Н.Төмөрхүү: Хамгийн гол нь МИАТ-ыг үнэ цэнэтэй, сайн үйлчилгээтэй компани болгох ёстой

10929546_278306345626385_45233325667717617_nЗам тээврийн сайд Н.Төмөрхүү өчигдөр ИНЕГ-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм. -Агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдалтай Та биечлэн танилцлаа. Салбар хариуцсан сайдын хувьд агаарын тээврийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна гэж харж байна вэ? -Улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж агаарын тээврийн салбар амаргүй байдалд байна. Хямралыг давахын тулд сайн зохион байгуулалт, онцгой дэглэм хэрэгтэй болжээ гэж дүгнэж байгаа. Үүний тулд, орлогыг нэмэгдүүлж, зардлыг боломжийн хэрээр бууруулах ёстой юм. Орлогыг сайжруулахын тулд зорчигчдын тоог нэмэхээс эхлээд боломжтой бусад аргыг судалж байна. Боломж бий. Монгол Улс газарзүйн байрлалын хувьд хамгийн ашигтай буюу Евроазийг холбосон гол цэг. Энэ мэт боломжоо ашиглах ёстой. Жишээ нь, ОХУ-ын Дорнод Сибирийн бус нутгийн зорчигчдыг Улаанбаатар хотоор дамжуулж, Зүүн өмнөд Ази руу нисгэж болно. Мөн Хятадын хойд бүс нутгийн иргэдийг Улаанбаатар хотоор дамжуулж ОХУ болон Европ руу нисгэх боломж байна. Ингэснээр зорчигч урсгалд тодорхой ахиц гарна гэж үзэж байгаа. Орлого нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээр ажлыг зөв зохион байгуулалттай хийж чадвал авиа компаниуд хүндрэлээс гарч чадах боломж харагдаж байна.   -Төрийн өмчит МИАТ компанийг хувьчлах асуудлыг хөндөж байгаа. Хүндрэлээс гарах бодлогын хүрээнд бүтцийг өөрчилж, хувьчлах талаар яригдах уу? -МИАТ компанийн хувьд шинэ онгоц худалдаж авсныг ойлгох ёстой. Зээлээр худалдаж авсан онгоцныхоо төлбөрийг хуваариар төлөх үүрэгтэй. Энэ төлбөрт ханшийн зөрүү нэрмээс болж байгаа нь компанийн үйл ажиллагааг хүндрүүлэх гол нөхцөл болж байна. Тэгэхээр ойлголцож ажиллах чухал. Төр, засгаас дэмжих бодитой ямар боломж байгааг судалж ажиллана гэж бодож байна. МИАТ компанийг хувьчлах асуудал байнга л яригддаг болохоор сонин, шинэ асуудал биш болжээ. Энэ Засгийн үед ийм зүйл ярихгүй болов уу. Гэхдээ цаашид ярихыг үгүйсгэхгүй. Хамгийн гол зарчим нь энэ компанийг үнэ цэнэтэй болгох ёстой. Яг одоо бол МИАТ компанийг хувьчлах цаг нь биш.   -Эдийн засгийн хямралын үед баялаг бүтээгчид рүү түлхүү хандаж ажиллах талаар Ерөнхий сайд хэлсэн. Үүнтэй холбоотойгоор хоёр авиакомпанийг төрөөс бодлогын хувьд хэрхэн дэмжих вэ? -Дэмжих асуудал маш тодорхой байх ёстой. Гэхдээ дэмжинэ гээд хөнгөлөлттэй зээл өгөх боломж алга. Тэгэхээр авиа компанийн эрхзүйн орчин, тогтолцоог эрүүлжүүлэх, таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Энэ ч утгаар манай яам эрхзүйн шинэтгэлийн ажлыг эрчимтэй эхлүүлж байгаа. Авиакомпаниудын саналыг авч, тусгана.   -АСЕМ-ийн дээд түвшний XI уулзалтын бэлтгэл ажил эхэлсэн. Энэ уулзалтад агаарын тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Уулзалт болох хүртэл шинэ онгоцны буудал ашиглалтад орж амжихгүй нь. Тэгэхээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг зохицуулах, үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудал тулгарч байх шиг санагдлаа? -АСЕМ-ийн дээд түвшний уулзалтаас өмнө шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохгүй. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй хуучин нисэх буудалдаа зочид төлөөлөгчөө хүлээн авна. Үүнтэй холбоотой хийх ажил олон бий. Одооноос ажлын төлөвлөгөө гаргаж, түүний дагуу ажиллана. Харин хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж шийднэ.   -Агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь шатахууны асуудал. Үүнийг шийдэх ямар боломж байгаа вэ. Ганц компани монополь тогтоож байгаа тал байгаа юм биш үү? -Шатахуун нийлүүлж буй компани хуулийн дагуу, тодорхой шалгуураар тодорсон байх. Тэгэхээр монопольдсон гэж ойлгох нь өрөөсгөл. Шатахуун импортлогчид Монголд өрсөлдөхүйц хэмжээнд байгаа гэж үзэж байна. Шатахууны зардал өндөр байгаа. ОХУ-ын экспортын татвар, зэх зээлийн үнэ, тээврийн зардал дээр авто тээврийн зардал нэмэгдэж онгоцонд очдог. Эдийн засгийн байдал ийм хүнд байхад шатахууны компаниуд ойлголцох зарчмаар ажиллаасай. Тэдэнд ашгаа бодолгүй бага өртгөөр шатахуун нийлүүлэх хүсэлт тавина. Эсвэл МИАТ компани өөрөө шатахуун импортлох боломж байгаа эсэхийг судалж үзэхээр төлөвлөсөн зүйл бий.

Эх сурвалж : Zaluu.com


URL: http://www.fact.mn/202712.html

Сэтгэгдэл бичих