УИХ-ын гишүүн М.Зоригт “Дарьганга” суманд ажиллаж байна
УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, 16-ны өдөр Наран, Онгон сумдад ажиллалаа. Урьд нь Дарьгангын хошуунд багтаж байсан эдгээр сумд нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Авга хошуутай хиллэдэг бөгөөд 20-р зууны эхээр хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох үед хилийн зурвасаар хоёр талд хуваагдсан ахан дүүс цөөнгүй байдаг аж. Иймд эдгээр сумдын иргэдийг Авга хошууныхантай найрсаг харилцаа тогтоож, төөрөлдсөн төрөл садантайгаа уулзах, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бие биеэ дэмжиж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сум тус бүрээс тав, таван төлөөлөгч Авга хошуунд зочлон, танилцах арга хэмжээг УИХ-ын гишүүн М.Зоригтын зүгээс санаачлан зохион байгуулжээ. Энэ ажилд талархаж байгаагаа нутгийн иргэд илэрхийлж байлаа.
Дээрх сумдын иргэдтэй хийх уулзалтын үеэр өнгөрсөн хавраас хойш одоо хүртэл олгоогүй байгаа шүлхийний нөхөн олговор болон томилолтын зардлыг шийдвэрлэж өгөхийг иргэд хүсч байлаа. Нөхөн олговрыг Засгийн газрын нөөцийн сангаас олгох ёстой ч улсын төсөв мөнгөгүй байгаа тул удааширсан, энэ ондоо багтаж шийдэгдэх болно гэдгийг ҮХАА-н Мал аж ахуй, бодлого хэрэгжилтийн газрын дарга Н.Ганибал хэллээ.
1955 онд Отрядын суурин дээр Онгон, Дарьганга сумдаас баг таслан авч байгуулагдсан түүхтэй Наран сум нь хүн ам цөөн, газар нутаг харьцангуй бага ч гэлээ сүүлийн жилүүдэд хөгжиж, өнгө зүс нэмэгдэж байгаа юм. Энэ талаар сумын Засаг даргын орлогч Ч.Идэрхүү:
-Саяханыг хүртэл сум хэвээрээ байх уу, эсвэл тарах уу гэсэн асуудал яригдаж байсан, хашаатай айл гэж бараг байхгүй, ихэнх айл нь задгай гэртэй байсан манай сум 2012 оны сонгуулиас хойш жишиг хороололтой, айл болгон нэгэн жигд хашаатай болж, сумын өнгө зүс сайжирлаа. Өрхийн үйлдвэрлэл хөгжиж байна. Тухайлбал, таван өрх блок үйлдвэрлэж, сумынхаа хэрэгцээг хангахаас гадна Дарьганга, Онгон зэрэг ойролцоохь сумдад нийлүүлж байна. Соёлын төвийн хөрөнгө оруулалт шийдэгдсэн, энэ ондоо багтаад баригдчих байх. Бусад сумдтай харьцуулахад хүн амын тоо цөөхөн (1524) ч гэлээ 2013 онд 429 хэмээн бүртгэгдэж байсан өрхийн тоо 2014 оны эцсээр 437 болж өслөө хэмээн ярьсан юм.
2009 онд сумдын хилийн цэсийг тогтоох нарийвчилсан судалгаа хийсэн “Шинэ дэлхий” ХХК анх байгуулагдахдаа 352298 га талбайтай хэмээн бүртгэгдсэн Наран сумын хилийг шинэчлэн тогтоохдоо 22 мянган га талбайгаар хорогдуулж, уг талбайг Дарьганга сумын нутаг дэвсгэрт оруулан тооцжээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын удирдлагууд МХЕГ-т санал хүсэлт илгээсэн ч нааштай хариу аваагүй гэдгээ хэллээ. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг тул энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг гишүүн зөвлөж, алдаа гарсан бол залруулах тал дээр нь анхаарна гэлээ.
Онгон сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Малын хөлийн татвартай болсноор малчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгож дэмжиж байгаа. Гэхдээ Малын хөлийн татваргүй болсноос хойш монголын мал эрс хурдацтай өссөнийг мартаж болохгүй. Өнөөдөр малын тоо толгой 50 сая гарлаа гээд бүгд баярлаж байна. Гэтэл үүний зэрэгцээ энэ жилээс малын нядалгаа их явагдаж байна. Энэ байдлаараа эргээд 30-40 сая болж буурч магадгүй тул татварын хэмжээг багаар тогтоох дээр анхаарч ажиллаарай гэж захиж байлаа.
Мөн уулзалтын үеэр зарим иргэн “УИХ-ын гишүүн М.Зоригт, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар сайн ажиллаж байгааг бид мэднэ. Гэхдээ аймгийнхаа нутаг дэвсгэр дээр ураны олборлолт хийхийг хэзээ ч зөвшөөрч, дэмжиж болохгүй шүү” гэдгийг анхааруулж байв. Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 68 хувь нь тусгай зөвшөөрөлд хамрагдсан байсан. Орон нутгийн удирдлага Ардчилсан намд шилжсэнээс хойш нэг ч лиценз нэмэгдээгүй, харин ч цөөлөх бодлого барьж ажилласнаар 14 хувь хүртэл бууруулсан. Манай улс ураны хог хаягдлын цэг байгуулсан нь үнэн. Учир нь бид өөрсдөө ураны хаягдал үйлдвэрлэдэг. Жишээлбэл, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд цацраг идэвхит бодисыг тодорхой хэмжээгээр агуулдаг тул актлагдсан аппаратуудыг хүн, мал, байгальдаа хоргүйгээр найдвартай хадгалах сав хэрэгтэй болж байгаа юм. Бид бусдын хог хаягдлыг авахгүй гэж байгаатай нэгэн адил бидний гаргасан ураны хог хаягдлыг өөр ямар ч улс хүлээж авахгүй. Гэхдээ Монгол Улс хэзээ ч гадныхны ураны хог хаягдлыг хадгалахгүй. Үүнийг манай Ерөнхийлөгч дэлхийд зарласан. “Арева Кожево” компанийн тухайд, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын лиценз эзэмшдэг. Тэр компани дэлхийд томоохонд тооцогдох нөөц бүхий ураны орд илрүүлсэн болохоор манай нутагт хийж буй хайгуулаа заавал үргэлжлүүлэх сонирхол байхгүй. Харин манай төр энэ ажлыг нь дуусгуулах сонирхолтой байгаа. Учир нь хайгуул хийхэд хайж буй ашигт малтмалаас гадна тухайн газрын дор байгаа бүх эрдэс баялгийг тодорхойлдог. Газар дороо хичнээн хэмжээний баялагтай гэдгээ мэдэж авах нь бидэнд хэрэгтэй гэсэн тайлбарыг гишүүний зүгээс өгсөн юм.
УИХ-ын гишүүн М.Зоригт маргааш (2015.01.19) Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллана.
URL: