Хямралаас гаргах “стандбай” хөтөлбөр гэж юу вэ?
Сүүлийн үед манай улс төрчид, эдийн засагчид чамин, чамин гадаад үг, мэргэжлийн гэж хэлж болох хэллэгүүд хэрэглэх нь олширлоо. Хямраад буй эдийн засгаа “бэйлаут,” “стандбай” (bailout, standby) гээд нэг тийм тусгай, ид шидтэй, эдийн засгийн нарийн махинацууд явуулж аврах юм байх, ямартай ч жирийн иргэдэд тэгж л ойлгогдож байна. “Бэйлаут” гэх тийм “тусгай” ажиллагааны талаар өмнөх нийтлэлдээ тайлбарласан тул энд давтаад яахав.
Харин саяхнаас манай Ерөнхий сайдын зөвлөх, “банкны” гэдэг тодотголоороо алдаршсан Чулуунбат тэргүүтэй “шилдгүүд” маань бас дахиад нэг шинэ гадаад хэллэг “стандбай” (манай хэвлэлд бичсэн шиг стэндбай биш харин стандбай гэж бичих нь зөв) гэгчийг ярих болж, тийм санхүүгийн тусгай махинац, хөтөлбөрөөр эдийн засгаа аврах гэж байгаагаа зарлалаа.
Моодонд ороод буй “стандбай” гэдэг үг үнэндээ мэргэжлийн хэллэг гэхээсээ илүүтэй Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гаас дампуурсан, эсвэл дампуурлын ирмэгт тулсан ядуу улсуудад зориулан гаргадаг богино хугацааны, 3-5 жилийн зээл юм. Бид ОУВС-г “lender of last resort” буюу зээл авах хамгийн сүүлчийн найдвар гэдгээр нь мэднэ.
Тийм ч учраас эдийн засаг нь хүндэрсэн, хямралд орсон улс орнуудын хувьд зах зээл дээрээс мөнгө босгох бүх л нөөц, бололцоогоо шавхсан хойно голчлон ОУВС руу ханддаг, тэгэхээс ч өөр аргагүй, яагаад гэвэл олон улсын тавцанд тийм л нөхцөл байдлыг Дэлхийн банк (ДБ), ОУВС гээд олон улсын санхүүгийн хүчирхэг байгууллагууд тэднийг залагч АНУ тэргүүтэй барууны орнууд бүрдүүлж өгсөн байдаг.
ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах гэж байгаа нь өр зээлийн асуудал манайдаа үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байгаааг илэрхийлж буй хэрэг. Гэвч энэхүү гамшгийн хохирогчид нь ард түмэн болохоос эрх баригчид биш. Манай зарим нэгэн улстөрч ядуу зүдүү амьдрал, өр ширний асуудлыг аль нэгэн баян улсын хараат болох, дагаар орох замаар шийдэх хачирхал, дургүйцэл хүрэм саналыг илэрхийлсэн.
Асар их баялагтай, мал хөрөнгөтэй эх орондоо амьдарч байгаа цөөн хэдэн иргэдээ туйлын ядуу амьдруулчаад дараа нь улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөг нь худалдан гадны харьяат улс болгох гэж байгаа юм биш биз гэж бодмоор. Гэхдээ энэ бол тусдаа ярих том сэдэв, тиймээс гол асуудал болох “стандбай” хөтөлбөр рүүгээ орцгооё.
Дэлхийн банк нь хөгжлийн бодлогыг дэмжсэн урт хугацааны зээл голчлон олгодог бол ОУВС нь эдийн засгийн хямралд орсон, голчлон дорой хөгжилтэй улс орнуудад зориулсан богино хугацааны, бидний ярьж заншсанаар “гал унтраах” төсөлд зориулсан зээлүүдийг олгодог уламжлалтай. Энэхүү “гал унтраах” төдий зориулалттай зээлүүдийн нэг нь “стандбай” хөтөлбөр юм.
ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стандбай хөтөлбөр бий. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр. Ямартай ч өдгөө Монгол Улс “бага дунд орлого”-той улсуудын ангилалд багтдаг тул нэн хямдралтай бус харин стандарт буюу, жирийн “standby arrangement” зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Гэвч ямар зээлд хамрагдах, ямар нөхцлөөр зээл авах зэрэг нь тухайн зээл хүсэгч улсын ОУВС-д эзэмших хувь, зээл авах квот, хөгжлийн төвшин зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч өөр өөр байдаг.
ОУВС-гийн стандарт, жирийн зээл нь гэхэд олон улсын зах зээлийн ханштай харьцуулахад харьцангуй хямд, бага хүүтэй байдаг, тэгэхээс ч аргагүй, яагаад гэвэл зээл хүсэгч улсууд нь өөрсдөө ОУВС-гийн хувь эзэмшигч байдаг, тэгээд ч энэ чинь “олон улсын” гэсэн нэр зүүсэн байгууллага. Стандарт зээлийн хямдралын хувьд тухайн зээл хүсэгч улсын олон улсын зах зээл дээрээс зээлжих зэрэглэлээр олгогдох зээлийн хүүгээс голчлон 1-2 хувиар бага хүүтэй зээлийг олгодог.
Мөн үүнтэй холбогдуулаад голчлон бага орлоготой, хөгжлийн доод төвшинд яваа улсуудад зориулагдсан “extended credit facility” (ecf) буюу нэн хямдралтай (одоогоор 1/4 хувийн хүүтэй байгаа) зээлийн талаар дурдах нь зүйтэй. Учир нь манай улс энэхүү “extended credit facility” хөтөлбөрт 1993, 1997, 2001 онд хамрагдаж байсан түүхтэй аж (хүснэгт: ОУВС-ийн зээлийг харна уу).
ОУВС-гийн мэдээллээс үзэхэд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн цагаасаа хойш нийт 195.7 сая долларын зээл авсан байдаг ба үүнээсээ 136.3 сая долларыг буюу 70 хувийг нь стандбай, (standby arrangement) нэн хямдралгүй, жирийн зээл хэлбэрээр 1992, 2010 онд авсан байна (хүснэгт: ОУВС-ийн зээл). Зах зээлийн хүүгээс бага хүүтэй зээл авах сайхан, ялангуяа яг өнөөгийх шиг эдийн засаг нэн хэцүү байдалд орсон үед ОУВС-гийн зээлүүд л “аврал” болох нь гарцаагүй, угаасаа ч тийм л жамтай, гэвч …
“ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ” ГЭДГИЙГ ДАХИН ДУРСАХУЙ
Бидний хувьд үнэгүй бяслаг болж ирэх гээд байгаа “стандбай” хөтөлбөр тодорхой болзол нөхцлүүдтэй ирнэ. Чухам энэхүү болзол, нөхцлүүд л хавх болж байгаа юм. Энэхүү хавх болсон зээлийн нөхцлүүд зээл авагч улс орны эдийн засгийг хэрхэн боомилон өрийн дампууралд оруулж, улмаар өндөр хөгжилтэй үйлдвэрлэгч улсуудын түүхий эдийг бэлтгэгч, мөн боловсруулагдсан бэлэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч болгон хувиргасан талаархи жишээг Нигер, Мозамбик, Болив, Аргентин гээд Африк, Латин америкийн олон орны жишээн дээр дурдаж болох ч тийм хол явалгүйгээр зөвхөн Монголынхоо зах зээлд шилжсэн 25 жилийн, аж үйлдвэржсэн (1989 онд ДНБ-ий 32 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг байсан) олон тулгуурт эдийн засагтай улсаас уул уурхайн түүхий эд бэлтгэгч улс болсон түүхээс харж болно.
Өнөөдөр манай экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, өргөн хэрэглээний барааныхаа 70 хувийг гаднаас авдгаас харахад Монгол Улс Нигер улсаас хол дутахааргүй түүхий эд бэлтгэгч, мөн хэрэглэгч гэсэн тодотголыг “бардмаар” зүүсэн улс гэж хэлэхэд давуудуулсан болохгүй буй за. Зөвхөн ОУВС-гийн зээл ч биш мөн манай улсын нягт харьцаатай байдаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлүүд ч төс бүхий тусгай болзол, нөхцлүүдтэй ирдэг. Энд би зөвхөн ОУВС-ийн “стандбай” хөтөлбөрийн жишээн дээр ярьж байна.
Уншигч та бүхэн ОУВС-гийн зээлүүд нь чухам ямаршуухан болзол, нөхцөл тавьдаг болоод намайг ингэтлээ анхаарал хандуулаад байна вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа байх. Нөхцлүүд нь эдийн засгийин бүтцийг өөрчлөх бодлогууд явуулахыг шаарддаг. Энэ нь та өөрөө эдийн засгаа хүссэнээрээ залж, удирдаж чадахгүй, зөвхөн өгөгдсөн заавраар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, зөвлөхүүдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг.
Энэ нь мэдээжийн хэрэг эдийн засгийн бие даасан байдлыг шууд алдагдуулж байна гэсэн үг. Миний хувьд бүр илүү харамсалтай нь бүтцийн өөрчлөлтийн болзлууд нь ялангуяа байгалийн нөөц ихтэй, хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд асар их хохирол учруулдаг бөгөөд зээлдэгч улсыг эдийн засгийн өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улсын эрхшээлд оруулж зөвхөн түүхий эд бэлтгэгч, бааз улс байх урхинд оруулан улмаар хөгжлийн өөр гарц хайх, дэвшилтэт бодлого явуулах боломжийг хаасан тогтолцоог бүрдүүлж өгдөг. ОУВС-ийн зээлтэй хамт ирдэг хамгийн гол, түгээмэл болзлуудаас товчхон дурдвал:
• Нийгмийн халамжийг танах. Хэмнэлтийн мөнгөөр олон улсын байгууллагууд болоод, барууны корпорацуудаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрийг тасалдуулахгүй байхад чиглэсэн байдаг.
• Уурхайн түүхий эдийн гаргалтыг нэмэгдүүлэх (resource extraction). Уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид нь ихэнхдээ барууны үндэстэн дамнасан корпорацууд байдаг ба тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого.
• Гадаад худалдааг чөлөөлөх, ямар нэгэн татвар болоод, татварын бус худалдааны хориг, хязгаарлалтуудыг арилгах. Энэ нь түүхий эдийг татваргүй гаргах болоод дотоодын үйлдвэрлэлийг унагахад гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн гаднаас чөлөөтэй, татваргүй, эсвэл маш бага татвартайгаар орж ирэх чанаргүй бүтээгдэхүүнүүд таныг хэрэглэгч болгох учиртай. 1996-2000 онд 0 хувьтай байснаа, 2000 оноос 5 хувь болж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа манай гадаад худалдааны татвар нь Монголын аж үйлдвэрлэлийг бүрэн устгаж, түүхий эдийг маш хямдаар гадагш нь гаргах болоод Монголыг бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгч, шингээгч улс болгох зорилгоо сайтар биелүүлсэн.
• Үнийг чөлөөлөх. Энэ нь түүхий эдийн үнийг буулгах, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг хаах үр дагавартай бөгөөд тиймээс ч төрөөс дотоодын үйлвэрлэлээ дэмжих, татаас өгөхийг хориглодог.
• Санхүүгийн зах зээлийг чөлөөлөх. Гадаадын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахыг хориглон тэднийг үндэсний корпорацуудтай ижил төвшинд үзэж, өмч эзэмших эрхийг өгөхийг шаарддаг. Гаднын хөрөнгө оруулалттай этгээдүүд санхүүгийн зах зээлийг атгандаа авсанаараа дотоодын бизнесийг хэт өндөр хүүтэй зээлээр боомилон мөлжиж, улс орны хөгжилд чөдөр тушаа болдог. Арилжааны банкуудаас бүрддэг Монголын санхүүгийн зах зээлийн 70-аас доошгүй хувь нь гадныхны мэдэлд байдаг гэсэн тоо байдаг нь энэ бодлого Монголд амжилттай хэрэгжсэний баталгаа. Өнөөдөр Монголын банкны зах зээл дээр норм, жишиг болсон 20-30 хувийн хүүтэй бизнесийн зээл нь үнэндээ хаа ч байхгүй мөлжлөг бөгөөд Монгол Улсын хөгжлийн гол тушаа, саад болж байгаа юм.
• Өмч хувьчлалыг бүрэн гүйцэд хийх. Төрийг үгүйсгэх. Улсын, бидний ярьж заншиж буйгаар төрийн өмчийг үгүйсгэж, бүх зүйлийг, үүн дундаа стратегийн ач холбогдолтой салбарууд, байгалийн баялгийг хувьд шилжүүлэхийг шаарддаг. Хүчтэй, чадварлаг төр ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж чаддаг. Хүчтэй төрийг хүссэнээрээ ажиллуулах боломжгүй. Тиймээс юун түрүүн төрийн өмчийг булаан авах, үйл ажиллагааг нь зориудаар доголдуулж дампууруулах, нэр хүндийг нь гутаах замаар төрийн бүтцийг задлан хүчгүйдүүлдэг. Эзгүйрсэн төртэй улсад гадны корпорацууд баялгийг нь хувьчилж авах, эсвэл дотоодын цөөн тооны компануудаар дамжуулан баялгийг эзэмших боломжийг бий болгодог.
Өнөөдөр Монгол Улс 1991 оны аравдугаар сарын 4-нд ОУВС-гаас авсан “стандбай” зээл, хөтөлбөртөө дахин хамрагдахаар ярьж байна. Тартагтаа тулсан улсуудад өгдөг энэ зээлийг авснаараа бид одоо дахиад тартагтаа тулжээ, тийм байсан үедээ эргээд очжээ гэдгийг батлан харуулж буй хэрэг. Үүнээс үүдээд ингэхэд бид 25 жилд юу хийсэн юм бэ, Монгол Улс хөгжсөн юм уу, эсвэл зүгээр л өмчийн хуваарилалт явагдсан юм уу, бид чухам юу үйлдвэрлэж бүтээсэн юм, ямар баялаг яаж бүтээсэн юм, гэх зэрэг маргаан дагуулсан асуултууд зүй ёсоороо урган гарч хүн бүр өөр өөрийн өнцгөөс хариулах гэж оролдож байна.
Дахин авах гэж буй “стандбай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараахнаас эхлээд эрх баригчид маань, томоохон корпорацуудын эзэд маань дуу нэгтэйгээр, газар, ус, ой, мод, дархлагдсан бүсүүд, стратегийн ордуудыг хувьчлах ажлыг эрчимжүүлж эхэлвэл гайхах асуудал байхгүй. Оюу толгойн 34 хувь өрөндөө явж, Таван толгой хувьчлагдан, Хөвсгөл нуурт маань гадна дотных нь ч бүү мэд хэн нэгэн эзэн суувал бүү гайхаарай. Гурав, дөрөв, тавдугаар /байгуулагдах сурагтай байгаа/ цахилгаан станц хувьчлагдах бол нэг их том асуудал биш мэт санагдаж, Халх гол, Өмнийн говь, “барагдашгүй” Баянхонгорын газар нутгууд тэр чигтээ 50, 60, 70, 80, 100 жилийн “түрээсээр” гадныханд очих бол “жинхэнэ цэвэр зах зээлийн өрсөлдөөн”, “зөв зарчим” мэт санагдах бол энүүхэнд.
Өрийн дарамтад орсон Болгар улс цахилгаан станцуудаа Герман, Австри, Чехийн компануудад хувьчилснаас хойш цахилгааны үнэ эрс өсч дунджаар 390 еврогийн цалинтай Болгар иргэн зөвхөн цахилгаандаа 120-200 евро төлөх болсон нь сарын орлогын 30-51 хувь болж буй бөгөөд энэ нь 150 еврогийн тэтгэврийн дунджаас давсан үнэ юм. Болгарт 2012 онд цахилгаан, ус зэрэг хүний амьдралын үндсэн хэрэгцээг хангадаг үйлчилгээний компаниудын хувьчлал, үнийн өсөлтийг эсэргүүцсэн олон жагсаал болж зургаан хүн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн гашуун үйл явдал болж өнгөрсөн. Ийм гашуун үйл явдал Монголд давтагдахгүй гэх баталгаа үгүй.
Манай улсын хувьд зах зээлд шилжилтийн үед, эдийн засгийн хүндрэлтэй үед ОУВС-гаас авсан 195.7 саяын харьцангуй бага хүүтэй зээл эдийн засгийг сэхээхэд хувь нэмэрээ оруулсан нь тодорхой, гэвч чухам ямар үнээр вэ? Өнөөгийн эдийн засгийн хямралын уг үндэс болж буй суурь тогтолцооны гажуудал, эдийн засгийн хараат байдал, эдийн засгийн аюулгүй байдлын алдагдал, бие даасан бодлого явуулах боломж хумигдсан байдал, хэмжээнээс маань хэтэрсэн 21 тэрбум долларын гадаад өр, тун ч бүрхэг харагдах ирээдүй энэ бүхэн бидний аврал эрэн дахин гуйх гэж буй “стандбай” хөтөлбөрт төлж буй үнэ.
Бид “стандбай” хөтөлбөрт дахин хамрагдаж зээлийн нөхцлүүдийг нь биелүүлэх шаардлагатай болвол газар, ус, цахилгаан зэрэг амьжиргааны үндсэн хэрэгцээг хангадаг эх үүсвэрүүд хувьчлагдан аажимдаа үнэ нь тэнгэрт хадаж, стратегийн орд газрууд, байгалийн баялаг маань ард түмний хараа хяналтаас бүр мөсөн гарах боломж бүрдэнэ. Эдийн засгийн бие даасан бодлого явуулах боломж үндсэндээ үгүй болж, аж үйлвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах зэрэг улс орны хөгжлийн суурь үндэс болсон нөхцлүүд биелэгдэх магадлал улам бүр хумигдах нь гарцаагүй.
Манай зарим улстөрчийн хүсээд байсан “бие даан, хамааралгүй ядуу амьдрахаас хамааралтай баян амьдрах нь дээр” гэсэн мөрөөдөл зах зухаас нь биелж байна. Хамааралтай амьдрах хэсэг нь бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ, гэвч “баян амьдрах” хэсэг нь бол биелэх боломж алга. Угаасаа ч бусдаас хамааралтай байх орчинд баяжих, сайхан амьдрах гэсэн ойлголт байхгүй.
Эрх чөлөөт монголчуудын хувьд бол эцэг өвгөдийн цусаар өвлөгдсөн тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү үнэтэй, ямар ч “баян сайхан амьдрал” үүнийг орлохгүй. Бид тусгаар Монгол Улсдаа бусдаас хамааралгүй, сайхан амьдрахыг хүсч байна. Ард түмнээ туйлын ядуу, бусдаас хамааралтай амьдруулж байгаа эрх баригчдыг монголчууд бид хүлээн зөвшөөрөхгүй.
Эдийн засагч Х.Батсуурь
Зууны мэдээ
URL: