Аав

527-1421385671gg-copyМиний аав нас 80 дөхөөд говийн хайлаас шиг өвгөн болов. Залуу цагийнх нь эр чадал, эрч хүчний илрэл дөрвөн мөч нь сарвайж мойтийгоод нэг тиймэрхүү төрхтэй болсон юм. Цаг хугацаа гэдэг залуу явсан сайхан аавыг минь ийм болгожээ. Хаалга нээж өгөнгөө босгоны цаана зогсох ааваа хараад надад төрсөн бодол энэ.

Миний аав занги Гомбосүрэнгийн дунд хүү Түдэв. Нутгийнхандаа бол Бааваа. Багадаа “таахай” хочтой байсан юм гэнэ лээ. Гэхдээ надад л лав аав минь хэзээ ч тийм таахай шиг харагдаж байгаагүй. Харин ч бахим чанга биетэй, өндөргүй ч намхан биш хүн байсан. Өргөн дүхгэр духтай, товгор шанаатай, жоонигор нүдтэй. Нүдээ үе үе цавчилж толгойгоо дохидог. Яагаад тэгдэгийг нь үнэндээ асууж байсангүй, тэгж зүрхлээгүй ч байх.

Аав амгалан тайван хүн. Халбайтал завилаад нэг суухаараа барагтай л бол хөдлөхгүй. Хөл нь чилдэггүй л юм байхдаа гэмээр. Гэхдээ хэзээ ч цалгар наазгай байсангүй. Явах хийх ажилдаа бол морио эмээллээ л бол яах ийхийн зуургүй мордоод шогшуулчихна. Аав морин дээр гэлдэрнэ гэж бараг үгүй, голдуу л ергүүлж шогшуулж явна. Үүнийгээ “сүүл хөдөлгөх, ганзага сугсруулах” гэх мэт гоё хэлнэ. Гэлээ гээд аавын унасан морь эцэж тамирдаж байгаагүй.

Морины гүйн хар алхаан дунд цулбуураа бүсэндээ хавчуулаад, жолоогоо мойтгор хуруундаа өлгөөд, түрийнээсээ гаансаа сугалан хавтгандаа дүрэн баяжуулаад, хэтээ цахин уугуулаад нэрж амждаг байж билээ.

Аав шогч хүн байсан, гэхдээ марзан биш. Хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөнийг бүр яг байгаагаар нь дүрсэлнэ гээч. Нэг ёсондоо сүрхий жүжигчин баймаар. Мягмар Найнаа гэж сайхан хөгшин байлаа. Би сайн мэдэх юм. Тэр хүнийг гэмтсэн байхад нь хөр цаснаас хөлдөхийн даваан дээр олсон тухайгаа ярихдаа Найнааг яг л харагдтал дуурайдагсан. Тэр тухай дүүгийн бичсэн уянгын өгүүллийг радиогоор нэвтрүүлэхэд Найнаагийн үгийг ааваар хэлүүлчихгүй дээ гэж эрхгүй бодогдож билээ. Бусдын зан, үйлийг дандаа зүйрлүүлж ярина.

Өрөмний өт шиг, хавханд орсон өмхий хүрэн шиг, галуун хүзүүлчихээд, тэрэгний морь шиг, салхи сөрсөн тэмээ шиг гэх мэтээр. Өрөө хооронд дэгдэх хүүг минь хараад “ойн бор гөрөөс шиг” гэсэн. Хүүд их л таалагдсан юм байлгүй “Хөгшин аав аа, би яаж явдаг билээ?” гэж асуугаад байж билээ. Хожим санаваас тэр зүйрлэл бүр нь дандаа амьд амьтны зан, үйлдэл байжээ.

Аав яриа, гэхдээ нуршаа биш. Ярихдаа нүдээ жоотийлгоод нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л, нэг их зохиол туурь хүүрнэх гэж байгаа юм шиг болно. “Гүй ээ, харин тэгсэн л дээ” гэж голдуу дуусгана. Цэрэгт явсан, жин тээсэн тухайгаа ярих дуртай. Миний аав дайны бөгсөөр данайсан таван жил алба хаасан хүн. Цэргийн андуудаа дурсахаараа нөгөө “Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Шаравын Наваан” гэдэг шиг дандаа аймаг сум, овог нэрээр нь хэлнэ. Тэднийгээ энд тэндээс асууж сураглана.

Намайг хөдөө ажлаар яваад Булганы Хишиг-Өндөр суманд хоноод ирлээ гэдгийг сонсоод “Гүй ээ чамайг тэнд хонохыг мэдсэн бол нөгөө хэнийг асуулгах байхгүй юу” гэж байх жишээний. Нэгэнтээ эмнэлэгт хэвтээд гарч ирэхдээ хамт эмчлүүлэгчээс Говь-Алтайн нэг нөхрийнхөө тухай сураг сонсчээ. Нөгөөх нь өнөр өтгөн, мал хөрөнгөтэй, нэр хүндтэй, бас морь уядаг, сайн яваа гэж дуулаад их баярласан, “Гүй ээ, тэр тэгнэ ээ, уулаасаа сүрхий нөхөр байгаа юм” гэж их л додигор байж билээ.

“Гүй ээ тэгээд асуугаад байхаар сураг нь гараад л байх юм, голдуу л өнгөрчихсөн байх юм даа” гэж гунигтайхан ярьж суусансан. Ааваас Таныг алба хааж байхад оны ялгаа гэж байсан уу гэж асуухад, “Гүй ээ тийм юм огт байгаагүй, харин ч дээд оныхон нь доод оныхоо цэргүүдийг халамжилдаг, тусалдаг байсан л даа” гэж ярьсан. Цэрэгт очоод шинэ бичиг сурсан, нөхдүүддээ захиаг нь бичиж өгдөг байсан гэж байгаа.

Харин гэртээ л бичээгүй юм даа, ээжийгээ, гэрээ их л санадаг байсан, гээд яагаад захиа бичээгүй юм бол гэж хожим гэмшсэн. “Манай Айнаа” гэж их ярина. Нэр нь Дамдин. Бөх Дамдин, Бүдүүн Дамдин, Мундаг Дамдин, Анчин Дамдин гэсэн олон гуншинтай. “Манай Айнаа овооны наадамд учраа бөхөө цаана нь барилдаж байсан хоёр бөхтэй хамт дайраад давхар унагаасан, нөгөө хоёр нь босч ирээд тоосоо гөвчихөөд дахиад барилдсан шүү. Манай Айнаа Улааны шилээр өнгөрсөн чонын мөр хараад энэ хар амт одоохон Хөх ониор давна гэж хэлээд давхиж очоод тосч буудаад авч байсан” гэж ирээд л нүдээ жоотийлгоод ярина. Арга ухаан, авьяас чадал төгс тэр эрхэм миний аавын нагац, үлгэрлэн дуурайх хүн, ёстой “эр хүний эталон” байжээ.

Аав залуудаа барилдаж байсан гэж байгаа. Ганцхан мэхтэй, тэр нь гүйх. Гэхдээ хаанахын ямар наадамд хэрхэн барилдсаныг нь үнэндээ мэдэхгүй юм. Ямар ч байсан Чандманийн Урд голд Бөх Жанжаагийн хүү Оожоо Должинсүрэнтэй барилдаад хөл нь ойрхон харагдаад байхаар нь харваж очоод тэврээд автал дагуулаад хөмөрчихөж билээ. тэр нь дархан мэх, зориуд хөлөө тавьсан юм билээ гэж нэг удаа ярьсан.

Аав дуулдаг байсаан. Намуухан цангинаа хоолойгоор цаанаасаа ундарсан эрчээр эвтэйхэн дуулна. Навтгар шар дүүгийн найран дээр аавын өргөсөн дууны бичлэг хадгалаастай бий. “Нарийн сайхан хээр”, “Хүрэн жороо морь”-ио Монголын радиод бичүүлсэн л хүн дээ.

Аав анчин хүн байсан. Анг тун төвөггүй хийнэ. Нутгийн залуус “Бааваагийн ан зам дээр нь зүгээр л хүлээгээд байж байдаг” гэж ярих нь хорын хиргүй. Ааваас антай явав уу гэж асуувал “Хараа хоосонгүй, ханын толгой зэврээсэнгүй явлаа”, эсвэл “Ганзага мялаалаа” гэх. Харин хамт анд яваад бүтэлгүй бол “эвэр хошуулаад” гэж зэмлэнэ.

Аав гарын чамгүй уртай хүн байжээ. Хөвгүүддээ эмээл эвлүүлэхдээ өөрийн урласан өрмөөр цоолж, ямааны арьсыг дөрөөний сэнжинд шувтарч, тарганд тавласан татаасаар чангалан үднэ. Эр үхрийн ширээр хийсэн сур нь гурил л гэсэн үг. Түүгээрээ хангай газрынхныг дуурайлган сүлжмэл толгойтой, алга чагтан оосортой хачин гоё бугуйл хийсэн. Асгатын ард өвөлждөг жил далий хальсны модыг ижил хэмтэй тайрч зүлгэн янзлаад жигтэйхэн гоё хорол сийлсэн нь одоо бий бил үү.

Аав хэтний уул сайхан хийдэг байсан. Бөөрийн толгодынхоо аагит ургамлуудаас хамгийн ноцомтгойг нь түүж хатаагаад нэн асамтгай сайхан уул хийдэг байсны нь жорыг яриулж мэдэж аваагүй минь бас л нэг алдаа минь юм. Аавын хув хэтний бор булигааран уутакд аанай л миний аараг толгодын гал үсэргэсэн хамгийн гайхамшигтай цахиур цагаан чулуунууд хундагалагдсан байдаг байжээ, эргэн санахул.

Төө цагаан хаш соруултай гаансаа түүшээ түмбийлгэн зуучихаад, төгрөг саран нумраатай хас хэтээ төрөлх довынхоо цагаан чулуунд цахинхан уулаа ноцоогоод, тамхиа баагиулдаг нь уяралтайхан санагдана. Тэгж суухдаа тэнэгэр буурал уулсынхаа нуруу хэжмэг бүхэнд, тэлмэн салхи, азарган дунд амьдран жаргасан цагаа дурсан суудаг байж дээ, муу аав минь Хэт ч гэж хэт, хийморь ч гэж хийморь явсан аав минь.

Аав багадаа ааваасаа өнчирж ээжтэйгээ эгч, ах, дүү дөрвүүлээ өссөн юм билээ. Өрх толгойлж үлдсэн ахаа аав шигээ хүндэлдэг, дүүдээ бол эрхэм хүндтэй ах нь байжээ. Үүнийг би хожим л ухаарсан. Ухаарал бүхэн хожуу байх нь гачлантай. Аав бүр балчир байхдаа нагац хөгшин аав Алиагийнхаа манан хөөргийг хагалснаа хожим, бүр хөгшин болсон хойноо ч гэмшин гэмшин, харамсан харамсан “Гүй ээ яах вэ, тэгсэн л дээ” гэж ярьдагсан. “Цээлийн баруун дээд жалганд аваачиж дээр нь тавьж хагалсан хадны хажуугаар хэлтэрхий нь байж л байдаг байсан, сүүлд нэг очоод ер олоогүй” гэж ярихад нь аавын гэмийг өөртөө авмаар санагдсан. Эгчтэй байсан юм гэнэ лээ. Бид тэр хүнийг сургаар л сонссон. Хасгийн дээрэмчдийн түйвээнээс дүрвэн нүүж, нуугдаж явах үед төрөхөөс болоод арван наймхан насандаа эндсэн юм билээ “Миний сайхан эгч хасгийн хөлд үрэгдсэн” гэж нэг удаа ярихдаа сэтгэлдээ ямар их гуниг тээснийг би мэдэрсэн. Эр хүний нулимс дотогшоо гэдэг л тэр байх.

Ээжийг бурхан болсноос хойш аав намрын хяруунаар хот орж өвөлжөөд хаврын эхний яргуйнаар нутагтаа очсиж зусан нүүдлийн шувуу шиг хэдэн жилийг үдлээ. Хотод өрөөндөө хоёр ачтайгаа инээж хөөрөлдөөд их л найрсаг зугаатай байх. Харин нэг удаа “энэ хоёр чинь намайг дарлаад байна” гэж гомдол мэдүүлж байна. Яав ийв болсон чинь нөгөө хоёртойгоо зурагтын удирдлага л булаацалдсан юм даг уу даа.

Аав үндэсний телевизийн сувгаар мэдээ үзэх санаатай, нөгөө хоёр нь өөр юу ч юм үзнэ гээд сувгаа булаацалдаж. Удирдлагыг гартаа авсан хүн асуудлыг шийднэ гэж аав ойлгосон байна. Тэгэхээр нь хоёр ач удирдлагыг өгөх мөртөө сувгаа өөрсдийнх дээрээ тавиад зурагтынхаа удирдлагад мэдрэгддэг цэгийг хаагаад ном тавьчихаж Түүнийг нь аав мэдэлгүй, удирдлага эвдэрсэн гэж онош тавиад байж. Тэгээд учрыг ойлгосныхоо дараа ийм гомдол гаргажээ. “Дарлаад байна” гэсэн гомдолд нь далд санаа даанч үгүй.

Миний аав гэж ертөнцийн нэг ийм ерийн, гэхдээ наддаа бол ер биш бодьгал оч шиг асч, гал шиг дүрэлзэн, дөл шиг төөнөөд намуухан бөхөн жаргасаан, хөөрхий. Ихэсийг онголсон газар ээжийнхээ хөлд нойрсч буй. Гэхдээ од сарны тойрогт орчлонд дахин гийн асч буй гэж итгэдэг ээ.бид. Тэр их хүн байсан. Аав Тандаа мөргөе.

Түдэвийн Галхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих