Монголын шүүх засаглал 2 толгойтой болжээ
Монгол Улсын шүүх засаглалд итгэх хэрэг байна уу. Үндсэн хуулинд албан ёсоор тунхагласан гуравдагч засаглалын эрх үүргийг нь энэ субъектээс булаан авахгүй ч буцааж авах зүй ёсны шаардлага байгаа гэдгийг тэд та бидний өмнө өөрсдөө нотлов. Яг л “Шүүх засаглал бол хийрхэл, хэнээрхлийн талбар” гэж тодорхойлмоор. Учир нь Монголын шүүх засаглал эцэг хууль хэмээн нэрийдсэн Үндсэн хуулийн хэм хэмжээг илтэд зөрчиж, улмаар өнөө, маргааш хоёрын дундуур эсрэг, тэсрэг шийдвэр гарган тоглож байна. Ичмээр, бас элэглэн шоолохгүй байхын аргагүйгээр… Энэ бол Ардын нам хийгээд МАХН-ын хооронд өрнүүлсэн маргаан дээр үүдсэн инээдмийн жүжиг. Улс төрийн карьераа булаалдан хоёр тал өөр хоорондоо хэр хугацаанд хэрхэн маргаж мэтгэлцэх нь хамаагүй. Энэ нь тэдний эрх ашиг учраас тэд асуудлаа Монголын ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэхгүй, бас шүүх засаглалыг инээдмийн жүжгийн нэг дүр болгохгүйгээр шийдэх ёстой. Гэтэл шүүх засаглал тэдний маргаан дунд гүйгээд орчих нь тэр. Үүнд хэн буруутай вэ. Улс төр үү. Аль эсвэл хараат бус байх үүрэг хүлээж, бие даагч шударга ёсны бэлгэ тэмдэг байх ёстой шүүх засаглал уу. Энэ хоёр асуултад яаж ч бодсон хоёрдогчийг нь сонгохоос өөр аргагүй. Яагаад гэхээр шүүхийг ард иргэд шүүх гэдгээр нь харж байгаа болохоос бус хоёр намын хуулийн хэлтэс гэж харахгүй байгаа. Тодруулбал, хэзээ ч ингэж харахгүй. Бас бодохгүй.
Гэсэн ч тэд ийн бодоход хүргэв. Шалтгаан нь дараах үндэслэлээр тайлбарлагдана. Тэр нь Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дахь заалт. Утга нь “Энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүд болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэх өгүүлбэр. Үндсэн хуулийн Цэц энэхүү заалтын эргэн тойронд өрнөсөн маргааныг хэлэлцээд “Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 нь Үндсэн хууль зөрчөөгүй. Бусдын эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчөөгүй” гэдэг шийдвэр гаргасан. Үүнийг Ардын намынхан “Бид ялав” хэмээн хүлээж авсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлж буй МАХН-ынхан уг заалтыг “Үндсэн хууль зөрчиж, хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан зүйл, заалт” гэж үзсэн болохоор арга ч үгүй. Гэхдээ “МАХН гэсэн нэрийг Ардын нам эзэмших үү. Эсвэл Н.Энхбаяр энэ нэрээр шинэ нам байгуулж болох уу” гэдэгт Улсын Дээд шүүх эцсийн хариуг өгөх үүрэгтэй үлдсэн юм. Ингэж шилжүүлэх хуулийн заалт Үндсэн хуульд бий учраас Дээд шүүх “Хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу асуудлыг эцэслэн шийдэх үүрэгтэй үлдсэн нь энэ. Улмаар Дээд шүүх “Монголын улс төрд МАХН гэсэн шинэ улс төрийн хүчин үйл ажиллагаа явуулах эрхтэй” гэх шийдвэр гаргаж, батламжийг нь гардуулав. Эл шийдвэрт урамшсан МАХН-ын нөхөд Онц их хуралдайгаа зохион байгуулж, улс төрийн амьдралд идэвхи зүтгэлтэй оролцохын зэрэгцээ “Ардын нам бидний саналыг хүлээж авбал нэгдэхгүй гэх газаргүй” гэсэн огцом хариултаар олныг гайхшруулах нь тэр. Н.Энхбаяр ийнхүү МАХН нэрээ авч “Монголын шүүх засаглал шударга байгаа юм байна. Одоо л мэдлээ” хэмээн дуу алдахтай зэрэгцээд Сүхбаатар дүүргийн шүүх тэдний дээр “аянга” буулгаж орхисныг бид мэднэ.
Наадмын өмнөх баасан гарагт Сүхбаатар дүүргийн шүүх “Монгол Ардын намаас өөр этгээд Монгол ардын хувьсгалт нам гэсэн уг намын хуучин нэр болон бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Наадмын гоёл, наадмын хуушуурын тухай яриа хавтгайрахтай зэрэгцээд ийн шийдсэн нь гайхмаар. Сүхбаатар дүүргийн шүүхийнхэн арай Үндсэн хуульд “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэдэг заалт байдгийг мартчихсан юм биш байгаа даа.
Гэхдээ энд залруулж болох нэг өнцөг бий. Тэр нь нэг утгатай, хоёр өөр нэхэмжлэхийг цаг хугацааны хувьд ээлж дараалан өгсөн бол шат, шатны шүүхээр хэдэн ч удаа хэлэлцэж болдог байж болох тайлбар юм. Нэг ёсны Дээд шүүхийн шийдвэр гартал энэ маргаан шат, шатны шүүхээр дамжиж, улмаар Үндсэн хуулийн Цэцээс Дээд шүүх рүү эргэсэн. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийг дамжсан маргаан болж өрнөвөл асуудал арай шударга харагдаж магадгүй. Гэхдээ нэг агуулгад эргэлдсэн маргааныг хоёр өөрөөр шийднэ гэдэг бол Монголын шүүх засаглалын тулах цэг нэг бус, нэлээд хэд, цаашлаад эрх ашгийн эрэмбэ дараа нь алдагдсан гэдгийг баталж буй хэрэг.
Товчхондоо “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн хэлц нь өдгөө Монголын шүүх засаглалд тохирох мэт. Шүүх засаглал булингартай байхад эрүүл саруул нийгмийн тухай ярих ч хэрэггүй биз. Гол нь шүүх засаглалыг томилдог улс төрийн “урт гар” ийнхүү бүхэл бүтэн институцийг үнэгүйдүүлэх шалтгаан болж буй нь харамсалтай. Хаа нэгтээгээс нэгэн шударга иргэн “Монголын шүүх хоёр толгойтой болжээ” хэмээн дуу алдвал бүү гайхаарай.
Г.ОТГОНЖАРГАЛ
Эх Сурвалж: “Улс төрийн тойм” сонин
URL: