Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нарын цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ
Малайзын Холбооны улсын Дээд шүүх Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр цагдаад холбогдох хэргийг өчигдөр эцэслэн шийдвэрлэжээ. Хэргийг тодруулбал, Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар 2006 онд 28 настай загвар өмсөгч Ш.Алтантуяагийн онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонсчээ. Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүд Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд юм.
Өмнө нь 2009 онд анхан шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Н.Батаагаас хэргийн талаар тодруулахад, “Бангкок дахь Элчин сайдын яаманд Малайз улс хамаардаг.
Монгол Улсаас Тайландын Бангкокт суугаа Элчин сайд Ч.Баттөмөр холбогдож, шүүх хурал болсон талаар мэдээлсэн. Анхан шатны шүүхээс хоёр цагдаад цаазаар авах ял оноосон. Энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс нь хэрэгсэхгүй болгож хоёр хүнийг сулласан байдаг. Өнөөдөр болсон шүүх хурал бол Холбооны Дээд шүүхийн буюу хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг хуралдаан юм. Энэ хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэр буюу цаазаар авах ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн” гэв.
С.ХОРЛОO
URL: