Үр хөндөлт – Уйлж ч амжаагүй тавилан

“Үр хөндөлт нь өөрийгөө
хамгаалах чадваргүй хүний
аминд халдаж буй гэмт хэрэг”

Рассель М.Нельсон

Нас нь залуужиж, тоо нь нэмэгдэж буй үр хөндөлт – Уйлж ч амжаагүй тавилан

Зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохын адил ховор тавиланг онон эхийнхээ хэвлийд бүрэлдсэн үрийг “Хүсээгүй жирэмслэлт” гэх албаны хүйтэн нэршил дор зориудаар таслахыг үр хөндөлт гэдэг. Хэвлийд бүрэлдсэн үрээ тээх, эсэх шийдвэрийг хувь хүний гарт хуульчлан олгосон хязгаарлашгүй “эрх чөлөө”-ний золиос нь уйлж ч амжилгүй буцдаг үрс.

Зөвхөн нийслэлийн хэмжээнд, зөвхөн бүртгэгдсэн тоогоор 2013 онд 7258, 2014 онд 8740 үр хөндөлт хийгджээ. Эх  хүн болохын жаргалыг мэдрээгүй, анхны үрээ хөндүүлж буй нь 2013 онд 2846, 2014 онд 2347 гэсэн албаны тоог НЭМГ-аас авлаа. Түүнчлэн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт 2013 онд 244, 2014 онд 432 болтлоо буюу 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тоон мэдээлэл дээр нийслэлийн төрөх эмнэлгүүдэд 12 настай сурагч охид хэд хэдээрээ үр хөндөлт хийлгэснийг, 34 настай бүсгүй 24 дэх удаагаа үр хөндүүлж байсан зэрэг сэтгэл сэрдхийлгэм тоог ч нэмэрлэж болох юм.

Эхийн хэвлийгээс часхийтэл дуугаа хадаан хүн болон мэндэлснээ зарлах, тэр дууг нь сонсоод ижий, аав нь сэтгэл тайтгаран баярын нулимс унагах, түнтэгнэн мөлхөж, тожигнотол алхах, ход ход инээх, сурагч болох, ижий аавдаа ханиа дагуулан ирэх, ач зээг нь үнэрлүүлэх… хэмжээлшгүй их аз жаргалыг хэдхэн хоромд үргээчих харгис шийдвэр гаргагчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нас нь залуужиж байгаад эмгэнэмээр.

Гэхдээ мэдээж тухайн жирэмслэлт нь эх, ургийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон, эх нь сэтгэцийн эмгэгтэй, цусан төрөл ойртсон нь нотлогдсон, бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн зэрэг аргагүй тохиолдлуудыг энд хамруулахгүй.

Мэдээлэл авахаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт очиход “Нөхөн үржихүй” буюу үр хөндөлт хийх өрөөний үүдэнд 10-аад бүсгүй дараалал хүлээн суух бөгөөд бүгд л 18-28 насныхан байв. Үр хөндөлт хийх эмч нар “сонголтоо” хийгээд ирсэн эмэгтэйчүүдэд ухуулга яриа хийж, зөвлөж, хэт авиан оношлуур /эхо/-аар хүүхдийнх нь зүрхний цохилтыг сонсгож, хүүхэд нь төрсний дараах аз жаргалыг зураглан ярьснаар цөөхөн хэд нь харгис шийдвэрээ уясган, үрээ тээхээр буцдаг тухай, 2014 онд 5610 эх үр хөндөлт хийлгэхээр ирээд 293 нь тээн төрүүлэхээр буцсан тухай тоогоор нотлон ярьлаа. 1992 онд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн хууль гарснаас хойш улсын хэмжээнд гурван сая үр хөндөлт хийгдсэн судалгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн оны эхээр гаргажээ. Энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж баярлалдаж буй манай улс магадгүй зургаан сая иргэнтэй байх байж.

Хөндөгдсөн үр хаана очдог вэ

Эхийн хэвлийгээс эмийн аргаар болон төмөр багажуудаар таслагдсан “үр” аль эмнэлгийг ээж нь сонгосноос шалтгаалан өөр, өөр газар “хуваарилагддаг”. 12 хүртэл долоо хоногтой буюу эрт үеийн үр хөндөлтөд өртсөн нь бүлэгнэсэн цус байх бөгөөд тухайн эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн тасгийн “үйлчилгээ”-г аваад, 13-22 долоо хоногтой буюу жирэмсний хожуу үеийн үр хөндөлтөд өртсөн үр хөврөл эмнэлгийн хог хаягдал ариутган устгадаг “Элемент” ХХК-д очдог юм байна.

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг ариутган халдваргүйжүүлэхгүйгээр Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаяж байгаа тухай хэвлэлээр гарч, татан буугдах хүртэл хэмжээнд яригдаж байсан “Элемент” ХХК-г зорин очлоо. Байгууллагын ерөнхий менежер О.Дорж “Халдваргүйжүүлээгүй хог үйлдвэрээс гаргадаггүй, тухайн үед Улаанбаатар тохижилт ХХК хогоо булаагүй байсан” зэрэг өмнөх явдлыг эргэн дурсаад биднийг үйлдвэрийн хэсэг рүү дагуулан орлоо. Эмнэлгийн эм тарианы үнэр дэндүү хурц, эхүүн цусны ч гэмээр эвгүй үнэр сэнхийж, сэтгэл тавгүйтэв. Хүйтний улирал  болохоор “эмгэг” хог хаягдлыг хөргөгчид биш ил хадгалжээ. Эмгэг хог хаягдал гэдэг нь өнөө үр хөндөлтөөр эхээс таслагдсан бүлэгнэсэн цус, хожуу үеийнх бол хүн хэлбэрээ олсон мах, хэвийн төрсөн эхчүүдийн ихэс,  гэмтэл, түлэгдлээс үүдэн тайрагдсан хүний гар, хөл, чих зэрэг эрхтнүүд, мэс заслаар авагдсан дотор эрхтний шарх гээд юу эс байх билээ. Гэхдээ мэдээж энэ бүхнийг сав баглааг нээж үзэх, дахин задлах нь хуулиараа ч хориотой, ёс зүйн хувьд ч байж боломгүй асуудал. Гэсэн ч гялгар уутны цаанаас нүднээ ил.

Үр хөндөлт-эрүүл мэнд болоод хувь заяаны нөлөөлөл

Үр хөндөлт хийлгэснээр  өндгөн эс маш ихээр гадагшилж, цөөхөн үлддэг учраас эмэгтэй хүн таван насаар хөгширдөг аж. Ингэснээр эрт цэвэрших аюул нүүрлэдэг бөгөөд манай улсад 28 настайдаа сарын тэмдэг нь зогсоод цэвэршсэн тохиолдол гарч байсан тухай Ася хувийн эмнэлгийн эрхлэгч Н.Наранцэцэг ярьжээ. Мөн үр хөндөлт хийлгэснээр олон өвчний суурь тавигддаг, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдар зэрэг хавдар үүсэх шалтгаан болдог байна. Түүнчлэн зөвшөөрөгдсөн эмнэлэгт мэргэжлийн эмч нараар хийлгээгүйгээс эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах, дахин хүүхэд олох чадваргүй болох зэрэг эрүүл мэндийн хор нөлөөг дурдах нь илүүц биз.

Харин үр хөндөлт эхийн болоод бусад үр хүүхдийн хувь заяанд нөлөөлдөг талаар батлагдсан онол үгүй ч сэтгэлзүй, бишрэлийн хандлагууд олон байдаг ажээ. Тухайлбал хэвийн төрөх ёстой хүүхдийн хувь заяаг зориудаар тасалснаар тухайн гэр бүлд дахин хүүхэд төрөх эсэх, үрийн заяа хаях хүртэл тохиолдол бий гэнэ. Бүр хүүхдийнхээ хүйсийг нь голсноос дараа дараагийн гарах үр хүүхдэд хор нөлөөтэй байдаг аж. Мөн үр хөндөлт хийсэн эмч нарын хувь заяанд нөлөөлдөг бөгөөд  эмэгтэйчүүдийн эмч нарын нас богино, элэг, ходоодны хорт хавдраар их өвчилдөг нь судалгаагаар нотлогдсон байдаг аж. Түүнчлэн хорвоод ирж буй хүүхдийн хувь заяаг тасалснаар тэр хүүхдийн ирээдүйн хань болох хүн нь ганцаараа үлддэг бөгөөд  тэр нь өөр хүнд оногдож, салалт, тохироогүй гэрлэлт зэрэг нийгэмд олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа нь үр хөндөлтийн үр дагавар хэмээн Дашчоймбол дацангийн хувраг Ч.Пэрэнлэй хэллээ.

Олон улсад ихэс, үр хөврөлөөр эсийн тариа бүтээдэг

Олон улсад “Эсийн эмчилгээ” /Cell therapy/ нээлттэй байдаг бөгөөд энэ чиглэлээр 2012 онд Гэрдон, Яманака нар Нобелийн шагнал хүртсэн билээ. Олон улсад эсийн эмчилгээ нь өртөг өндөртэй ч эрэлттэй байдаг бөгөөд эсийн тарианы гол түүхий эд нь эхийн ихэс, ур хөндөлтөөр гаргаж авсан үр хөврөл байдаг байна.  Эсийн эмчилгээ нь хүнд шаардлагатай эд эрхтнийг шинэчилж, залуужуулдаг үйлчилгээтэй юм байна. Харин энэ бэлдмэлийн “түүхий эд” нь үр хөндөлтөөр гаргаж авсан ураг, хэвийн төрсөн эхчүүдийн ихэс ажээ.

Эсийн тарианы чанарыг 18-25 долоо хоногтой ураг тодорхойлдог бөгөөд энэхүү залуужуулдаг шидтэй тарианы ширхэг нь зах зээл дээр 15,0-18,0 долларын үнэтэй байдаг ажээ. Энэ тариаг хийлгэсэн хүний арьс толийж, нүүр царай гэрэлтэж, наснаасаа 20 насаар залуу харагдах бөгөөд үс, хумс нь хурдан ургадаг гэнэ. Эсийн тарианы үйлдвэрлэгч нь АНУ-ын “Метрополис” гэх компани аж.

Харин манайд эхийн ихэс, үр хөврөлийг шууд л ариутган ландфиллддэг /булдаг/. Ариутган булах үйлчилгээ үзүүлдэг “Элемент” ХХК-ийн ерөнхий менежертэй эсийн эмчилгээний талаар ярилцахад “Гадаадын орнуудад тийм юм байдаг л юм шиг байна лээ. Манайд бол байхгүй шүү дээ. Сүүлийн үед харин зулбасан, дутуу төрсөн хүүхдээ хүмүүс эмнэлэгт үлдээхээ болиод, өөрсдөө оршуулах зан үйл хийдэг болоод байгаа гэсэн. Тиймээс манайд томхон хэмжээтэй үр хөврөл ирэхгүй байгаа байх. Гэхдээ бид нар эмнэлгээс ирж байгаа эмгэг хог хаягдлыг задлах, нээж үзэх эрх, хууль байхгүй” гэлээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, төрөх эмнэлгүүдийн эмч нар ч эсийн эмчилгээний талаар сонсож байснаа ярихаас манайд оронд байж боломгүй асуудал мэтээр уцаарлангуй хариулж байсан юм. Нэгэнт хүн болох тавилангүй ургийг суултуур луу урсгаж, газар булахын оронд дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд эрж хайгаад байгаа эсийн эмчилгээний түүхий эд болгон хэрэглэх нь ч бодох л асуудал.

Ц.Анхзул

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих