Борчуудаас “татаж” баячуудыг “өршөөнө”
Шийдлийн засгийн газар элгээрээ хэвтсэн эдийн засгийг буцаан сэргээхийн тулд байдгаа барж байна. Татвараа нэмэх, халамжаа бууруулах, орон тоогоо цомхтгох зэргээр олон зүйлийг санаачилж байгаа ч харамсалтай нь тухай бүртээ хатуухан эсэргүүцэлтэй тулгарлаа.
Үүнээс гадна эдийн засагт бага ч болов эерэг дүн үзүүлнэ хэмээн найдаж буй “Эдийн засгийн өршөөлийн тухай” хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэв. Магадгүй энэ хуулийн төсөл ч гэсэн эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй. Уг хууль нь саяхан Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн “Эдийн засгийн ил тод байдлын хуультай” нарийн сэжмээр холбогдоно. Эндээс ч урган гарсан гэхэд болно. УИХ-ын намрын чуулган үүдээ хаахаас өмнө дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэж батлахаар зэхэж байгаа гэсэн ч сураг байна. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан. Тус тогтоолд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх ил тод нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүл” хэмээн зааж өгсөн байдаг юм.
Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэж чухам ямар учиртай хууль вэ. Үүнийг батлан гаргаснаар яагаад эдийн засагт өөрчлөлт орох вэ гэх зэрэг олон асуултууд энэ өдрүүдэд иргэдийн дунд хөвөрч байгаа. Бас хардлага төрүүлж яваа. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн утга агуулгад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийн хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Товчоор хэлбэл далд хөрөнгийг ил болгож, үнэнээ хэлж, буруугаа хүлээсэн нэгнийг Монгол Улсын нэрийн өмнөөс нэг удаа өршөөнө гэсэн үг. Энэ хуулийг баталснаар хямралтай байгаа энэ үед татварын дарамтаас болж үүд хаалгаа барьсан олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломж нээгдэнэ гэж хууль боловсруулсан талынхан үзэж байгаа. Мөн далд байгаа мөнгөний эргэлтийг ил болгох давхар санаатай. Гэвч өршөөлийн хууль эерэг, сөрөг хоёр талтай. Нэг талаасаа бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа нэрээр цөөн тооны хөрөнгө мөнгөтэй хэрнээ хууль зөрчдөг авилгачдыг хайцаалсан хууль болох нь гэж харж болох юм. Учир нь уг хуулийн төслийг хөрөнгө мөнгөө нуун дарагдуулсан, хууль зөрчсөн баячууд санхүүжүүлж өөрсдийгөө өршөөлд хамруулж байгаа гэсэн болгоомжлолыг ч дагуулж байна. Учир нь тус хуулинд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаарт заасан Худалдаа, үйлчилгээний журам зөрчих, 43-т заасан тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заасан. Мөн эрүүгийн хэрэгт холбогдсон хэн нэгэн авилгач энэ хуулийн ачаар нэр цэвэр, нарсанд биш наранд гарах боломж бүрдүүлнэ.
Ямартай ч жирийн иргэд хөлс хүчээ дуслуулан байж олсон тав, гурван төгрөгөөсөө татвар гэх нэрээр тэн хагасыг нь шахуу “тонуулдаг”. Харин мөнгөтэй, танил талтай баячууд өөрийн хөрөнгө орлогоо улсаас нууж дарагдуулчихаад өршөөлийн тухай хуулийг ашиглан “уснаас хууриа гарах” гэсэн санаархал ч гэж ойлгож болно. УИХ энэ мэтээр нийтэд хэрэгтэй юм шиг мөртлөө цаагуураа хэсэг бүлэгт сайн, нийт олондоо халтай хуулийг батлаад байвал улс орны эдийн засаг хөгжих нь байтугай “мөлжигдөж” дуусна.
“Цоорхой” хуулиас болж олон иргэд хохирч, үйл ажиллагаа нь доголдож байгаа тохиолдол өч төчнөөн. Үүний тод жишээ нь авилгатай тэмцэх хуулинд авилга авсан нэгнийг илчилсэн тохиолдолд тухайн хүний мэдээллийг олон нийтэд цацчихдаг гаж хууль гаргасан. Үүнээс болоод авилга авсан нэгнээ илчлэхээс үнэндээ айдаг болсон. Харин үүнийхээ оронд илчилсэн талыг нь хуулийн хамгаалтад авч, мэдээллийг нь чанд нууцалдаг шинэ хууль гаргавал авилгын төвшин өнөөдрийн байгаагаас нэлээдгүй хувиар буурах биз. Энэ мэтээр эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэн нэгэнд зориулан боловсруулсан юм биш биз гэх хардлага байгааг нуух юун. Авилгын хуулийн араас эдийн засгийн өршөөлийн тухай хууль орчих вий дээ гэх болгоомжил ч бас байна. Муу зүйлд гаргашсан зарим нэгэн нь тэртээ тэргүй өршөөлд хамрагдах боломжтой юм чинь гээд хууль зөрчөөд эхлэх вий дээ гэх болгоомжлол давхар байна.
24tsag.mn
URL: