Уул уурхайн орон болох эхлэлийг тавина
УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд баталсан отгон шийдвэрүүдийн нэг нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2013-2014 оны төсөөллийг батлах тухай тогтоол байсан юм. Түүгээр Монгол Улсын өрсөлдөх чадварын өнөөгийн байдалд дүгнэлт өгчээ. Засгийн газраас баталсан орон нутгийн хөгжлийн индексийг аймгуудаар тооцож үзэн шинжилгээ хийхэд дэд бүтэц, зам харилцаа, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг гол гол үзүүлэлт доогуур гарсан нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг үндсэн чиглэлд тусгасан байна. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2012 онд 3604,1 ам.доллар байхаар төсөөлөгджээ. Хэрэв үүндээ хүрч чадвал Монгол Улс үр нөлөөнд суурилсан орнуудын эгнээнд дэвшин орох магадлал байгаа аж. Энэ чиглэлийн дэлхийн хэмжээний тайлан судалгаагаар бол Монгол Улс 2010-2011 онд 3,7 оноогоор 139 орноос 99-дүгээрт оржээ. Төсвийн тогтвортой байдал сайжирсан, инфляц буурсан, үндэсний мөнгөн хадгаламжийн хэмжээ өссөн зэрэг макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 4,9 нэгж болж эрс дээшилсэн нь Монгол Улсын өрсөлдөх чадвар тодорхой хэмжээгээр дээшлэхэд нөлөөлсөн байна.
Монголд хүн амын цонх үе таараад буйг сүүлийн жилүүдэд судлаачид хэлэх болсон. Хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр төвшинд байхыг ийнхүү нэрлэдэг. Тэгвэл Монголын хөдөлмөрийн насны хүн ам 2012-2014 онд жилд дунджаар гурван хувь өсөхөөр байгаа аж. Мөн эдийн засгийн идэвхтэй хүн ам жилд дунджаар найман хувь өсч ажилгүй иргэдийн тоо таван хувь буурахаар төсөөлөлд тусгагджээ. Гэхдээ ажилгүйчүүдийн тоо нэлээд байх нь үндсэн чиглэлээс харагдаж байгаа юм. Тэдний тоо 2012-2014 онд 34-35 мянга орчим байх бололтой.
Үндсэн чиглэлээс харвал төсөөлөлд тусгасан ойрын жилүүдэд Монгол Улс хөдөө аж ахуйгаас уул уурхайн орон болох эхлэлийг тавих ажээ. Хойтон жилийн сүүлийн хагас гэхэд Оюутолгойн зэс-алтны цогцолбор ашиглалтад орж, Тавантолгой-Сайншандын төмөр замын ажил шуударч эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор үндсэн ба туслах ажилтны тоо тэдгээр салбарт эрс нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрс, кокс, химийн цогцолборууд баригдах тул тэдгээрт ажлын байр нэлээд өсөх хандлага гарчээ. Гагцхүү тэдгээрт таарах мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин шаардагдах тул ажилгүй хүн болгоныг аваад байна гэсэн үг хараахан биш. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг 2012 онд 50, 2013 онд 25, 2014 онд 24 хувиар өсөхөөр үндсэн чиглэлд тусгаад байна. Боловсруулаагүй газрын тосны экспорт 2012-2014 онд 2,7-4,8 сая баррельд хүрэх ажээ. Энэ жилүүдэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг босгож цаашлаад Өмнөговь, Чойр, Дархан-Сэлэнгийн бүсэд цогцолбор байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр болжээ.
Ухаахудагийн нүүрс угаах үйлдвэр, орон нутгийн чанартай цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулж 2012 оноос бүрэн хүчин чадлаар ашиглахаар тусгаад байгаа. Уран олборлолтыг эрчимжүүлж цөмийн эрчим хүч хөгжүүлэх үүд хаалгыг төсөөлөлд хамруулсан жилүүдэд нээхээр төлөвлөжээ. Ураны Хараат, Хайрханы ордуудаас хүдэр олборлох, боловсруулах ажлыг 2014 оноос эхлүүлж Гурванбулаг, Дорнод ордын олборлолтын ажлыг эхлүүлэн боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах асуудлыг шийдвэрлэнэ гэж үндсэн чиглэлд тусгаад байна. Дулаан-Уул төслийн олборлолт, боловсруулалтын бүтээн байгуулалтын ажлыг 2013-2014 онд багтаан хэрэгжүүлэхээр тооцжээ. Цагааннуур, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг ч эрчимжүүлэхээр боллоо. Цөмийн эрчим хүчний станц барих чиглэлийн судалгааны ажлыг гүйцэтгэхээр мөн төлөвлөсөн байна.
Мөн ирэх онуудад орон зайн суурь мэдээллийн сан, түүнд суурилсан хаягжилтын нэгдсэн системтэй болно гэж төлөвлөжээ. Монголчууд өнөөг хүртэл нүүдэлчин явсан заншлаа хаяж чадахгүй, хаяг гэдгийг хэрэглэлгүй явж ирсэн гэж хэлж болно. “Төв шуудангийн ард”, “Урт цагааны зүүн үзүүрт” гэхчлэн орон зайгаа баримжаалсаар ирсэн. Хаягийг компьютерийн системд хамруулах нэгдсэн стандартгүй явж ирсэн гэсэн үг. Орон зайн суурь мэдээллийн сантай болсноор бусад орны жишгээр жинхэнэ хаяг гэдгийг нэвтрүүлж нарийвчилсан байршлыг тогтоосон санг бүрдүүлэх аж.
Батлан хамгаалах салбарт ч тодорхой чиглэл тавиад байна. Анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр офицер илгээснээс хойш өнөөг хүртэл гурван тивийн 10 улсад монгол дайчид НҮБ-ын болон олон улсын энхийн үйлсэд зүтгэж байна. Энэ хугацаанд нийт 4700 офицер, дайчид энэ үйлсэд оролцож алба хаажээ. Цаашдаа ч түүнд оролцох дадлага туршлагатай цэргийн албан хаагч бэлтгэх шаардлагатай юм байна.
Нефть бүтээгдэхүүний хомсдолд үе үе орохгүйн тулд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Зүүнбаян, Чойбалсанд газрын тос боловсруулах бага оврын, Дарханд том оврын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Мөн Улаанбаатар, Замын-Үүдэд зорчигч тээврийн автовокзал барих ажлыг үргэлжлүүлэх, Замын-Үүд, Улаанбаатарт холимог тээврийн ачааны терминал, ложистик төв байгуулах ажлыг үргэлжлүүлэх юм байна. Төв аймгийн Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудлын дэд бүтэц байгуулах, Улаанбаатарт цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэр барих, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам барих бэлтгэл ажлыг хангах, Тавантолгойн Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмаөр замын суурь бүтэц барих ажлыг эдгээр он жилүүдэд эхлүүлэхээр болоод байна. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ч эхлүүлэхээр мөн тооцжээ.
Энэ бүгдээс харвал өмнөх жилүүд шиг тэр сум руу цахилгааны шугам татна, тийм багийн сургуулийн дээврийн цоорхойг нөхнө гэсэн аар саар зүйлийг энэ удаа тусгасангүй. Гэвч тухайн оны төсөвт дээрх ажлууд хэрхэн суух нь одоогоор тодорхойгүй. Ямартаа ч хаврын чуулганы төгсгөлд баталсан төсвийн үндсэн чиглэлд том бүтээн байгуулалт эхлүүлж уул уурхайн орон болох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр батлаад байна. Харин баталсан үндсэн чиглэлд Ерөнхийлөгч хуулийн дагуу ажлын 14 хоногт багтаан хориг тавих эсэхээ шийдвэрлэнэ. Үүний дараа Үндсэн чиглэл бүрэн утгаараа батлагдах юм.
Д.Оюунцэцэг /тоймч/
URL: