Алтан загасны аягүй хэцүү үлгэр
Хөх Монгол нутаг
Хөл ихтэй хотын
Хонгил нүхэн мухартЭдүгээ энэ цагт
Эмгэн өвгөн хоёр
Амь зуухчаа аядан
Аж төрөн суув
Хар усан ундтай
Харанхуй нүхэн нөмөртэй
Газрын траншэйнд хоргодож
Галын илчинд дулаацаж
Гучин жил ажилласны эцэст
Арван жил тэнүүчилэв гэнэ
Өвгөн хог ухаж Цагаан даваа сахина
Эмгэн лааз түүж хотын төв бараадна
Өвгөн нэг өдөр Туулын хөвөөнд очоод
Тороо усанд тавьж загас шүүрдэж эхлэв
Анх нэг шүүсэн гялгар уут гарлаа
Ахиад нэг шүүсэн зунгаг ноос гарлаа
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав гэнээ
Аливаа загаснаас онцгой
Алтан загас болвол
Адгуус амьтнаас онцгой нь
Хүний хэл мэднэ
Амь авар өвгөн ах минь
Туулын уснаас салгаж
Тунгалаг усанд тавина уу
Амь биенийхээ оронд
Аливаа хүслийг чинь биелүүлнэ гэж
Монголын улс төрчид шиг
Молиго үмхүүлээд яах вэ
Дуртай болгон нь хайрга ачаад
Дугуйтай бүхэн нь буртгаа угаагаад
Хогын цэг шиг новшинд дарагдаад
Хонгор сумаас дээрдэхгүй хордоод
Хатан Туул гол минь
Хатингар эмгэн шиг болоод байна
Мөнгөн усны харгайгаар
Мөнгөлөг хайрс минь гуужаад
Алтан загас би
Шалдан загас боловоо
Орчин цагийн олигархуудад л
Очиж өөрөө хүслээ хэлмээр
Хүсэл биелүүлэх шид ч үгүй болоод
Хүн танаас тусламж гуйгаад
Аргаа барахын эрхэнд
Ахын торонд өөрөө баригдаж
Аврал эрж байгаа нь энэ билээ гэж
Ухаант алтан загас
Уйлан хайлан өчив гэнэ
Үгээгүй ядуу муу өвгөн
Үүний хариуд ингэж хэлэв
Халуун залуу насандаа
Хүний зэрэг явлаа
Шунахай,сувдагийн сэтгэлгүй
Шударга амьдарсны хохь болж
Харж үзэх хүүхэд ч үгүй
Хамгаалж тэтгэх засаг ч үгүй
Ягдах насны бөгсөнд
Ядарч л явна даа ах нь
Өрөвдөж чамайг хайрлавч
Өөрийн гэх унаагүй
Хордож,бохирдоогүй гол,горхи
Хоёрдож ирэхэд олдохгүй
Ундарга эхийг нь ухаагүй газар
Улс Монголд нэг ч байхгүй ээ
Хөөрхий муу загас минь
Хөгшин болсон над шиг
Өсөж торнисон голдоо л
Өехийгөө дээш нь харуул даа гээд
Ухаант алтан загасыг
Усанд нь буцааж тавив
Зайлуул муу алтан загас
Замагт голдоо шингээ биз
Өвгөн эмгэн хоёр харин
Өнөөх л траншэйндаа хэвээр гэнээ
URL: