Лалын шашинтнууд террористууд биш гэв
ПАРИС. /NHK/. Францын нийслэл Парис хотод өнгөрсөн амралтын өдөр 300 орчим хүн цуглан, террористуудтай лалын шашинтнуудыг адилтгахгүй байхыг уриалжээ. Лалын шашинтнууд голдуу жагсагчид “Бид террорист биш. Бид Францаас явахгүй” гэж хашгирч байсан аж. Лалын босогчдын бүлэглэлүүдтэй холбоотой гурван этгээд энэ сарын эхээр Парист гурав хоног дараалан халдлага үйлдэж, нийт 17 хүний аминд хүрсэнтэй холбоотойгоор лалын шашны эсрэг хандлага газар авах вий гэж түгшиж буй энэ үед уг жагсаал боллоо.
Парист халдлага болсноос хойших долоо хоногт сүмд халдаж, аюул заналхийлсэн, лалынхныг онилсон 50 гаруй хэрэг бүртгэгджээ. Ням гарагийн жагсаалд оролцогчдын нэг нь “Би айж байна. Гэхдээ лалын шашинтнуудыг террористуудтай хольж хутган ойлгож байгаа өнөөгийн хандлагатай тэмцэхийн тулд дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байна” гэжээ.
Мөн өөр нэг оролцогч “Лалын шашин эсрэг хандлага гэхээсээ илүүтэйгээр ялгаварлан гадуурхах үзэл гэж ойлгож байна” гэсэн байна. Лалын шашинт цагаачдын тоо нэмэгдэж байгаад дургүйцэж буй хүмүүс өнгөрсөн амралтын өдөр Парис хотод жагсахаар төлөвлөж байсан ч Францын холбогдох албаны хүмүүс жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй аж.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”
URL: