Эрхтэн шилжүүлэн суулгасан 300 гаруй хүнийг төр “үх” гэсэнтэй ялгаагүй

527-142128850013052014-1399971334-457697301-surgery2Таны биед хэрэггүй эрхтэн байдаг уу. Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Нүд, чих, гар, хөл, элэг, бөөр…гээд хүний бүх л эрхтэн өөрт нь юу юунаас илүү чухал. Хамгийн гол нь тухайн хүн эрхтэн, эд эсээ цоо эрүүл л байлгах хэрэгтэй. Гэхдээ өвчин хэлж биш хийсч ирдэг жамтай. Тийм л учраас өвдсөн хүнийг буруутгах учиргүй. Тэр дундаа элэг, бөөр нь үрэвсч, эцсийн шатандаа орсон хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ордог. Аав, ээж, ах, дүү, хамаатан садангаас өөрт нь таарах донор олдсон тохиолдолд Монголдоо мэс засалд орох бүрэн боломжтой. Ийм тохиолдолд төлбөр мөнгө нь арай хямд. Тэдний үүрэх ачаа хөнгөхөн гэсэн үг. Харин донор таараагүй тохиолдолд гадны улсыг зорих шаардлагатай болдог. Мэдээж, хөгжингүй орон учир төлбөр өндөр байх нь ойлгомжтой.

Харж суугаад хэн нэгнийгээ өвчнөөр алдахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс боломжтой нэг нь банкнаас зээл авч, боломжгүй нэг нь хандив тусламж гуйж хэдэн төгрөг цуглуулан эрүүл болох зорилго өвөртлөн харийн улсыг зорьдог. Сүүлийн үед ийм дүр зураг бидний дунд оршиж байна. Учир нь, өвчин улам бүр залуужиж байгаа нь энэ. Ингээд эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс засал амжилттай болох нь эхний даваагаа давж байна гэсэн үг. Учир нь, хэн нэгэн хүний эрүүл эрхтэнийг суулгуулаад л эрүүл болдог юм биш. Насан туршдаа өдөр бүр дархлаа дарангуйлах гурван төрлийн эмийг зайлшгүй уух ёстой юм байна.

Яг үнэндээ тэдгээр эмийг уухгүй бол амиа алдана. Ийм л сонголт тэдний хоёр дахь даваа Давааны цаана даваа гэдэг шиг зүйл болох нь тэр. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн уух ёстой гурван төрлийн эммээс нэгийг нь буюу програф эмийг үнэгүй олгодог аж. Үлдсэн хоёр эмийг нь өөрсдөө авах ёстой. Байгаа бүхнээ зарж, хэдэн төгрөгтэй болж мэс засал хийлгэсэн хүмүүст энэ нь тийм ч амар даваа биш. Төрөөс үнэгүй олгодог эмийг хүссэн хүн бүр авах боломжгүй гэнэ.

Хагалгаанд орсноос хойш хэдэн жил хөөцөлдөн арай гэж тухайн эмийг авах эрхтэй болдог байна. Гэтэл энэ жил эдийн засгийн хямрал бүх нийтийг хамарсан учир төрийн удирдлагууд улсын байгууллагуудын төсвийг хасч батлахаар болсон. Энэ нь эрүүл мэндийн салбарт маш хүнд цохилт болж байгааг эмч нар хэлж байна. Эмнэлгүүдийн эмийн төсвийг бүр 50 хувиар танаснаас эмч, үйлчлүүлэгчдийн дунд багагүй маргаан үүсч эхэллээ.

Хассан төсвийнхөө шархыг нөхөхийн тулд эмнэлгүүд зарим шинжилгээ, үйлчилгээгээ төлбөртэй болгож байна гэсэн гомдол олны дунд газар аваад байна. Гэхдээ өнөөдөртөө эмнэлгүүд төсөв танасны уршгийг хараахан амсч эхлээгүй. Зөвхөн өнөө, маргаашдаа. Харин ганц хоёрхон сарын дараа эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хувь заяа хэрхэхийг хэн ч таашгүй. Эмийн төсвийг танаснаар энэ хүмүүс дөрөвдүгээр сараас хойш уух эмгүй болох аюул эрсдэл ойрхон байна. Энэ асуудалд толгой өвтгөн шаналж яваа нэгэн ээжийн сэтгэгдлийг хуваалцъя.

Түүний хүү Э.Ганзориг 2012 онд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Түүнд таарах донор олдоогүй учир ийн гадаад улсыг зорьсон байна. Тэнд очоод мэс засал амжилттай болсон. Мэс засалд орсноос хойш 2014 оныг хүртэл өөрсдийн мөнгөөр уух эмээ залгуулж байжээ. Тууштай хөөцөлдсөний эцэст өнгөрсөн онд төрөөс үнэгүй олгодог програф эмийг авах болсон. Гэсэн ч эмийн төсвийг танаснаас болж, уухгүй эмгүй болоход тулаад байгаа талаар түүний ээж учирлаж байлаа.

Иргэн Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД ЗАХИА БИЧНЭ

-Миний хүү 45-46 сая төгрөгөөр мэс засалд орсон. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дархлаа дарангуйлах буюу бөөрөө тогтоох гурван төрлийн эмийг хагалгааны дараа байнга уух ёстой. Төрөөс үнэгүй олгодог эмийг аваад дөнгөж долоо, найман сар болж байтал эмнэлгүүдийн эмийн төсвийг таналаа. Хүний эрүүл мэнд цаашлаад амь насыг улс орон нэгдүгээрт тавьдаг. Ийм байхад эрүүл мэндийн салбарынх тэр дундаа эмийнхээ төсвийг хасна гэдэг байж боломгүй.

Үлдсэн хоёр эмийг нь бид өөрсдийн мөнгөөр гадаадаас авч уудаг. Миний хүү сард 450-500 мянган төгрөгийн эм уудаг. Гадаадын орнууд тухайн гурван эмийг даатгалаасаа нөхөж олгодог юм билээ. Гэтэл манайд ийм тогтолцоо алга. Ядаж үнэгүй өгдөг ганц эмээ эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст хэл амгүй өгч болдоггүй юм байх даа. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдана гэдэг хэцүү. Салбарынхаа төсвийг боловсруулан танилцуулж, батлуулах ажлыг салбарын сайд мэдрэмжээрээ хийх хэрэгтэй. Тиймээс бид энэ асуудалд сайд ямар арга хэмжээ авахыг сайн мэдэхгүй байна.

Ямар ч байсан бөөр шилжүүлэн суулгуулсан иргэд сайдад захиа бичихээр төлөвлөж байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.ИТГЭЛ: ДАРХЛАА ДАРАНГУЙЛАХ ЭМ БИДНИЙ ХООЛ, ЦАЙ

-Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэд дархлаа дарангуйлах гурван төрлийн эмийг уудаг гэсэн. Тэдгээр эм үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ?

-Би гурван жилийн өмнө Солонгост хоёр удаа хагалгаанд орсон. Эхний хагалгаагаар миний хоёр бөөрийг авсан. Дараа нь надад донор бөөр суулгасан. Үүний дараа би програф, майрепт, метилион гэсэн гурван төрлийн эм насан туршдаа цагаар уудаг. Өглөө 08.00 цагт уусан бол орой 20.00 цагт ууна гэсэн үг. Ингэж байж суулгуулсан эрхтэн нь хэвийн байдаг. Эдгээр эмийг бөөр шилжүүлэн суулгуулснаас гадна элэг, чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс ч уудаг.  Миний хувьд жилд дөрвөн сая төгрөгийн эм уудаг.

-Эм уухаас гадна өөр төрлийн эмчилгээ хийлгэдэг үү?

-Цус болон антибодигийн шинжилгээ хийлгэдэг. Цусны шинжилгээг сар бүр даатгалынхаа дэвтрийг үзүүлээд үнэгүй өгдөг. Гэтэл гаднаас оруулж ирдэг эм урвалжаа авч чадахгүйд хүрч, бид шинжилгээгээ төлбөртэй өгөх болсон. Харин антибодигийн шинжилгээг манай улсад хийдэггүй. Эм урвалж нь маш өндөр үнэтэй. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс энэ шинжилгээг гадаад руу явж хийлгэдэг. Уг нь шинжилгээ хийх тоног төхөөрөмж, мэргэшсэн мэргэжилтнүүд нь байна.

Ерөөсөө л төсөв дээр гацдаг. Тиймээс эмнээс гадна шинжилгээний мөнгийг төсөвт тусгуулах шаардлагатай байна. Зовлон мэдэхгүй хүмүүс биднийг хараад эрүүл гэж боддог. Яг үнэндээ бид асар өндөр өртгөөр амьдарч байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 350 гаруй хүнээс 250 нь үнэгүй олгодог эмийг авч байна. Харин үлдсэн нь эмээ авч чадахгүй хүлээж байгаа. Бид эм уухгүй байж болохгүй харин хоол идэхгүй байж болно. Эм бол бидний хоол, цай л гэсэн үг. Шийдвэр гаргах төвшнийхөн, УИХ-ын гишүүд өөрсдөө болон тэдний ах дүү, хамаатан садан өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Тиймээс төсөвтөө анхаарал хандуулж, ард иргэдийг хохироохгүйгээр батлаасай.

-Нөхөн олговор авсан уу?

-Дотоодод мэс засал хийлгэсэн өвчтөнүүд хүмүүс нөхөн олговор авдаг. Харин гадаадад хийлгэсэнд нь сохор зоос ч олддоггүй. Учир нь, гадаадад зайлшгүй хийлгэх ёстой өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан. Түүн дотор бөөр шилжүүлэн суулгах мэс засал байхгүй. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагч гадаадад эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардлын 60 хүртэлх хувийг төр даана” гэсэн заалт байдаг. Үүний дагуу хөөцөлдөхөөр албан байгууллагын төсөв тусаагүй гээд олгоогүй.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүний төлөөлөл. Тэд төр, засгаас бэлэн мөнгө, байр, машин гуйсангүй. Зөвхөн дархлаа дарангуйлах эмийг л өгөхийг хүслээ. Тэдний утсан чинээ улаан амийг эм тогтоож байдаг гэдгийг тэд нуусангүй. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахаар нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорьсон юм. Биднийг очиход эмнэлэг нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.

Д.Нямсүрэн эмчийн өрөөнөөс олон хүн гарч ирж байв. Бодвол бөөр шилжүүлэн суулгуулах хүний ар гэрийнхэн бололтой. Тэр хүн хагалгаа хийлгэж, эрүүл болох гээд арга хайж байхад төрийн түшээд уудаг эмнийх нь төсвийг хасах талаар ярьж суух юм. Нэг ёсондоо нэг нь амьдрах гээд аргаа барж суухад нөгөө хэсэг нь үх гэсэнтэй адил шийдвэр гаргах гээд ч байгаа юм шиг. Ингээд тус эмнэлгийн Клиникийн зөвлөх эмч, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа.

Д.Нямсүрэн: ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ХҮМҮҮС ДӨРӨВДҮГЭЭР САР ГЭХЭД ЭМЧИЛГЭЭГҮЙ БОЛНО

-Эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг танахгүй гэж байгаад хассан. Тэр дундаа эмнэлгүүдийн эмийн төсвийг 50 хувиар танасан. Энэ нь танай эмнэлгийн хувьд хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ оны улсын төсвийг тун өрөвдөлтэй байдлаар батлах төлөвтэй байна. Бид 2.6 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байж дархлаа дарангуйлах эмчилгээг эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст хүргэнэ. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай биш. Ийм хэмжээний төсөвтэй бол оны эцэс гэхэд ямар ч байсан нохой амаар нь нийлүүлнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар 800 гаруй сая төгрөг тусгасан байна. Ийм байдлаар баталбал элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс дөрөвдүгээр сар гэхэд эмчилгээгүй болно.

Хатуу үнэнийг хэлэхэд “Чи нэгэнт өвдсөн учир үхнэ үү, байна уу өөрөө мэд” гэж байгаатай ялгаагүй болж байна. Тийм болохоор УИХ-ын болоод Засгийн газрын эрхэм гишүүд, холбогдох байгууллагын дарга нар ийм байдлаар битгий хандаасай. Өнөөдөр хэн ч, ямар өвчнөөр өвдөхийг хэлж мэдэхгүй. Тиймээс аливаа зүйлд нухацтай хандаж шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймдээ ч эмийн төсвийг бүрнээр нь батлаад өгөх болов уу гэж найдаж байна. Ард түмнийхээ эрүүл мэндээр тоглохгүй байлгүй дээ.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дархлаа дарангуйлах эмийг өдөр бүр уух шаардлагатай гэх юм. Өдөрт дунджаар хэдэн төгрөгийн эм уудаг вэ?

-Дархлаа дарангуйлах эмийг шинээр суулгуулсан эрхтнээ ондоошхоос урьдчилан сэргийлж уудаг юм. Тухайн хүн энэ эмийг уухгүй бол эрхтэн нь ондоошоод элэг, бөөрний дутагдлаар хорвоогийн мөнх бусыг үзнэ гэсэн үг. Дархлаа дарангуйлах эм нь 33-35 мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг төрөөс даадаг. Зөвхөн дархлаа дарангуйлах эм уухгүй.

Үүнээс гадна вирусээс урьдчилан сэргийлэх эм бас уух ёстой. Энэ нь сардаа 200-300 мянган төгрөг болдог. Ингээд бодохоор эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн сард ойролцоогоор сая гаруй төгрөгийн эм ууж байна. Ингэж байж Үндсэн хуулийн дагуу амьд явах эрхтэй болж байгаа юм. Элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд зориулсан дархлаа дарангуйлах эмчилгээний төсвийг бүрэн өгч чадахгүй бол тэдний элэг, бөөр рүү тийрч байгаатай ялгаагүй.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийдэг болоод долоо, найман жил болж байна. Энэ хугацаанд нийт хэчнээн хүнд бөөр шилжүүлэн суулгасан бэ?

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүн байдаг. Үүнээс 160 гаруй нь бөөр шилжүүлэн суулгуулсан. Эдгээр хүний 90 гаруйд нь Монголын эмч нар хагалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар арав гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. Өнгөрсөн жил 18 хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Харин энэ онд 20 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах санаатай байна. Гэхдээ төсөв танасан тохиолдолд энэ 20 хүнд хагалгаа хийх ямар ч боломжгүй болно. Он гарснаас хойш бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээгүй. Энэ долоо хоногт хоёр хүнд хийхээр бэлдэж байна.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийснээр эмчилгээний зардал гээд иргэдийн нуруун дээрх ачааг нэлээд хөнгөлж байна. Одоогоор энэхүү мэс заслыг хэдэн төгрөгт багтааж хийж байна вэ?

-Одоо бол 2006 онд баталсан тарифаар үйлчилж байна. Энэ бол маш бага буюу 12 сая орчим төгрөг. Үүнээс найман сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргадаг. Энэ ажлыг 2008 онд С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа хийсэн юм. Энэ бол эрхтэн шилжүүлэн суулгуулсан тэр дундаа бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд оруулсан маш том хөрөнгө оруулалт. Одоо цагт бөөр шилжүүлэн суулгах зах зээлийн бодит ханш нь 37.5 сая төгрөг. Үүнд тогтмол зардал орохгүй. Харин хөгжилтэй орнууд 50 мянган ам.доллараар бөөрийг шилжүүлэн суулгадаг. Сингапур, Солонгост бөөрийг 80-90 мянган ам доллараар шилжүүлэн суулгадаг.

-Эмнэлгүүдийн эмчилгээний зардал, эмийн төсвийг хасахгүйгээр эдийн засгийн хямралаас гарах боломж байгаа болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн төсвийг 23-24 тэрбум төгрөгөөр хассан. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний гурав хүрэхгүй хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд зарцуулах гэж байна. Энэ бол буруу. Хүн эрүүл байж улс хөгжих учиртай. Энэ утгаараа хамгийн багадаа дотоодын нийт бүтээгдэхүүний зургаагаас багагүй хувийг зарцуулах хэрэгтэй. Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад нэлээд мөнгө зарцуулах талаар ярьж байна.

Ийм тооны хүн амтай болоход асар их нөлөө үзүүлсэн түмэн олондоо боломж олгох хэрэгтэй. Тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн төсвийг танана гэдэг дэндүү эмгэнэлтэй. Өөр хасч, танах зүйл олон байна. Тухайлбал, малын арьс, ноос, ноолуурт өгдөг урамшуулал болон хогийн ногоон уутны төсөв зэргийг хасч болно шүү дээ.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ямар тохиолдолд хийх үү. Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Тухайн хүн бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон үед шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. Чихнээс нь булаг, хамраас нь нус, нүднээс нь нуух гоожиж, шүд нь цоорсон тохиолдолд маш сайн эмчилгээ хийлгэх ёстой. Хамгийн гол нь биеийнхээ аль нэг хэсэгт байгаа халдварын голомтыг л эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн зүгээс эрүүл ахуйн дэглэмийг сахих ёстой. Өөрөөр хэлбэл, зөв хооллож, хувцаслан, архи дарсаа тааруулж хэрэглэх нь зүйтэй.

Манай улс энэ сарын сүүлээр гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байна. Энэ тоо Монголын хүн ам өсч байгааг илтгэх хэдий ч нөгөө талаараа бид цөөхүүлээ шүү гэдгийг сануулж байх шиг. Бидний дунд эрхтэн шилжүүлэн суулгасан 300 гаруй хүн хөрстийн шороог хөдөлгөн ажиллаж, амьдарч явна. Тэд амьд явахын тулд дархлаа дарангуйлах эмийг зайлшгүй уух шаардлагатай. Түүнийгээ авахын тулд тэд ажиллаж, мөнгө олох хэрэгтэй. Тэдний амьдрал ийм байдлаар хүрд адил эргэлдэж байна. Гэтэл алгуурхан эргэж буй хүрд хэдхэн сарын дараа зогсонги байдалд орж магадгүй болжээ. Тэдний амьд явах хугацаа нэг ширхэг эмээр хэмжигдэж байна гэдгийг ойлгох хүн тун цөөн.

Тийм учраас уудаг эмнийх нь төсвийг хасах гэж байгаа биз. Хүн хэзээ ч өвдөж болно. Тиймээс амьддаа бие биөнээ хайрлая хүмүүсээ.

С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих