Хүнд хүн л хэрэгтэй, төрд бүр ч хэрэгтэй

4514Хүнд хүн л хэрэгтэй байдаг. Ядарсан цагт түшиж тулах хүн хажууд байна гэдэг сайхан. Монголчуудын хувьд нүүдэлчин ард түмэн болохоор талын нэг тархан суудагтаа ч тэр үү энэ хорвоод хамгийн эрхэмд хүн байх бөгөөд түүний дараа бусад зүйлс ордог. Тиймээс ч хүний амийг хорооход ямар ч өштөн дайсан нь байлаа ч хүндэтгэх шалтгаангүй бол үл хороох ёс зүй тал нутагт үйлчилдэг байлаа. Хүн гэдэг монголчуудын хувьд бурханы бэлэг, хүний заяанд тэр дундаа монгол хүн болж төрнө гэдэг бурхадад ч олдохгүй хувь тавилан хэмээн дээдлэх.

Гэтэл одоо энэ бүхэн харин эсэргээр эргэж, монгол хүн болж төрсөндөө бухимдах, гомдох, эргэлзэх нь ихэслээ. Эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, аюултайн зэрэглэлд багтаж, өглөө гэрээсээ гарсан хүн орой гэртээ амьд эргэж ирэх баталгаагүй болжээ. Таньд амьд явах баталгаа байхгүй. Түүнийг хариуцах ёстой төр нь төрд зүтгэж буй хүмүүсийнхээ л амь насыг батлан дааж, бусдыг нь хөсөрт орхисон мэт дүлий дүмбэ оргино.

Нийслэлийн утаа гамшигийн байдалд хүрч, томуу, томуу төст өвчиний тархалт хяналтаас гарах дөхөөд байна. Улс орны эдийн засаг дордох тусам ард түмнээс авах татвар улам л нэмэгдэх болов. Жирийн иргэдийн амь зуулга болсон “Prius” маркийн автомашинаас авах татварын хэмжээг нэмэхээр шийдэв. Ард түмэн зарлагаа багасгаж болохгүй гэснээс энэ нь огт өөрцгүй сонсогдох. Эхчүүдэд олгох мөнгийг танахаар шийдэв. Үр хүүхэд төрүүлж өсгөсөн буян хэмээн жилдээ нэг баярлаж, төрдөө сүсэглэдэг сэтгэл зүрхийг нь харлуулав. Төрд хүн хэрэггүй гэх нь холгүй аашлах төрийн үйл ажиллагаа жирийн иргэдээ тамирдуулахад л хамаг эд эсээ төвлөрүүлээд байх шиг. Хүнд хүн хэрэгтэй. Төрд бүр ч хэрэгтэй.

Хүний амь нас, хувь тавилан гэдэг хамгийн үнэт зүйл хэмээн шүтдэг монгол түмний ухагдахуун хөсөр хаягдав. Талын уудамд айлсан аж төрөх нүүдэлчин монголчууд ямарваа нэгэн эрсдэл, аюул тохиолдоход хамгийн түрүүнд хүнээ дээдэлж, нэг хүний амь, амьдрал улс орны ирээдүй хэмээн үздэг байсан цаг саяхан. Хүн, хүндээ нөмөр нөөлөг, илч гэрэл, итгэл найдвар, хөгжил дэвшил, хайр, хүсэл мөрөөдөл, амьдрах урам зориг болдог. Хүн хүнээ бараадаж амьдардаг. Хүн бүхэн уг гарвал, удам угсаа, соёл, эх нутаг, эх орноороо нэгдэж, төр улсаа байгуулдаг. Төрийн үндэс газар шороо, ард түмэн. Төрд хэрэггүй нэг ч хүн үгүй.

Ард түмэн нь баян, чадварлаг, эдийн засгийн хувьд хүчирхэг байвал төр улс нь хүчирхэг байдаг. Хэрэв энэ үнэн бол ард түмнээ баяжигтун хэмээн уриалах төр л өнөөдрийн эдийн засгийн хямралыг даван туулах гарц биш гэж үү.

 

Д.Лхагва-Очир


URL:

Сэтгэгдэл бичих