Гурван сая дахь иргэн эмнэлгийн хонгилд эсвэл гэртээ мэндлэхэд гайхах зүйлгүй
Манай улс энэ сардаа багтан гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлэг дээр очсон юм. Тус дүүрэг нийтдээ 300 мянган гаруй хүн амтай, түүнээс нөхөн үржихүйн насныхан нэлээдгүй хувийг эзэлдэг байна. Гэтэл дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөх эмнэлэг нь зөвхөн 45 ортой, 32 эмч, 118 ажилтантай гэдгийг тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Бат-Очир уулзалтын эхэнд хэллээ. Эмэгтэй гишүүд болон хэвлэлийн багийнхан халаат, малгай, улавч өмсөн дотогш орж эмнэлэгтэй танилцсан юм.
ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ЭХЧҮҮД ТӨРЖ БАЙНА
Эмнэлгийн коридорт тавьсан ор, сандал түүн дээр хэвтэх төрсөн эхчүүд ачаалал их байгааг харуулж байсан юм. Хэн нэгэн эмч нь ачаалал их байна хэмээн ярихаас илүүтэй тухайн дүр зургийг харах нь илүү бодит байх нь мэдээж. Тус эмнэлгийн барилгыг анх 1955 онд цэргийн эмнэлгийн зориулалтайгаар ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, зориулалтын төрөх эмнэлэг биш учир агааржуулалтын систем байдаггүй, тавих ямар ч боломжгүй гэдгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч нь юуны түрүүнд бидэнд дуулгалаа. Үнэхээр бүгчим халуун учир бүх өрөөний хаалга онгорхой байв. Дөнгөж төрсөн эх, өлгийтэй нярай, төрөх гээд дуншиж буй эхчүүд байгаа учир цонх онгойлгож, агаар оруулах ямар ч боломжгүй юм билээ. Бид эхчүүдийн өрөөгөөр орлоо. Нийт 20 эхийг хүлээж авах тасагт найман сандал тавьж, өнөөдрийн байдлаар 33 эхийг хүлээн авчээ. Төрөх эмнэлгийн стандартаар бол нэг эхэд 15 ам.метр талбай ноогдох ёстой байдаг аж. Гэтэл ердөө 10 ам.метр хүрэхгүй өрөөнд дөрвөн эх хэвтэж байв. Зориулалтын бус эмнэлэгт, эхчүүд дөрөв, таваараа хэвтэх нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэдгийг эмч нар хэлж байсан юм. Бид төрсөн эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм. БЗД-ийн XXI хорооны иргэн Х.Туяа “Би төрөөд тав хонож байна. Тухайн үед ачаалал ихтэй. Ор хүрэлцэхгүй байна гээд төрснийхээ дараа нэг хоноод эмнэлгээс гарсан. Гэтэл шавхарга үлдсэн байна лээ. Тэгээд ирж, үзүүлж байна” гэв. Энэ бол бага зэргийн хүндрэл гэнэ. Учир нь, ямар нэгэн хүндрэлтэй буюу хагалгаагаар төрсөн тохиолдолд эхчүүд эмнэлэгт гуравхан хонодог. Харин хэвийн төрсөн бол ердөө 18 цаг болоод эмнэлгээс гаргаж байгааг III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир хэллээ. Тэрбээр “Эх барих эмэгтэйчүүдийн, сэхээний, нярайн эмч маш ховор. Хөдөө орон нутагт ч гэсэн ялгаагүй. Манай эмнэлгийн хувьд гурван хүнд зэрэг хагалгаа хийсэн тохиолдолд шууд л гал алдана. Ачаалал ихтэй үед хүлээн авах тасагт хүртэл төрүүлдэг. Сүүлдээ аргаа барсандаа би ингэж хэлдэг болсон. Ц.Бавуудоржийн “Эх эцгийгээ нүд сормуусандаа нуудаг” гэсэн сайхан шүлэг байдаг. Үүнтэй адилхан “Манай ногоон байшинд хэвтсэн л бол эмч нарын нүд сормуусан дунд байгаа гэсэн үг. Чи минь жаахан л тэсч бай” гэж эхчүүдэд хэлдэг. Ийм байдалтайгаар л эхчүүдийг төрүүлж байна. Бусад төрөх эмнэлгүүдэд илүү тээлттэй хүнийг төрүүлж байна. Манайд ийм зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтсэн эхийг сэдээнэ. Тэгээд л төрүүлнэ. Энэ онд 860 сая төгрөгийн төсөв хийж явуулсан. Гэтэл үүнийг хассан” гэв. Өдөрт дунджаар 80 эхийг үзэхэд түүнээс 50 хувийг нь буцаадаг гэнэ. Шалтгаан нь нөгөө л нэг орны хүрэлцээ. Эмнэлэг дотроо зохион байгуулалт хийж, юу, юугүй төрөх гэж байгаа эхчүүдийг хүлээн авч, арай болоогүй олон цагийн зайтай өвдөж байгааг нь буцаадаг байна. Тиймээс гурван сая дахь иргэн гэртээ, аль эсвэл эмнэлгийн коридорт мэндлэхэд гайхах зүйлгүй. Манай улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах төрөх эмнэлгүүдийн нөхцөл боломжийг сайжруулаагүй хэрнээ иргэндээ байр, мөнгө өгөх шийдвэр гаргасанд эмнэлгийн ажилчид гайхаж байв. Учир нь, гурван сая дахь иргэнийг эрүүл саруул өлгийдөн авах үүрэгтэй хүмүүс нь эмч нар. Гэтэл ийм нөхцөл боломж бүрдээгүйд эмч, эмнэлгийн ажилчид сэтгэл гундуухан байлаа.
НЭГ ОРОН ДЭЭР ГУРВАН ЭЭЖ, ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭВТЖЭЭ
Энэ мэтчилэн тэдэнд тулгамдсан асуудлыг нь чихээрээ сонсч, бодит дүр төрхийг нь нүдээрээ харсан эмэгтэй гишүүд “1.7 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулж, III төрөх эмнэлгийн барилгыг гурав, дөрөв- дүгээр сард ашиглалтад оруулах ёстой” гэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эмэгтэй гишүүд бид өөрсдөө төрөх эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн учир тулгамдаж буй асуудлыг нь сайн ойлгодог. Одоогоор нэг орон дээр гурван ээж, гурван хүүхэдтэйгээ хэвтэж байна. Ийм байдалтай байхад хүүхдийн болон өлгий сүүний мөнгийг хасч болохгүй. Эрүүл мэндийн салбарт тухайн улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь хүртэлх хэмжээнд зардлаа төсөвлөх ёстой. Гэтэл манайх өнөөдөр 1.5 хувьтай байна. Энэ нь эрүүл мэндийхээ салбарт юу ч зарцуулахгүй байна гэсэн үг. Өөр нэг асуудал нь төрж байгаа хүүхдээ бид хүнд тооцдоггүй. Тухайн хүүхэд ээжид оногдож буй зардлаас л хүртдэг. Гэтэл ямар нэгэн өвчтэй төрсөн нярай маш их хэмжээний эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Тиймээс 0.5 хувиар тооцож, нярайн төсвийг нэмж суулгах ёстой гэж бид үзэж байна. Мөн эмнэлгүүдийн эмийн зардлыг 25 хувиар хассан. Үүнд анхаарал хандуулна” гэлээ. Бид үүний дараа Нярайн эрчимт эмчилгээний тасгаар орлоо. Энэ тасагт дутуу төрсөн болон ямар нэгэн эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлдэг. Гэтэл тэнд 12 хүүхэд мөн л стандартын шаардлага хангахгүй талбайд хэвтэн эмчлүүлж байв. Тодруулбал, нэг нярай 6-8 ам.метр талбайд хэвтэн эмчлүүлэх ёстой аж. Тус эмнэлэгт мэндэлсэн 750 граммтай хүүхдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хэвийн хэмжээндээ хүрэлгүй дутуу граммтай төрсөн хүүхдийг шатлалынхаа дагуу ЭХЭМҮТ рүү шилжүүлэх ёстой байдаг гэнэ. Гэтэл тус эмнэлэг мөн л ачаалал ихтэй гээд хүүхдүүдийг тэр бүр авдаггүй, хамгийн багадаа тав хонуулж байж авах тохиолдол их гэнэ. Ингээд бид 1959 онд байгуулсан ууган эмнэлэг болох II төрөх эмнэлгийг зорьсон юм. Мөн л хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ. Тус эмнэлэг Сонгинохайрхан дүүргийн төрөх эхчүүдэд есөн тасагтай, 107 эмч ажилчинтайгаар үйлчилгээ үзүүлдэг байна. Хамгийн их хүн амтай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Оюунханд хэлж байлаа. Ингээд түүнтэй эмнэлгийн ачаалал, нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
Д.ОЮУНХАНД: ТӨРЖ БУЙ ЭХЧҮҮДИЙН ТОЛГОЙ ДЭЭР ЭМНЭЛГИЙН БАРИЛГА НУРАХАД БЭЛЭН
-Танай эмнэлэг хэчнээн эхийг хүлээн авах хүчин чадалтай вэ. Одоогоор ачаалал хэр их байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн хүн амын 90 гаруй хувь нь нөхөн үржихүйн насныхан байдаг. Ачаалал их байгаатай холбогдуулан өнгөрсөн жил Эрүүл мэндийн яамнаас арван хорооны төрөх эхчүүдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Тиймээс энэ жилийн хувьд ачаалал арай гайгүй байна. Нэг орон дээр хоёр эхийг хүлээн авч, одоогоор 5270 эхийг төрүүллээ. Манай эмнэлэг 75 ортой. Өмнө нь нэг орон дээр дөрвөн эх хүүхэдтэйгээ хэвтдэг байсан. Заримдаа бүр шалан дээр хэвтэх тохиолдол ч байсан. Нэг төрөх эмнэлгийн төсвөөр хоёр төрөх эмнэлэг ажиллаж байна. Ийм их ачаалалтай гэсэн үг.
-Танай эмнэлгийн хувьд нэг эмч хэдэн эхийг төрүүлж байна гэсэн үг вэ?
-Нэг эмчид ноогдох ачаалал ерөнхийдөө их. Одоогоор нэг эмч 627 орчим эхийг төрүүлж байна гэсэн тооцоо гарсан. Стандартаараа нэг эмч 100 гаруй эхийг төрүүлэх ёстой. Гэтэл ачаалал их байгаагаас шалтгаалж ийм байдалтай байна. Ачаалал ингэж нэмэгдэх хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, цалин мөнгөтэй холбоотойгоор нарийн мэргэжлийн эмч нар байхгүй мөн дутуу төрөлт зэрэг. Өмнө нь төрөх эмнэлгүүд 28-32 долоо хоногтой хүүхдийг хүлээж авдаггүй байсан. Тэднийг ЭХЭМҮТ-д хүлээн авдаг. Харин 2008 оноос эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар дутуу төрөлтийг хүлээж авдаг болсон.
-Эмнэлгүүдийн төсвийг тэр дундаа эм тарианы мөнгийг 50 хувиар хассан талаар ярьж байна. Төсөв мөнгөний хувьд ямар байна вэ. Эм тариа хангалттай юу?
-Тав, зургаан сар хүртэлх төсөв байна. Түүнээс цааш яахыг хэлж мэдэхгүй. Нэг удаагийн эм, тариа, зөөлөн эдлэл, дулааны төсөв одоогоор байхгүй. Бид гурван сая дахь иргэнээ хүлээж авахын тулд хуучин харилцаж байсан байгууллагуудаасаа “Төсөв орохоор өгье” гээд шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслүүдийг зээлээр авч байна.
-Танай эмнэлгийн барилга нэлээд хуучных бололтой. Ашиглалтын шаардлага хангаж чадаж байна уу?
-2010 оноос “Стандартын шаардлага хангахгүй учир эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан. 50 гаруй жилийн настай учир агааржуулалтын систем нэлээд муу. Урсгал зардлаар төрөх өрөөнүүдийнхээ ар хэсгээр барилгын бэхэлгээ хийсэн. Энэ нь газар хөдлөлтөд найдвартай биш. Төрж буй эхчүүдийн толгой дээр барилга нурахад бэлэн байна. Тиймээс төрөх эмнэлэг шинээр барихаар хөөцөлдөж байна. Барилгын зураг төсөл хийгээд хоёр, гурван жил болж байна. Харамсалтай нь, газрын асуудлыг шийдэхгүй байсаар зураг төсөл оройтсон. Одоо хамгийн гол нь төсвөө авах л үлдэж байна. Газрынхаа 50 хувийг алдсан. Эрүүл мэндийн салбар эмнэлгийнхээ дэд бүтцийг орхигдуулж байна. Өнөөдрийн байдлаар манайд төрж буй эхчүүд төмрөөр хэрсэн торон дотор л хүүхдээ төрүүлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа юм. Үүний дараа бид дотогш орсон юм. Хана нь хаа нэг хэсэгтээ цуурсан, шохой нь хуурсан байдал нь хуучин барилга гэдгийг нь илүү тодотгож байв. Эмнэлгийн коридорт тавьсан орон дээр нэг эх “ёо ёо” хэмээн эмчийнхээ гараас чанга атган хэвтэж байлаа. Хэзээ мөдгүй төрөх гэж байгаа бололтой. Харин цааш яваад өндөр орноосоо бууж амжаагүй, дөнгөж төрсөн эхтэй таарсан юм. Үүний дараа нөгөө коридорт хэвтэж байсан эхийг төрүүлэх юм байна. Ар араасаа эхчүүд төрж, эмч нар цай ч уух чөлөөгүй ажиллаж байв. Бидний өмнө нь очсон III төрөх эмнэлэг бүгчим халуун байсан бол энэ эмнэлэг нэлээд сэрүүхэн байв. Учир нь, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилга учир халаалт хэчнээн сайн байгаад ч нэмэргүй гэнэ. Иймэрхүү байдалтайгаар л үйл ажиллагаа явуулж байв. Үүний дараа гишүүдийн сэтгэгдлийг сонссон юм. Л.Эрдэнэчимэг гишүүн “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад төрөх эмнэлгүүд бэлэн биш байна. Төрөх эмнэлгийн асуудлыг сүүлийн хоёр, гурван жил ярьж байна. Орны хүрэлцээ муугаас нэг орон дээр доод тал нь хоёр, түүнээс дээш эх, тоног төхөөрөмж хангалтгүй байгаагаас нэг инкубаторт хоёр нярайг хэвтүүлсэн байгааг харлаа. Төрж буй эхчүүд дотор янз бүрийн өвчлөл өндөр байна. Тиймээс тэд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл тодотголоор төсвийг нь 30 хувиар хассан. Гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж хөөрөхөөс илүү Засгийн газрын зүгээс төрөх эмнэлгүүдэд оруулах хөрөнгө оруулалт, шинэ төрөх эмнэлэг барих асуудал дээр илүү анхаарч ажиллах ёстой” гэв. Харин З.Баянсэлэнгэ гишүүн “Уулын бугыг хараад унасан бугаа хаяна” гэгчээр байгаа зүйлээ тордох хэрэгтэй байна” гэдгийг онцолсон юм. Төрөх эмнэлгүүд ийм байдалтайгаар үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй. II, III төрөх эмнэлгийн барилга өдгөө 50- 60 жилийн нүүрийг үзжээ. Гэтэл 2008 оноос хойш төрөх эхчүүдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, энэ онд 89200 эх төрөх тооцоо гарчээ. Энэ нь нэг талаараа Монголын үрс маш олон болох болтугай гэсэн бэлгэшээлт үг биеллээ олж, Монгол Улсын хүн ам өсч байгаа нь бахархууштай. Нөгөө талаараа төрөх эмнэлгүүдийн тоо нэмэгдэхгүй, ачаалал нь ихэсч, эмч ажилчид нь сөхөрч унахад хүрч, барилга нь ашиглалтын шаардлага хангаагүйгээс нурж унахад бэлэн болжээ. Ийм байдалтай гурван сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн хөөрцгөөх нь хэр зүйтэй бол.
С.ЮМСҮРЭН
URL: