Ё.Лхагвасүрэн: Хувийн мэдээллээ алдсанаар 60 мянган доллараар хохирсон хүн бий
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан , цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Интернэт орчинд хохирсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад их бүртгэгдэх болсон. Өнгөрсөн онд ийм төрлийн хэчнээн гэмт хэргийг илрүүлсэн бэ. Кибер гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Цахим гэмт хэргийн хохирогч боллоо гэсэн гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдсэн. Одоогоор 64 гэмт хэргийг бүртгээд мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна. Үүнээс секс сүрдүүлгийн 39, луйврын дөрөв, гар утасны мессеж ашигласан хоёр, хортой код хэрэглэсэн хоёр, цахим шуудан ашиглаж бусдыг дарамталсан 10, оюуны өмчийг хууль бусаар ашигласан гурав, садар самуун сурталчилсан гурван төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим гэмт хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн.
-Нэгэн фэйсбүүк хэрэглэгч 1040 зураг, файл цуглуулж, бусдыг дарамталсан гэсэн мэдээлэл байна. Ер нь кибер гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?
-Интернэт орчинд буюу фэйсбүүкээр харилцаж, итгэлийг нь олж, нийт 1040 зураг файлыг цуглуулсан этгээдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байна. Бусдад мэдээлэл хэт дэлгэрэнгүй өгөх шаардлагагүй. Ямар хүнд өгч байгаадаа хяналт тавихгүй бол таны хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах тохиолдол ихэсч байна. Интернэт орчин нь гэмт хэрэг гарах магадлал өндөртэй. Иргэд фэйсбүүк, твиттер орчинд хэн нэгэнтэй харилцахдаа тухайн хүнийг сайтар судлах хэрэгтэй.
-Интернэтээр иргэдийн итгэлийг ашиглаж, их хэмжээний мөнгө авч байна. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
-Цахим шууданг ашиглан иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, итгэл үнэмшлийг нь төрүүлж, залилсан тохиолдол гарсан. Дээд тал нь 60 гаруй мянган ам.долларын хохирол амссан хүн байна. Хохирогчид нь гол төлөв гадаад улсын иргэд байдаг. Тэгэхээр иргэд анхааралтай байх шаардлагатай. Мөн танай байгууллага гадаад худалдаа эрхэлдэг, гадны аль нэг байгууллагатай цахим шуудангаар харилцан төлбөр мөнгө шилжүүлдэг бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд, цахим шуудан илгээж буй и-мэйл хаягийг шалгах, цахимаар ирсэн банкны нэр, дансны дугаар байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар нь холбогдож, тулгалт хийх, цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх шаардлагатай юм.
-Хохирсон иргэд залилуулсан мөнгөө буцааж авч чаддаг уу. Эсвэл хохироод үлдэх нь элбэг үү. Залилагчдын дийлэнх нь гадаадын иргэд байна гэдэг?
-Мөнгөө буцааж авсан тохиолдол одоогоор байхгүй. Учир нь залилагчдын дийлэнх нь гадаадын иргэн байдаг. Тиймдээ ч хаа байгааг тогтоож тухайн улсын цагдаа хуулийн байгууллагад хандан “Хуулийн хүрээнд шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт явуулдаг. Мөн Интерполоор эрэн сурвалжилдаг.
-Олон улсын судалгааг харахад интернэт орчинд бага насны хүүхэд хохирогч болдог гэдэг. Манай улсад ямар байна вэ?
-Фэйсбүүкийг монголчууд өдрийн тэмдэглэл шиг хэрэглэдэг болсон. Насны хязгаар гэж байдаггүй. Насанд хүрээгүй хүүхдүүдийг интернэт орчноос ямар мэдээлэл авч байна гэдэгт эцэг, эхчүүд анхаарал хандуулах ёстой. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ интернэтэд орохыг нь хориглодог. Энэ бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хүүхэд гэртээ интернэт хэрэглэхгүй ч өөр газраас орж мэдээлэл авах бүрэн боломжтой байдаг. Тиймээс эцэг эхчүүд цахим гэмт хэргийн сөрөг үр дагаврыг хүүхдүүддээ сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн та болон хүүхэд чинь фэйс бүүкт хэчнээн найзтай, хэдийг нь таньдаг гэдэгт анхаарал хандуул. Тухайн найзууд дотор гэмт хэрэг үйлддэг этгээд байгаа юм биш биз.
-Танайх кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэ дээллийн хэрэгслээр сэрэмжлүүлдэг. Цагдаагийн байгууллагаас секс төрлийн болон бусад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр энэ талын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан авах хэрэгтэй. Иргэд интернэтийг хэрхэн ашиглах талаар мэдлэггүй учраас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирох хандлага их байна.
-Интернэтийг идэвхтэй ашигладаг хэчнээн хүн байдаг вэ?
-800 гаруй иргэн интернэтээс өдөр тутам мэдээлэл авдаг гэсэн судалгаа гарсан. Нэг хэрэглэгчийн цаана гурван хүн байдаг. Тэгэхээр Монгол Улсын хүн амын тал хувь нь интернэт хэрэглэдэг байгаа юм.
БАРИМТ1
-Хөвсгөл аймгийн иргэн А 7500 ам.доллараа хэнийг нь ч мэдэхгүй гадаадын иргэн рүү шилжүүлсэн байна. А их хэмжээний мөнгө хожсон гэж хууртсанаасаа болж банкнаас цалингийн зээл аваад гадаадын иргэний дансан руу мөнгө хийжээ. Залилагчид нь Их Британийн иргэн байсан бөгөөд Монголын ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан дээрх иргэний гомдлын дагуу мөнгийг нь олж өгөхөөр Интерполоор гэмт этгээдийг эрэн хайж эхэлжээ. Их Британийн иргэн А-тай холбоо тогтоож итгэлийг нь олоод, эхлээд мөнгө хожсон хэмээн татварт 2000 ам.доллар, дараа нь аюулгүй хүргэж өгөх зардалд 5500 ам.доллар хэмээн нийтдээ 7500 ам.доллар залилжээ.
БАРИМТ2
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн Б гэгч нь бусадтай харилцаж, итгэлийг нь олж авчээ. Улмаар тухайн хүний хувийн мэдээлэл болон зургийг олж авч ашигласан хэрэг цагдаагийн газар бүртгэгдсэн аж. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалган шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зураг цуглуулсан байсныг олж тогтоон хэргийг шалгаж байна.
БАРИМТ3
-2014 оны зургадугаар сард хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, садар самуун уруу татаж байсан Ч гэгчийг цагдаагийн алба хаагчид баривчилсан байдаг. Тэрбээр ганцаардсан болон эцэг, эхийн хараа хяналт сул охидыг судалж, танилцах хүсэлт илгээдэг байжээ. Дараа нь охидыг садар самуун үйлдэлд уруу татаж, нүцгэн зургаа авч явуулахыг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтад оруулдаг байжээ. Хамгийн сүүлд 16 нас хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт, шахалтад оруулаад байхад нь цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчлан саатуулсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
БАРИМТ4
-18-21 насны хоёр бүсгүй Монголын томоохон бизнесмэн, улстөрчдөөс эхлээд 9911-тэй дугаартай томчууд руу утас цохиж, элдэв мессеж илгээдэг байжээ. Энэ нь явсаар гэмт хэргийн шинжтэй болж, шүүхээс Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл буюу Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж тус бүрт нь таван жилийн хорих ял оноожээ.
БАРИМТ 5
Үндэсний Дата төвд сервер нь байрладаг Монгол Улсын бүхий л сайт өнгөрсөн оны наймдугаар сард кибер халдлагад өртөж, түр ажиллагаагүй болж байлаа.
URL: