94 ширхэг “iPhone 6” утсыг нууцаар хил нэвтрүүлэх гэж байжээ
Хонконгийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд нэгэн гайхмаар хэргийг илрүүлсэн байна. Хонконгийн нэгэн эр 94 ширхэг “iPhone 6” гар утсыг биедээ нууж, Хятадын хилээр нэвтрэх гэж байгаад баригджээ.
Тэрбээр эдгээр гар утсыг хувцас дотроо наалддаг туузаар бэхэлсэн байв. Энэ хэргийн тухай онлайн ертөнцөд, “Хонконгийн иргэн “Apple” компанийг өмсөх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүлээж тэвчихгүй, “iPhone 6” утсуудаар супер хувцас хийж өмссөн байна” гэсэн тайлбартайгаар түүний зургийг постолжээ.
“iPhone 6” гар утсыг БНХАУ-д 2014 оны аравдугаар сараас эхлэн худалдаалж эхэлсэн. Хаффингтон постод мэдээлснээр энэ эрийн гар цүнхнээс ямар ч сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд тэрбээр шалган нэвтрүүлэхээр өнгөрөн явахдаа “ихэд ер бусын, хөшүүн” алхаж байжээ. Түүний энэ байдлыг харсан ажилтнууд биед нь ямар нэгэн зүйл байгааг ойлгож дахин шалгасны дүнд хэргийг илрүүлжээ. Түүний биедээ нуусан утаснууд нийтдээ 50 мянга гаруй ам.долларын үнэ хүрэх юм.
URL: