Баяжсан “ХААН” иргэдийг “ялгаварлан гадуурхаж” байна

Түүхт дөрвөн ой давхцсан энэ жилийн баяр наадмын өдрүүдийг монголчууд долоо хоног тэмдэглэв. Амрах дуртай монголчуудад энэ нь сайхан байсан ч ажил хэрэгч нэгэнд нь дэндүү урт амралт байсан болов уу. Гэхдээ наадмын гурван өдрийн маргаашнаас зарим нэг худалдаа үйлчилгээний болон банк санхүүгийн байгууллагууд ажиллаж эхэлсэн. Уг нь “Хадгаламж” банк ажиллана гэж байсан ч  хоёрхон салбар ажилласан тул хамгийн их ачаалал ихтэй, үйлчлүүлэгч олонтой байсан нь “ХААН” банк байлаа.
Улс орон даяар нийт 500 салбар нэгжтэй тус банкинд  Монгол улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувь нь үйлчлүүлдэг гэдэг. Тиймдээ ч тэд “үйлчлүүлэгч хаан” гэдгийг нэг их чухалчилдаггүй талаар багагүй хэл ам гарч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэсэн уриатай тус банкныхан гэр хорооллын болон орон нутагт “Хүний хөгжлийн 21 мянга”, “Халамжийн мөнгө”-ыг тараах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь хүний хөгжил, халамжийн мөнгө авахаар ирсэн үйлчлүүлэгч нар нь  тус банкны баримталдаг зарчимд нийцэхгүй хэмээн тэд үзсэн гэдэг. Юу гэвээс хотын захын хорооллын болон орон нутгийн үйлчлүүлэгчдийн гадаад үзэмж, соёл зэрэг нь тэднийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд саад учруулсан тул ийнхүү “Хүний хөгжил” тараах ажлыг цуцлахад хүргэсэн гэнэ.
Гэтэл иргэдийн зүгээс “21 мянга”-аас гадна “ХААН” банкны үйлчилгээ муу, дээрэнгүй ханддаг талаар санал гомдол цөөнгүй гардаг. Үүний тод жишээг өнгөрсөн долоо хоногийн урт амралтын өдрүүдэд дахин батлав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах Саппоро дахь Өнөр Хаан банкны салбараар үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийн дагуу өчигдөр тус банкийг зорисон юм. Амралтын өдрүүд хэдий ч тус банкаар үйлчлүүлэхээр үүдэнд нь иргэд урт дараалал үүсгэжээ. Иргэдийг эмх цэгцтэй дугаарлахыг сануулсаар банкны хамгаалагч арав арваар нь оруулж байв. Гэвч халуун наранд удаан зогссоноос зарим иргэдийн даралт ихсэх, ухаан алдах зэргээр урт дараалалдаа “ядарч” наранд шарагдан зогссоор. Бухимдсан иргэд “Бид танай банкнаас мөнгө гуйгаагүй. Харин өөрсдийн хадгалуулсан мөнгөө авах гэж байна. Авахдаа сайхан аашилдаг байж, өгөхөө болохоор үйлчлүүлэгчдээ үл тоолоо” хэмээн гомдол мэдүүлэхэд “Чаддаг юм бол  өөр банкаар үйлчлүүлэхгүй юу. Та нарыг ямар дуудсан биш.” хэмээн ам асууж байгаа талаар иргэд хэлж байсан юм.
Уг нь Монголын хамгийн том гэгддэг тус банкныхан  нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Хаан банк сан” нээж, боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчин, нийгмийн эмзэг бүлэг болон ядуурлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэн, үр дүнтэй зохион байгуулдаг гэдэг. Гэвч Монголдоо хамгийн олон салбартай, нийгмийн хариуцлага гэдэг үгийг бамбай болгох дуртай тус банкны үйлчилгээ тэдний уриатай тохирохгүй байгаа нь даанч харамсмаар. Тэд иргэдийн  мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хэдий ч “хэрэглэгч хаан” гэсэн зарчмыг баримталж, харилцагчдаа хүндэтгэх  “урлаг”-т суралцмаар санагдана. Мэдээж бүх салбар үйлчилгээний төвийн үйл ажиллагаа доголдсон гэж нийтэд нь хамруулж болохгүй ч “асуудал” үүсгэдэг ажилтанууддаа анхаарал хандуулахыг хүсч байна. Түүнчлэн “Инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр нээхийн хэрэггүй” гэсэн Хятадын мэргэн үгийн ямар утгатайг сануулах нь ч илүүц биз. Нөгөө талаар ард түмний 80 гаруй хувьд үйлчилгээ үзүүлдэг болтлоо өргөжсөн тус банкны эрх мэдэл өссөөр байгаа нь “иргэдийг чиргэдүүлэх” асуудал арилахгүй улам даамжирсаар төр ч дийлэхгүй “ХААН” болох вий дээ.

П.Наран
nuuts


URL:

Сэтгэгдэл бичих