Долларын хомсдолд орсон уу
Нэр бүхий арилжааны банкинд эдийн засагчаар ажилладаг танилтайгаа өчигдөр таарч хэсэг хууч хөөрөв. Нэгэнт банкны хүнтэй таарсан болохоор 2000 төгрөгт 50 төгрөг хүрэхтэй үгүйтэй тулж ирсэн ам.долларын ханшийн талаар лавлаж асуусан юм. Тэрээр “Сүүлийн үед банкнаас ам.доллар их хэмжээгээр худалдаж авах хүсэлтэй иргэд олширсон. Гэвч ам.долларын худалдаа ховор байгаа нь иргэдэд хүссэн зээлийг нь олгоход хүндрэл үүсгэж эхэлсэн” гэлээ. Бусад арилжааны банкуудын хувьд ч ялгаагүй ам.доллар ховордож эхэлсэн талаар тэрээр дуулгав. Шалтгаан нь Төв банк арилжааны банкуудын хүссэн хэмжээний ам.долларыг гаргахгүй байгаа гэх. Ингээд танилын маань хэлсэн үнэн эсэх талаар бусад арилжааны банкаар орж эдийн засагчдаас нь асуухад, уг мэдээллийг үгүйсгэсэнгүй, ам.доллар ховордсоныг ч онцолсон юм.
Энэ талаар Монголбанкны холбогдох эх сурвалжаас тодруулахад “Валютын нөөц хэвийн хэмжээнд байгаа. Ямар нэгэн байдлаар хомсдол үүссэн асуудал байхгүй” гэв.
Харин Монголбанкны албан ёсны цахим хуудсанд байршуулсан сүүлийн хоёр долоо хоногт хийсэн интервэнцийн дүн мэдээг харахад арилжааны банкуудын эдийн засагчдын хэлснийг баталж байв.
Монголбанкнаас ам.долларын ханшийг барих, тогтвортой байлгахын тулд долоо хоногт хоёр удаа интервэнц хийдэг. Харин сүүлийн хоёр долоо хоног хийсэн интервэнцээр арилжааны банкууд Монголбанкнаас хүссэн хэмжээгээрээ ам.доллар худалдан авч чадахгүй байгаа аж. Өчигдрийн байдлаар гэхэд арилжааны банкууд 1936.91-1942.50 төгрөгийн ханшаар 34.8 сая ам.доллар худалдан авах, 1948.0 төгрөгийн ханшаар 2.5 сая ам.доллар худалдах саналыг албан ёсоор Монголбанкинд хүргүүлжээ. Үүнээс Монголбанк 1942.11 төгрөгийн хаалтын ханшаар найман сая ам.долларыг худалджээ. Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд 1939-1944 төгрөгийн ханшаар 43.65 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанкинд хүргүүлсэн ч мөн найман саяыг худалдсан байна. Үүнээс үүдэлтэйгээр арилжааны банкуудад ам.доллар хомсдож эхэлсэн бололтой. Монголбанкны өнгөрсөн сард гаргасан тайланд дурдсанаар Монгол Упсын валютын нөөц 1.6 тэрбум ам.доллар байна.
С.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: