Алдаатай шийдвэрээ хүчингүй болгоно уу?
Миний бие 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдох үедээ Ардын Их Хурлын анхны чуулганд ардын эмнэлгийг хөгжүүлэх, эм тангийн хувьд гадаад түүхий эдээр хангах, дотоодын эмийн ургамлыг ашиглах, мэргэжлийн эмч бэлтгэх ажлыг төрийн бодлого болгож Ардын эмнэлгийн хүрээлэнд төвлөрүүлэх санал гаргаж байв. Энэ саналаа хэрэгжүүлэхээр Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарт тодорхой санал тавьж Бага Хурлын Байнгын хороогоор хэлэлцүүлж ЭХЯ-нд тогтоолоор үүрэг болгуулж төр засгаас энэ асуудлаар ихээхэн дэмжлэг авч байсан.
Ардын эмнэлгийн хүрээлэнгийнхэнтэй энэ үеэс ойр харилцдаг болж хүрээлэнгийн ажиллагааг ажиглаж юу хийж бүтээж явааг сонирхдог болсон. Анх 1959 онд “Эмийн ургамал судлах сектор” нэртэй байгуулсан энэ байгууллага өсөн дэвжиж 1973 онд Байгалийн нэгдлийн хүрээлэн, 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн, 1996 онд Уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын үндэсний төв, 1998 оноос Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн төв болж ажлынх нь цар хүрээ тэлж, эрдэм шинжилгээ, судалгаа хийхээс гадна судалгааныхаа үр дүнд уламжлалт эмийн ургамал (түүхий эд)-ын жорыг орчин үеийн шинжлэх ухааны төвшинд судалж химийн нэр томьёог тогтоож, эмчилгээнд хэрэглэх арга зааврыг боловсруулж, олон шинэ эмийг үйлдвэрлэхийн сацуу эмийн ховор ургамлыг тарималжуулах зэргээр хүн ардынхаа эрүүлийг хамгаалах мартагдсан упамжлалт эмнэлгийг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад бахархаж явдаг.
Монгол эмч нарын хэдэн зуун жилийн тэртээ боловсруулсан эмийн жорд бичсэн эмийн ургамлын найрлагын бүтцийг Мендлеевийн нээж тогтоосон химийн нэр томьёогоор судлан монгол эм танг олон улсын төвшинд ойлгуулах чухал ажлыг Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацтай хамт гүйцэтгэж үүндээ тулгуурлан үндэсний эм үйлдвэрлэхэд том дэвшил гаргаж байгаа билээ. Энэ корпараци эмийн судалгаа хийж, эм үйлдвэрлэхээр хязгаарлагдаагүй олон улсын эрдэмтэдтэй хүч хавсран эрдэм шинжилгээний хурлуудыг удаа дараалан анагаах ухааны өв сан ном судар, монгол эмч нарын бүтээлийг судалж сурталчлах түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг идэвхийлэн хийж ирэв.
Мөн уламжлалт анагаах ухааны үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх уламжлалт анагаах ухааны сургуулийн багш, эмч, оюутнуудын сургалтын бааз болж, маш их үүрэг гүйцэтгэж байна. Энэ корпораци нь эмийн үйлдвэрлэл, сургууль, эмнэлэг, эрдэм шинжил-гээний хэд хэдэн салбарыг нэгтгэж мэргэжилтэн бэлтгэх, эрдэм судлал явуулах, эм тан үйлдвэрлэх зэрэг арга хэмжээг системтэй, шинжлэх ухааны үндэстэй явуулах нөхцөлийг бүрдүүлж хөгжлийнхөө гараан
дээрээ ирсэн цаашдаа ихийг бүтээх байгууллага гэж би бодож итгэж явдаг.
Эднийхийг төсвийн мөнгөөр туйлж, алдагдалд орсон гэж би сонсоогүй. Өндөр настан над мэтийн хөгшид эдний эмнэлэг, үйлчилгээнд үнэнхүү сэтгэлээсээ сэтгэл хангамжтай байдгийг би олон удаа сонсож явсан болохоос биш муу муухайгаар ярьдаг ганц ч хүнтэй учирч байгаагүй юм. Гэтэл энэ корпорацийг Шинэчлэлийн Засгийн газар 2014 оны зургадугаар сард “Төрийн өмчийн зарим байгууллагыг 2014-2016 онд хувьчлах” жагсаалтад зуун хувь хувьчлахаар оруулах шийдвэр гаргасныг УИХ ёсчлон баталжээ.
Саяхан Шийдлийн Засгийн газар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгаж, их дээд сургуульд нэгтгэхээр шийдвэрлэнэ гэж мэдэгдэв. “Шинэчлэл”-ийн болон “Шийдлийн” гэх Засгийн газраас улсын тэргүүлэх салбар боловсролын салбарынхаа “хөтөч” нь болох эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг төрийн бодлогын гадна гаргаж хувийн хэвшилд шилжүүлэх гээд юуны учир болчимгүй загнаад байна вэ.
Би эдгээр шийдвэрт туйлаас их харамсч, гомдож байна. Төр засаг үнэхээр хүнийхээ сайн сайхан эрүүл мэндийн төлөө бодлоготой юм бол эрүүл мэндийн чухал салбарын түүчээ энэ корпорацийг төрийн хараанаас гаргах гэж юуны учир улайраад байна вэ. Алдагдалд орж дампуурахад хүрээгүй, ажил нь нурж унаагүй, зорилго чиглэлээ өөрчлөөгүй, хувьчлах ямар нэгэн шаардлага үүсээгүй байхад яагаад хувьчлах болов. Яагаад өнө эртний түүхтэй, үндэсний бахархал болох ардын эмнэлгийн судалгаа шинжилгээний газар төрийн мэдэлд байж болохгүй гэж.
Амар хялбархан хөрөнгөжих гэсэн этгээдүүд далдуур сэм хуйвалдан хөл дээрээ зогсож, бүх юм нь жигдэрсэн энэ корпорацыг хувьчилж авахыг чармайж байна гэж бодож сууна. Шинжлэх ухааны бүхэл бүтэн нэг салбарыг аваад явчих туршлага дадлагатай, эрдэм шинжилгээний ажил удирдаад явах хангалттай нарийн мэргэжилтэнтэй тийм компани өнөөхөндөө байхгүй гэж санадаг. Энэ корпорацийг хувьчлах саналыг ШУА, Анагаах ухааны академи, БШУЯ, ЭМЯ-наас санал авсан уу.
Тэд хувьчлах нь зүйтэй гэсэн санал өгсөн хэрэг үү. Энэ саналыг хаанаас хэн сэдэж гаргав. УИХ-ын Нийгмийн бодлогын зэрэг байнгын хороод энэ асуудлыг хэрхэн судалж үзсэн бэ? Энэ асуултад албан ёсны хариу надад өгөөч. Коммунист дарга Ю.Цэдэнбал 1956 онд ардын эмнэлгийг сэргээн хөгжүүлэхийг сэдэж, сайд Туваанд ардын эмнэлгийг аваад явах хүн олж надтай уулзуулаач гэснээр Хүн эмнэлгийн техникумын захирал Хайдавыг уулзуулахад “Ардын эмнэлгийг сэргээж бий болгох үүргийг чамд өгч байна. Юу хэрэгтэй байна, тэр бүгдээр тусална” гэж хэлээд “Гандангийн Эрдэнэпил, Гомбодоо нартай уулз. Манай Давст суманд Дагва гэж сайн маарамба байсан, одоо амьд эсэхийг мэдэхгүй, сураад чамд хэлнэ ээ” гэж байсан тухай, хэрхэн анхаарч дэмжиж байсан тухай академич Хайдав гуай дурсамждаа бичсэн байдаг.
Ю.Цэдэнбал 1959 онд Эмийн сургамлыг судлах сектор, 1973 онд Байгалийн нэгдлийн хүрээлэн, 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн болгож өргөтгөж, бүх талын дэмжлэг үзүүлсэн гэж олон эрдэмтэн, эрдэм шинжилгээний ахмад ажилтан бичсэн байдаг. Коммунист даргын сэдээж үүсгэсэн гэж устгаж, хувийн болгох гэсэн санаа агуулаад байгаа юм биш биз ээ. Үндэснийхээ уламжлалт анагаах ухааныг устгасан алдааг Ю.Цэдэнбал ухамсарлаж ийнхүү сэргээх санаачлага гаргасан гавьяаг нь би сайшааж явдаг юм.
Хөрш Хятад Ард Улс үндэстэн бүрийн уламжлалт эмнэлгийг судлах, сурталчлах хөгжүүлэх талаар 1950-аад оны эхнээс маш том бодлогыг нам төрөөс нь авч явуулж судапгаа шинжилгээний олон байгууллага ажиллуулж, хангалттай хөрөнгө мөнгөөр тэтгэж, эм, эмнэлэг, боловсон хүчний дорвитой арга хэмжээ явуулж байгааг олон улсын хөгжлийн бодлогыг ажиглаж сэтгэлээ чилээж байдаг эрхэм дарга нар сайн мэдэж байгаа байх аа. Энэ жишгээр уламжлалт соёл, анагаах ухаанаа шинжлэх ухааны төвшинд хөгжүүлэх төрийн бодлого явуулаасай.
Дэлхийн олон улс олон мянган жилийн түүхтэй Дорно дахины анагаах ухааныг судалж, байгалийн гаралтай эм хэрэглэх хандлагатай болж байгааг эрхэм дарга нар маань сайн мэдэрч баймаарсан. Миний энэ гомдлыг УИХ-ын гишүүдийнхээ сонорт хүргэж гаргасан алдаатай шийдвэрээ нэн даруй цуцлахыг хичээнгүйлэн гуйя.
Т.Ядамсүрэн /Архангай Эрдэнэбулган сум, III баг/
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: