ХСИС-ийн Ахлагчийн сургууль, ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн клиник сургалтын төв байгуулав
ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, хурандаа Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Клиник сургалт явуулснаар суралцагчдын онолын мэдлэгийг хорих ангийн үйл ажиллагаатай уялдуулж байгаагаараа чухал ач холбогдолтой. Тухайлбал, харуул хамгаалалтын чиглэлээр хамгаалалтын техник хэрэгсэл, хашаа, тор зэргийг нүдээр үзэж, үзлэг нэгжлэгийг дарааллын дагуу хийж гүйцэтгэх, хүмүүжигчидтэй ярилцаж, сэтгэл зүйн онцлогийг нь судлах зэрэг практик сургалтуудыг явуулна. Манай Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн зүгээс клиник сургалтын танхимыг хорих ангид шаардлагатай бүхий л техник хэрэгслээр тохижуулна гэсэн бодолтой ажиллаж байна гэв.
Клиник сургалтын үйл ажиллагаа, анги танхимтай танилцахаар Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхмийн эрхлэгч, ахмад Д.Мягмарсүрэнгийн хамт 01 дүгээр сарын 09-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зочиллоо. Биднийг тус төвийн захирал, хурандаа Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзан, клиник сургалтын ач холбогдол, үр дүн, сонсогчдын ур чадварын талаар нэлээд зүйлийг ярилцсаны зэрэгцээ сургалтын танхимтай танилцаж, хурандаа Ч.Хүрэлбаатар Ахлагчийн сургуулийн сонсогчдод ажил амьдралын туршлагаасаа хуваалцаж, цаашдынх нь хичээл сургалтад өндөр амжилт хүссэн юм.
Энэ үеэр Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхмийн эрхлэгч, ахмад Д.Мягмарсүрэнгээс зарим зүйлийг тодруулахад “Захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх гэж клиник сургалтыг эхлүүлж байна. Клиник сургалт нь практик орчинд удирдагч багшийн хяналтад сургалт явуулдгаараа онцлогтой байдаг. Энэхүү сургалтыг явуулах орчин нөхцөлөөр хангаж өгч байгаа ШШГЕГ, түүний харьяа Амгалан дахь Хорих 421 дүгээр анги, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага болон алба хаагчдад талархал илэрхийлье” гэв.
Клиник сургалтыг зохион байгуулснаар захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл зүй нь бүрэн бэлтгэгдсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Уг сургалтад ашиглах танхим, материаллаг баазыг ирэх хавраас бүрэн тохижуулж, сургалтыг цогц хэлбэрээр явуулахаар Ахлагчийн сургуулийнхан идэвх санаачлагатай ажиллаж байна.
ХСИС-ийн Ахлагчийн сургууль, ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн клиник сургалтын төв байгуулав. Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхимээс санаачлан сонсогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадваржуулах зорилгоор ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн клиник сургалтын төвийг байгуулж, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Клиник сургалт нь захиалагч байгууллагуудыг түшиглэн мэргэжлийн үйл ажиллагааны бодит орчинд багшийн удирдлаганд сургалтыг зохион байгуулдгаараа онцлогтой юм.
URL: