Н.Батбаяр: Бүх намуудыг татан буулгах санал гаргаад байгаа
УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа хуралдсан ч ямар өөрчлөлт оруулах талаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Зарим гишүүд тулгуур хуульд 2000 онд оруулсан дордохын долоон өөрчлөлтийг бүгдийг нь цуцалж хуучин хэвэнд нь оруулах, хот, тосгоны асуудлыг эргэн авч үзэх гээд нэлээд олон санал гаргаж байгаа аж. Энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа.
-Та намуудыг татан буулгах, сумын ИТХ-д намаас нэр дэвшүүлэхгүй байх, намын хатуу гишүүнчлэлгүй болгох зэрэг санал гаргаж ажлын хэсгийнхэнд танилцуулсан гэлүү?
-Өнөөдөр орон нутагт очоод үзэхээр намаар талцах, намчирхах нь хавтгайрчээ. Гэр бүлийн хоёр хүртэл манай, танай нам гээд үзэж тарна. Өө энэ нөхөр нөгөө намынх гээд ажилд авахгүй гэх жишээний. Үнэндээ монголчууд хэт намчирхдагаасаа болоод нэг нэгнийхээ эсрэг явдаг. Тэгэхээр цөөхөн монголчууд нам гэж талцаж байхаар нэгдэж нийлж ажиллах нь хөгжлийг түргэтгэнэ. Тиймээс сумын ИТХ-д намууд нэр дэвшүүлэх шаардлагагүй. Тэр нутгийн иргэд баг багаасаа өөрсдийгөө төлөөлж ажиллаж чадна гэсэн хүнээ л ИТХ-д сонгог. Тэгээд тэр сумын иргэд нь сумын Засаг даргаа сонгож ажиллуулдаг болгомоор байгаа юм. Сумын Засаг даргад нэр дэвшигчдийн удам судар, үүх түүхийг ч сумынхан андахгүй. Хамгийн сайн ажиллаж чадах хүнээ сонгоод л гаргаад ирнэ. Иргэдээс сонгогдсон сумын Засаг дарга намын даалгавар биелүүлнэ гэж бөхөлзөх шаардлагагүй, сумын иргэдийн эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Сумын ИТХ нь хуралдаад дундаасаа нэг хүнийг аймагт төлөөл гээд аймгийн ИТХ-д сонгоод явуулчихна. Харин аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилж болох юм. Ингэснээр аймаг, суманд нам байх хэрэггүй болно. Орон нутагт хавтгайраад байгаа намаар талцах, хэт улстөржих байдал өөрчлөгдөнө гэж бодож байна. Ийм өөрчлөлт хийвэл нам хэдэн зуун мянган гишүүдийн ч хэрэггүй. Хүн намаас өөрөө гарна гэдэг хэцүү. Тиймээс бүх намуудыг татан буулгачихаар иргэд бүгдээрээ намын гишүүн биш болно.
-Бүх намыг татан буулгана гэхээр санаанд буухгүй байна. Тэгээд намаас өөр ямар зохион байгуулалтаар сонгуульд оролцож төрийн эрхийг барих болж байна вэ?
-Ерөөсөө намыг байхгүй болгоно гэж би хэлээгүй шүү дээ. Эхлээд бүх намуудыг, татан буулгачихъя. Тэгээд шинэ улс төрийн хүчин байгуулах боломжийг олгоё. Сум, аймагт нам байх шаардлагагүй болгочихоор тийм олон хүмүүс намд элсэх гэж хошуурах ч үгүй. Үнэхээр л УИХ-ын , гишүүн, сайд, дарга болохыг хүсээгүй бол намд орох шаардлага иргэдэд байхгүй болно. Төрийн алба нь 100 хувь нам бусчуудаас бүрдэнэ. Намуудыг гишүүнчлэлгүй болгочихоор намд элсүүлж иргэдийг манай, танай, чиний, миний гэж талцуулдаг байдал арилна. Харин УИХ-ын гишүүд, хотын парламентын төлөөлөгчдийг сонгоход нам хэрэгтэй болно. Улаанбаатар хотын хувьд хүн амын дийлэнх нь оршин сууж байгаа учраас өөр түвшинд авч үзэхээс аргагүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг байнгын ажиллагаатай болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хотын парламентад сонгогдох төлөөлөгчдийг УИХ-ын сонгууль явуулдаг шиг тэр жишгээр сонгоё. Харин нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагчийг нийслэлийн иргэд өөрсдөө шууд сонгодог болгоё. Тэгээд хотыг хөгжүүлж чадна гэж зорьсон, тодорхой мөрийн хөтөлбөрөө боловсруулсан хүмүүс өрсөлдөнө. Нийслэлчүүд хотоо хэнээр удирдуулахаа өөрсдөө шийдэг. Хотын иргэдийн дэмжлэг авч нийслэлийн Засаг дарга болсон хүн хамтран ажиллах дүүргийн Засаг дарга нараа өөрөө томилдог байвал дээр. Ийм өөрчлөлтүүдийг хийх цаг болсон гэж бодож санал оруулаад байгаа.
-Нам гэсэн нэрийг өөрчлөх тухай санал оруулж байгаа гэж сонссон. Яагаад?
-Нам гэдэг үг нь төрд намдаад байна. Түмэн олонд нам жижигдээд байна. Төрийн түшээдэд намхандаад байна. Хамтын хүч, санаа сэтгэлээр нэгдсэн халуун ам бүл болсон хүмүүсийн нэгдлийг нам гэж байхаар бүл гэж нэрлэх нь үгийн бэлгэдэл зүйн талаасаа утга учиртай. Тиймээс би намыг бүл гэж нэрлэдэг болъё гэсэн санал гаргаж байгаа. Дэмжихийг нь хэлж мэдэхгүй юм. УИХ-ын гишүүн гэж нэрлэх нь ч учир дутагдалтай юм шиг санагддаг. Модны ямар салаа мөчир, гишүү биш дээ. Төрөө түшиж байгаа учир төрийн түшээ гэж албан ёсоор нэрлэдэг болбол зүгээр байх шүү.
-Ардын намын бүл, Ардчилсан намын бүл гэж нэрлэнэ гэж үү?
-Халуун ам бүлээрээ эв нэгдэлтэй байж л ажил урагшаа явна. Нэг намд байж нэгнээ үзэж чадахгүй хүмүүс олон бий. Тиймээс бүх улс төрийн намыг татан буулгаад өнөөдрийн оршин тогтнож байгаа 19 намын алиных нь ч нэрийг дахин ашиглахгүйгээр шинэ нам байгуулах боломжийг олгох хэрэгтэй. Монгол хэлэнд үг мундсан биш. Ардын, Ардчилсан гэдгээс сайхан үг Монгол хэлний үгсийн санд хангалттай бий.
-Нам гэдэг нэрийг заавал солих шаардлага байна уу. Нэрнээсээ болоод болж бүтэхгүй байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт, хэтэрхий туйлширсан хэрэг биш үү?
-Нэрэнд учир бий. Монгол хэлний хамгийн гол үгс гурван үсгээс бүрддэг юм билээ. Гал, мод, нар, сар, аав, ээж, лам, алт, зэс, бөх, бөө гээд л. Монголчууд гурвын тоог дээдэлдэг. Энэ үүднээс бэлгэдэж бүл гэж нэрлэж яагаад болохгүй гэж. 1992 онд Үндсэн хууль батлагдаад БНМАУ-ыг БНМУ болгоход хүн бүр гайхаж, санаанд буухгүй байна гэдэг л байсан. Аймаг, сумын дарга нарыг Засаг дарга гэж нэрлэе гэхэд инээж, шоолж л байсан. Өнөөдөр ард түмэн хүлээгээд авчихсан, хэвшсэн л байгаа биз дээ. Үгэнд нас байдаг юм. Нам гэдэг үгний нас дууссан гэж бодож байгаа. Бүл гэдэг үг “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг үгтэй утга нэг.
-Та эдгээр саналуудаа бүлэгтээ, УИХ-ын дарга, гишүүдэд танилцуулсан уу. Дэмжиж байх юм уу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэнд танилцуулсан. Орон нутгийг намгүй болгоё гэдэг байр суурь дээр ажлын хэсэг ойлголцлын хэмжээнд хүрсэн. Намуудыг татан буулгая, бүл байгуулъя гэдэг саналаа дуулгасан байгаа. УИХ дахь АН-ын бүлэгт хараахан танилцуулж амжаагүй байна.
-Ирэх намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдээд хэлэлцэж батална гэдэг эргэлзээтэй. Ямар өөрчлөлт оруулах талаар санал ч нэгдэж чадаагүй байна. Тэгэхээр таны санал дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй юм байна даа?
-Алийн болгон болохгүй, бүтэхгүй гэж хойш суух юм. Хорвоогийн нэг өдөр, нэг цагийг ч алдалгүй хожих хэрэгтэй. Миний санаачилсан саналыг дэмжээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад ирэх намар ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй. 1990 онд анхны ардчилсан сонгууль болж Ардын хурлын депутатууд таван жилийн хугацаатай сонгогдсон. 1992 оны нэгдүгээр сард Үндсэн хууль батлагдаад таван жилийн хугацаатай ажиллах бүрэн эрхтэй байсан АИХ гарж УИХ-ын сонгууль болсон. Үүнтэй ижил Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулаад монголчуудыг хагаралдуулдаг намчирхах байдлыг зогсоож намуудыг ижил гараанаас өрсөлдөх боломжийг олгох нь чухал.
-Ээлжит бус сонгууль явуулахыг гишүүдийн олонхи дэмжинэ гэж үү?
-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй. Үнэхээр энэ өөрчлөлт хэрэгтэй юу гэдгийг нийгэм хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаална. УИХ-ын гишүүд нийгмийн төлөөлөл болохоор ард түмнийхээ саналыг харгалзаж шийдвэр гаргана. Иргэд хүсч байхад УИХ-ын гишүүд шинэчлэлийг хийх л ёстой. Тухайлбал, намайг Архангай аймагт ажиллахад иргэд орон нутагт намгүй байя, сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгодог болъё гэж байсан. Үнэндээ монголчууд хэт намчирхдаг, талцдаг байдлаас залхаж байгаа шүү дээ.
Д.Дорж
URL: