Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар

1-20-4h_700x700

Монгол Улсад гадаадын хэд, хэдэн улсын иргэд гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. Тэдний нэг бол “Саусгоби сэндс” компанийн захирал асан АНУ-ын иргэн Жастин Капла болон Филиппин, Канад улсын иргэдийн хэрэг юм. Тэднийг “Саусгоби сэндс” компанид ажиллаж байхдаа Монгол Улсад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжиглэн гурван жилийн турш эргэж буцсан мөрдлөгийн ажиллагаанд манай хуулийнхан оны өмнөхөн цэг тавьж, шүүхэд шилжүүлжээ. Жастин Капла нарт Монгол Улсын шүүхийн танхим шинэ биш юм. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээр орсон ч хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Хэргийг тоймлоё.

Жастин Капла нарын хэрэг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягаас үүдэлтэй юм. Д.Батхуягийг 2012 онд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхлэхэд “Саусгоби сэндс” компанийн лицензийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байдаг. Үүний дагуу Д.Батхуягийн хэргээс Канадад төвтэй, дэлхийн олон улсад салбартай “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад холбогдох хэргийг 2013 оны гуравдугаар сарын 26-нд тусгаарлан хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, тухайн үед тус компанийг удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Канад улсын иргэн Кристобэл Ж.Дэвид тус хэрэгт холбогдсон. Тэдэнд анх АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Анх тэдний хэргийг жил орчмын хугацаанд шалгасан бөгөөд Жастин Каплаг компанийн ерөнхий захирлаар ажиллаж байх зургаан сарын хугацаанд санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн жил жилийн санхүүгийн тайланг гаргахдаа Монгол Улсын холбогдох хэд хэдэн хуулийг зөрчиж татварт ногдох орлогын зардлын тоо хэмжээг нэмж, татварт ногдох орлогыг зориуд бууруулж онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг шалгаж тогтоосон байна. Жастин Каплаг уг хэргийг зохион байгуулсан, Хиларион В.Кажуком болон Кристобэл Ж.Дэвид нарыг оролцсон гэж үзжээ. Ингээд тус оныхоо гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлснээс хоёр сарын дараа шүүх хурал товлогдоход Жастин Капла, Хиларион В.Кажуком нарын өмгөөлөгчийн    хүсэлтээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ “…мөнгө угаасан гэх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна” гэснээс гадна тэдний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт хавсаргасан материалуудыг үнэн зөв орчуулсан эсэх нь эргэлзээтэй, орчуулгад ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй хэмээн үзжээ. Эдгээрийг нягталсны дараагаар наймдугаар сарын 26-нд шүүх хурлыг дахин зарласан юм. Дашрамд дурьдахад, Жастин Капла нарыг өнгөрсөн хугацаанд гадуур байцаасан бөгөөд 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг нь хориглосон байдаг.

 

 Жастин Капла: ХИЛИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ ӨГӨӨЧ, АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УУЛЗМААР БАЙНА

Өнгөрсөн наймдугаар сард болсон шүүх хурлын үеэр прокурор О.Гэрэлийн шүүгдэгчдэд яллах дүгнэлт үйлдсэн тогтоолоос онцолбол, Жастин Каплаг “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажиллахдаа татварын тайлангаа зохих журмын дагуу тайлагнаагүй, татварт ногдох орлогыг зориудаар бууруулж мэдүүлсэн зэрэг үйлдэлд зохион байгуулагчаар оролцож нийт 46.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар таван жил хоёр сараар хорих ялын дүгнэлт үйлджээ. Түүнтэй хамт компанийн санхүүгийн менежрээр ажиллаж байсан Хиларион Кажуком мөн хугацаанд “Саусгоби сэндс” компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж нийт 46.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан учир Жастин Каплагийн ижил зүйлчлэлээр таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргажээ. Харин Кристобал Дэвидийг 2007-2011 онуудад санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа өмнөх удирдлагуудтайгаа хамтран 38.8 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн үйлдлээр нь түүнд мөн таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байв. Хэргийн гол нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт байсан юм. Шүүхийн үндэсний хүрээлэнгээс томилогдсон таван шинжээч Жастин Капла нарыг санхүүгийн тайлангаа засварласан, нүүрс тээвэрлэлтийн өртгийг өсгөсөн, борлуулалтын орлогыг бууруулсан зэрэг үйлдэл нь тогтоогдсон хэмээн дүгнэжээ. Харин өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж, хууль зөрчсөн хэмээн байр сууриа илэрхийлснээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаалтад буцаасан билээ. Шүүх хурлын төгсгөлд  Жастин Капла “Би Монгол Улсын хууль журмыг зөрчсөн үйлдэл хийгээгүй. Үүнийг шүүх бүрэн нотлоосой гэж хүсч байна. Хоёр жил хилийн хориотой байсан болохоор энэ хугацаанд ар гэрийнхэнтэйгээ уулзсангүй. Хилийн хоригийг цуцалж өгөөч” гэв. Бусад шүүгчдэгчид ч түүнтэй ижил саналыг хэлсэн юм.

 

ГАДААДЫНХНЫ ШАХАЛТ

Жастин Капла нарыг шалгах хугацаанд тэдэнд анхаарал тавигчид өмгөөлөгчдөөр нь зогссонгүй. Тэд Монгол Улсаас гарч явах эрх олж авахын тулд АНУ-ын Конгресст хүсэлт явуулсны үндсэнд НҮБ-аас Манай улсын эрх баригчдыг энэ талаар тайлбар өгөхийг хүсчээ. Манай улс зургаан сарын дотор хариу өгөх ёстой ч одоогоор ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байгаа юм. Үүнээс гадна “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад сэтгэл зовниж байгаагаа АНУ-ын Төрийн Департментын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний хэлтсээс илэрхийлсэн удаатай. Тэд манай улсыг гадаадын иргэнийг удаан хугацаагаар хорьж байгаа нь олон улсад Монгол Улсын талаар сөрөг ойлголт төрөх вий гэсэн мэдэгдлээр “шахаа үзүүлжээ”. Ямартаа ч олон улсын хэмжээнд анхаарал татаж буй уул уурхайн томоохон компанийн толгойлогчийн холбогдсон хэргийг удахгүй анхан шатны шүүхээр хэлэлцэх нь. Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш татвараас зайлсхийсэн гадаад иргэдийн хэрэгт дахин долоон шинжээч ажиллуулсан байна. Гурав дахь удаагийн нэмэлт мөрдөн байцаалтын дүнд шинжээчид Жастин Капла нарыг 90 тэрбум төгрөгийн татварт ногдох орлого болох 17.4 тэрбум төгрөг буюу Монгол Улсад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Ажуудмагсар Огноо: 21 January 2015

Эх орондоо бид эзэн байх ёстой.!!! Гадаадын луйварчидаас айх юм байхгүй. Хуулынханыг дэмжиж байна. Бууж өгвөл бид дэлхийд үнэ цэнээ алдана. Зоригтой шудрага бай.

Сэтгэгдэл бичих