УЛААНБААТАР хот бол “НИНЖА”-ийн СУРГУУЛЬ юм

uls_54b4a5c585d8b_1Эх оронтойгоо би дэндүү адилхаан… гээд сайхан дуу байдаг даа. Тэрүүн лугаа адил миний эх орны нийслэл Улаанбаатар хот минь яг л нинжагийн сургууль шиг санагдах нь элбэг боллоо. Нэг үгээр НИНЖА хот юм уу даа.
Бид нарыг бага байхад нинжатай кино их гардаг байсандаа. Усны цэнхэр нинжа усан дотроос, ногоон нинжа модон дээрээс, бор нинжа газар доороос гарч ирээд л утаа хаяад, од шидээд, харанхуйд мэдэгдэхгүй яваад хэнээс ч айхгүй дайраад л будаа болгоно шүү дээ. Сүртэй сүртэй.
Яг үүн шиг манай Улаанбаатар өвөлдөө утаа хаяад л алга болчихно. Ямар сайндаа л саяхан би Баянхошууны хойд замаар явж байхдаа утаанд нуугдсан шатахуун түгээх газаруудыг олж харахгүй явсаар байгаад бензингүй суухав дээ.
Хавар, намартаа бол шороо шуураад мэргэжлийн нинжа ч төөрч будилхаар болчихдог гэж байгаа.
За тэгээд гэр хорооллууд бол ихэвчлэн харанхуйн бэлтгэл, тэнцвэрийн бэлтгэлд зориулагдана. Бас ямар ч хаяггүйгээр очих газраа олох, араатан амьтнаас биеэ хамгаалах гэдэг мундаг эрдэмд сургана шүү дээ. Яаж гэж үү? Та нар бод л доо. Тэр олон хашаан дунд ёлтойх ч гэрэлгүй гудмаар хэн нэгнийг мөргөхгүй бас дээр нь гудамжинд асгасан шалбааг болон шээсэн дээр халтирахгүй явж сурна гэдэг бол НИНЖА-ийн л хийж чадах зүйл бас мэдээж хаяг, тэмдэглэгээгүй Улаанбаатарт мэргэшсэн нөхөд л очих газраа олж хаанаас ч хамаагүй гарч ирж дайрах нохойноос биеэ хамгаалж чаддаг болно.
Барилгын ид ажлын үед бол зургаа дахь за бүүр долоо дахь мэдэрхүйгээ ашиглаж гэмээ нь амьд үлдэнэ. Хэзээ ч, хаанаас ч, юу ч нисэн ирж мэднэ. Хурд болон аюул тарих чадвар нь бол нинжагийн од модноос хавьгүй илүү тэр зүйлсээс бултаж чадна гэдэг бол бараг нинжагийн академид Доктор хамгаалсан хүний хийж чадах эрдэм билээ.
Хот дотор машин барьж явах бол бас л өндөр шалгуур даа бултах, сэтгэх, тооцоолох, уураа барих, нойроо дийлэх гэх мэт бүх зүйлсийг сургана. Дээр нь ямар нэг осол гарсан тохиолдолд гардан тулаанд бэлэн байхыг ч шаарддагыг та бүхэн мэдэх билээ. Бас нэг гайхалтай чадвар суулгадаг зүйл бол замын халтиргаа. Түүнээс ч мундаг нинжа нар ч атаархам чадвар манай жолооч нарт байгаа. Тэр нь холын гэрэл өөдөөс тусч байхуй дор баримжаагаар юм уу, далд ухамсраараа чиг барьж явах чадвар билээ.
Жолоочоос ч илүү эрдмийг эзэмшсэн хүмүүс бол явган зорчигчид. Хурдтай машаанаас бултах, сүлжиж зам гарах, замаас цацагдах уснаас бултах, энд тэндгүй тогтох далай мэт усан дээгүүр живэлгүй гүйх, шинэ шинээр баригдах хашаан дундуур төөрөлгүй явах гэх мэтийг төгс эзэмшиж олимпийн хөдөлгөөний veni, vidi, vici-г төгс эзэмшсэн хүмүүс болж бэлтгэгддэг юм.
Автобусанд явах бол жинхэнэ биеийн хүчний бэлтгэл хийгээд сонор сэрэмжийн туйлд хүргэх нэг сургууль юм. Шахалдахуй дор амьсгаагаа жигд авч ухаан алдахгүй байх, нинжа нараас ч сэм гэтэх хулгайчдаас эд зүйлсээ хамгаалах, огцом зогсолт, эргэлтийн үед тэнцвэрээ олохыг тэр болгон нинжанууд эзэмшсэн байх нь юу л бол.
Мэдээж бусад улсад тэр болгон эзэмших боломжгүй нэг ТОМООХОН чадвар бол хоронд тэсвэртэй болох чадвар. Хорт утаа, аюултай хүнс, зэвтэй ус, асар их спиртэн далай гэх мэт зүйлд тэсвэртэй болсон Улаанбаатарчуудыг ХАРХ-тай ч зүйрлэсэн болохоор юм. Ямар нинжа ийм төгс билээ дээ.
За ингээд бичээд байвал олон зүйлс байгаа боловч “нийслэлийн нууц” задруулсан хэрэгт орох магадлал байгаа тул ингэсгээд өндөрлөе!
Дэлхийд байхгүй өндөр хэмжээнд хүрсэн сургалттай “Улаанбаатар хотын НИНЖА-гийн сургууль” мандтугай.
Дэлхийн энх тайвны төлөө /бидний үр хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө/ тун удахгүй энэ сургууль хаагдах болтугай.
Хүндэтгэсэн Анжигай.Г


URL:

Нэр: бббб Огноо: 14 January 2015

яг л үнэн байна

Сэтгэгдэл бичих