Хамгаалах бүс, хамгаалах суудал таны хайртай хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа юм
2015 оны эхний хагас сарын байдлаар зам тээврийн осолд нийт 21 хүүхэд өртөж, 2 хүүхэд нас барж 19 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна .Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 17 нь сургуулийн өмнөх насны, сургуулийн насны 3 хүүхэд явган болон тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ бэртсэн байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, эцэг эхчүүд хамгаалах бүс, хамгаалах суудлыг цагдаагаар шаардуулж, арга хэмжээ авахуулахаас сэргийлж, цагдаагийн нүдийг хуурах байдлаар хэрэглэдэг нь өөрсдийгөө болон хайртай үрсээ аюулд учруулж байгаа хэрэг юм. СаяханСүхбаатар дүүргийн нутагт “Исузу” маркийн автомашинд 1.5 настай хүүхэд дайруулж, амь нас нь хохирсон ноцтой хэрэг гарсан. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдээ хаана, хэнтэй яваа, хэрхэн замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар байнга анхаарал тавьж, хэлж зөвлөн, өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: