэг  хэлэлцээр гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.  Энэ жилийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцсэний зэрэгцээ хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсадын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг түлхүү ярьжээ. Хувийн хэвшилд ажиллагсад мэргэжлийн ур чадвараас хамаарч ялгамжтай цалин авдаг байх болон үнийн өсөлт, инфляцийн түвшин, хөдөлмөрийн  бүтээмжээс хамаарч цалин хөлсийг нэмэгдүүлдэг байх  хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал дээр талууд санал нэгджээ.  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа гадаад ажилтан болон монгол ажилтны цалин хөлсний зөрөөтэй байдлыг Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах замаар адил хөдөлмөр эрхлэж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин хөлс олгох асуудлыг хуульчлахаар шийдсэн байна. Хүн амын оролгын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай гэж талууд үзсэн гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзроиг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


URL:

Сэтгэгдэл бичих