“ХЯМРАЛ” НЭРТЭЙ ХАЛХАВЧ ДОР ЭНГИЙН АЛБАН ХААГЧИД ХОХИРОХ ЁСГҮЙ
Энэ оноос улс “бүсээ чангалж”, төсвийн таналтыг бүхий л салбарт хийж буй. Гэхдээ зарим салбарын мөнгийг тооцоо судалгаагүйгээр таналаа гэж Төсвийн байнгын хороон дээр Сангийн яамныхан шүүмжлүүлж байв. Энэ ч үнэний ортой. Тухайлбал, төрийн албан хаагчдын цомхотгол. Хэмнэлт ярихаараа л төрийн албан хаагчид руу “дайрдаг” ч хачир дээрээ хамгийн их хэрэгтэй хүмүүсээ гудамжинд гаргадаг нь нууц биш. Үүний жишээ нь Спортын бэлтгэлийн төвийнхөн болоод байгаа аж. Саяхан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр харьяалдаг яамаа татан буулгаж, одоо Эрүүл мэндийн яамны хатавч хавьцаа явах болсон тус төвийн орон тооноос 30-ыг хасч тооцохоор 2015 оны төсвийн тодотголд тусгажээ. Үүнийг сонссон хүн бүр гайхаж байна. Хамгийн хачирхалтай нь хасагдаж байгаа 30 хүний бүрэлдэхүүнд Спортын төв ордны үйлчилгээний албаныхан ч багтжээ. Тамирчид хаана ч хамаагүй бэлтгэл хийгээд амжилт гаргадаг бол бас өөр хэрэг. Гэтэл Монголын тамирчдын амжилт үйлчилгээний ажилтнуудтай ч салшгүй холбоотой. Тэднийг цэвэр тохилог, дулаахан орчинд бэлтгэл сургуулилтаа хийхэд үйлчилгээний албаныхан чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамаг гол ачааг тэд л нуруундаа үүрсээр өдийг хүргэсэн. 50 жилийн турш шүү. Гэвч нэг л өдөр ажилгүй болно гэж хэн санах билээ. Үйлчилгээний багийнхныг ажлаас халах шийдвэр гаргасан нь тамирчдыг өөрсдөө шалаа угаа эсвэл үйлчилгээ хийх хүмүүсийнхээ хөлсийг халааснаасаа гарга гэсэнтэй л адил.
Спортын бэлтгэлийн төвийг анх 2012 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор байгуулсан байдаг. Тухайн үед Спортын төв ордныг нийтийн дуудлага худалдаанд оруулах гэж байсан юм. Яг үүнтэй давхцаж дээрх тогтоол гарсан учраас анх байгуулагдахдаа үйлчилгээний албаны орон тоог тусгаагүй аж. Гэхдээ Спортын төв ордны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 27 орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай болсон бөгөөд улмаар 2012 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 75 дугаар тогтоолоор 66 болгож нэмсэн юм. Засгийy газрын 34 дүгээр тогтоолыг үндэслэж төсвөө батлуулсан байна. Харин одоо Сангийн яамныхны тооцоо судалгаагүйгээр хийсэн цомхотгох шийдвэрээс болж, “Рио-2016″ зуны олимпийн наадамд бэлтгэгдэж буй үндэсний шигшээ баг, тэдний залгамж халаа болсон мянга мянган залуу тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх орчныг бүрдүүлдэг арын албаныхны ажил доголдоход хүрч байна, Энэ нь тэр хэрээр тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тамирчдаа амжилт гаргахад өөрсдөө гаргасан юм шиг хамт баярладаг атлаа бэлтгэл хийх орчныг нь бүрдүүлдэг хүмүүсийг ингэж “илүү” үзэж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
“БУЯНТ-УХАА” ОРДНЫГ АЖ АХУЙН ТООЦООНД ОРУУЛБАЛ…
Спортынх салбарынхантай холбоотой өөр нэг асуудал нь “Буянт-Ухаа” спортын ордон юм. Энэхүү ордныг барьж байгуулснаас хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчээ. Жилдээ нэг тэрбум төгрөгийн төсөвтэй энэ байгууллага 360 орчим саяыг нь үйл ажиллагааныхаа зардлаас бүрдүүлдэг аж. Харин үлдсэн 640 сая төгрөгийг нь татаас хэлбэрээр улсын төсвөөс авдаг байна. Дөрвөн албанд нийт 60 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Нийт ажилчдын 80 гаруй хувийг
үйлчилгээ болон техникийн ажилчид эзэлдэг ажээ.
Тус ордны цалингийн жилийн төсөв нь 410 сая төгрөг. Ашиглалтад орсноосоо хойш 792 өдөр арга хэмжээ авч 306 нэр төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Эдгээрт давхардсан тоогоор 800 орчим мянган иргэн хамрагдсан гэх статистик тооцоо бий. Үндсэн санхүүжилтийнхээ 60-аас илүү хувийг улсаас авдаг төрийн өмчит газар аж ахуйн тооцоонд орвол төрөөс ямар нэгэн татаасгүй болно. Ингэснээр цэвэр өөрийн орлогоор нэг тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа юм. “Буянт-Ухаа” спортын ордны хувьд энэ нь бараг боломжгүй зүйл аж. Хэрвээ бүрдүүлэх шаардлагатай тулгарвал тэд заалныхаа одоогийн түрээсийн үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. “Буянт-Ухаа” спортын ордны одоогийн мөрдөж буй журмаар нэг өдрийн түрээсийн үнэ нь 1-1.5 сая төгрөг. Ийм хэмжээний мөнгийг спорт холбоод гаргах хүндрэлтэй байгаа нь мэдээж. Арга барахдаа арай хямд үнэтэй заал танхимыг түрээсэлж байх вэ. Гэтэл тус газар аж ахуйн тооцоонд орж ажиллавал алдагдалд орохгүйн тулд хамгийн багадаа хоёр сая төгрөгөөр спортын холбоод, бусад байгууллагад үйлчилж мэдэх нь. Энэ бол өнөөгийн нөхцөлд хүндрэлтэй. Өндөр үнээс болоод спорт холбоод, албгч байгууллагууд “Буянт Ухаа” спортын ордныг бус хямд заалыг сонгоход хүрнэ. Дээрээс нь хол гэдэг шалтгаанаар бага очдог. Цаашлаад ийм байдлаар удвал Монголын хамгийн том спортын ордон зориулалтаараа үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд хүрэх магадлал өндөр байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: