Р.Өнөржаргал: Багануур дүүрэгт эдийн засаг, төлөвлөлтийн хувьд хот байгуулах бүрэн боломж бий
-Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тус дүүрэгт хот байгуулсанаар ямар ач холбогдолтой вэ?
-Анх 2006 онд Багануур дүүрэгт хот байгуулах асуудал яригдаж, тухайн үед иргэдээсээ асууж 96,5 хувийн санал авч байсан. Гэвч бодит ажил болж чадалгүй өнгөрсөн юм. Дүүргийн иргэд ч үе үеийн нийслэлийн удирдлагуудад энэ асуудлаар санал, сэтгэгдлээ илэрхийлж, шийдэж өгөхийг хүсдэг байсан. Харин энэ удаад хотын дүрмийн асуудалтай хамт, дүүрэгт хот байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хот, дүүргийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Үнэхээр манай дүүрэгт хот байгуулах шаардлага, боломж бий юу гэвэл бүрэн боломжтой. Манай иргэд ч үүнтэй санал нийлнэ. Эдийн засаг, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хувьд бие даах цаг хэдий нь болсон. Засгийн газраас гарсан тогтоолын дагуу Багануур дүүрэгт Оюутны хотхон, Нийслэлийн төлөвлөлтөөр уурхайгаа түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах төлөвлөгөөтэй. Ингэхийн тулд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.
-Санал асуулгыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Бид олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс хотын дүрмэнд санал авч, дахин боловсруулж бэлэн болгосон. Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж санал асуулга явуулахаар тов гаргасан юм. Манай дүүрэг дээр энэ сарын 21, 22-ны өдөр буюу лхагва, пүрэв гарагт 07-20 цагийн хооронд санал асуулга болно. Хороодод тусгай байр засч байна. Иргэд сонгууль өгөх зарчмаар иргэний цахим үнэмлэхтэйгээ ирж санал өгнө. 100-аас дээш ажилтантай байгууллага, очиж өгөх боломжгүй иргэдээс өнөөдөр, маргааш битүүмжилсэн хайрцагаар санал авна. 22-ны өдөр 22 цагийн байдлаар эхний дүн мэдээ гарахаар тооцож байна. Хөндлөнгийн хянагч, ажлын хэсгийн хяналттайгаар санал авах ажиллагааг явуулна.
-Дүнг ямар байдлаар гаргах вэ, хэрэв дэмжсэн тохиолдолд?
-Санал асуулгад 30 гаруй мянган иргэнээс 16800 иргэн оролцох ёстой. 50 хувиас дээш иргэний оролцоотой байвал дүнг хүчинтэйд тооцно. Санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш нь дэмжсэн бол дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина. Олон жил ярьж, хүсч байсан Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тиймээс иргэд маань идэвхтэй оролцож, дэмжиж санал өгөхийг уриалж байна.
URL: