УИХ баталсан хуулиасаа ухарч байна
Шүүх улс орны тусгаар тогтнолоос авахуулаад хүний амь, эд хөрөнгөтэй холбоотой хэрэг, төр, иргэний хооронд үүссэн маргааныг шийдэж, шударга ёс, үнэнийг тогтоодог. 20 гаруй жилийн өмнө ялын бодлогыг чиглүүлэх хүртлээ үйл ажиллагаанд нь оролцдог байсан төр сая л нэг шүүхээс гараа татаж байна. Энэ алхмыг Ерөнхийлөгч санаачилж, хуульч эрдэмтэд боловсруулж, УИХ баталгаажуулсан. Шүүх төр, засгийн шууд болон шууд бус нөлөөллөөс эрх зүйн хувьд, системийн хувьд холдож, ажлаа шударгаар хийх ганцхан үүрэгтэй үлдлээ. Гэвч шүүхийг гарын атганаасаа тавих, халааснаасаа гаргах нь улстөрчид, бохир бизнесмэнүүд, эрүүгийн элементүүдэд таалагдахгүй байгаа бололтой.
Хөндлөнгийн нөлөө, дарамт шахалтгүй ажилласан өнгөрсөн хоёр жилийн хугацаа УИХ-ын зарим гишүүнийг хүртэл бодол санаанаасаа ухарч, баталсан хуулиасаа тэс өөр зүйл ярихад хүргэжээ. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр “2014 онд шүүгчид нийтдээ 15 тэрбум төгрөгийн цалин авчээ. Өөрсдөө дур мэдэн улсын төсөвт 15 мянган төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ бол Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан хэрэг. Үүнийг Авлигатай тэмцэх газраас шалгуулах ёстой. 15 тэрбумын асуудлыг энэ оны төсвөөс суутгана” хэмээн байр сууриа илэрхийллээ. Хоёр жилийн өмнө өөрөө хуулийг нь баталж, шүүгчийн цалин, шүүхийн төсвийг тогтоох, боловсруулах эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгчихөөд өнөөдөр ийм зүйл ярьж байна.
Түүн шиг бодолтой яваа УИХ-ын гишүүд шүүхийг өмнөх шигээ хүлцэнгүй, арчаагүй байдалд оруулахыг хүсэв үү. Эсвэл баталсан хуулиасаа, шүүхийн шинэтгэлээс ухрах гээд байгаа юм уу. Гэнэт дайраад эхэлсэн шүүхийн нийт төсөв уг нь улсын төсвийн 0.8 хувь л юм билээ.
Уг нь Ерөнхийлөгчийн санаачилсан эрх зүйн шинэтгэл хурдтай, үр бүтээлтэй хэрэгжиж яваа нь шүүх. Ардчилсан Үндсэн хуулийг баталсны дараагаас Шүүхийн тухай хууль хэмээх ганц хуулиар бүх л үйл ажиллагаагаа явуулж ирсэн шуүх байгууллага өнгөрсөн 2013 онд зургаан тусдаа хуультай болсон. Хуулийн төсөлд хуульч эрдэмтэн, иргэдийн саналыг тусган хэлэлцүүлж УИХ өөрсдөө баталсан. Үр дүнд нь шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа тусдаа салж, Үндсэн хуульд туссан “дагнасан шүүх” хэмээх ойлголт амьдралд хэрэгжсэн. Аймаг, дүүргийн шүүхүүд эрүүгийн шүүх, иргэний шүүх, захиргааны шүүх болон салцгааж, иргэд дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр эрхээ хамгаалуулах боломжтой болсон. Улсын хэмжээнд ажиллаж буй 470 гаруй шүүгчийг ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалтын дүнд хамгийн дээд оноог авсан хуульчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр томилсон.
Давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн системд оруулж, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон аймаг дундаа тус бүр нэг шуүхтэй боллоо. Анхан шатны шүүхээр шийдсэн хэргийн 10 хүрэхгүй хувь нь давж заалддаг учраас дээрх дөрвөн аймгийн дунд хоёр шүүх байгуулжээ. Хэрвээ иргэд шүүх хуралд биеэрээ оролцож чадахгүй бол харьяа нутгийнхаа хамгийн ойр шүүхээс онлайнаар шүүх хуралд оролцох боломжтой боллоо. Бас иргэний хэргийг шийдүүлэхийн тулд заавар шүүхийн хаалга татах шаардлагагүй болж, үүнийгээ эвлэрүүлэн зуучлагчаар шийдүүлэн цаг хугацаа, хөрөнгө мөнгөө нэмнэж эхэллээ. Шүүх байгуулах тухай хуулиар тойргийн шүүхүүдийг байгуулсан нь шүүхийг байршлын хувьд бус мэргэшлийн хувьд иргэдэд ойртуулсан юм/ Аймгаас нийслэл рүү, нийслэлээс сум руу, сумаас Улаанбаатар, аймгийн төв рүү шүүгчдийг сэлгэн томилсон. Олон айлыг нүүлгэж, уйлуулахыг нь уйлуулж, дуулуулахыг нь дуулуулав. Зарим чадварлаг шүүгчийг орон нутагт ажиллуулахын тулд байрны дэмжлэг, тусламж ч үзүүллээ. Шүүгчийн цалинг нэмж, нэмсэн хэмжээгээр нь тэднээс хариуцлага, хяналтыг шаарддаг боллоо. Шүүхийн ёс зүйн хороо, Мэргэшлийн хороо, Шүухийн ерөнхий зөвлөл, хууль хяналтын байгууллага энэ бүхэнд давхар хяналт тавьж байна.
Шүүхийн шинэтгэлийн үр дүнд засаглал хуваах онол биеллээ олсон. Шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл тэнцвэртэй болсныг шүүхийн төсөв батлах зохицуулалтыг хуулиар яаж бий болгосноос ажиж болно. Шүүхийн төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж шууд УИХ-аар батлуулах эрхтэй болсон.
Баталсан төсвийг өмнөхөөс нь дордуулахгүй байх үүргийг УИХ өөрсдийн баталсан хуулиараа хүлээсэн. Шүүгчийн цалин, аюулгүй байдлын хамгаалалт, хангамжийг өмнөхөөсөө дээрдүүлсэн. Бараг УИХ, Засгийн газрын гишүүд шиг болгосон. Шударга Шүүхийг цогцлоох энэхүү зоригтой алхмын үр дүнд шүүгч өнөөдөр төр, засгийн аль ч албан тушаалтан, иргэний нөлөө, дарамтаас эмээлгүй ажлаа явуулж байгаа болов уу. Үр дүнд нь иргэд хожиж байгаа. Гэвч шүүхийг атганаасаа алдсандаа улстөрчид эхнээсээ бухимдаад эхэлжээ.
Г.БОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: